Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Улс төр тэр дундаа эрх баригч хүчнийхэн өнгөрөгч долоо хоногт шившгээ дэлгэлээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал өргөн барьснаас эхлэлтэй энэ асуудал хэдэн өдөр дамжин МАН-ыг  талцуулахад  хүргэв. Энэ мэт улстөр болон нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллана

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг бүтэн өдөржин хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт  байнгын хороо У.Хүрэлсүхийг огцруулах шийдвэр гаргасан байсан юм. Харин чуулганы хуралдааны төгсгөлд байнгын хорооны хорооны санал дүгнэлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 45.3 хувийн санал нь огцруулах саналыг дэмжиж, олонх нь Ерөнхий сайдыг огцруулахыг  дэмжсэнгүй. Ингэснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

Улс тунхагласаны  94 жилийн ойн тэмдэглэлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдөр даваа гарагт тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан төр, засгийн тэргүүнүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Харин уг баярын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсонгүй нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэл дагуулж байв.

Баруун аймгууд цахилгаангүй болов

 Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарсан. Эвдрэл гэмтлийг арилгах, шинээр тулгуур багана босгохоор Эрчим хүчний яам, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн нийт 173 ажилтан, 23 техник хэрэгсэлтэйгээр ажилласан хоёр тулгуур баганыг босгож, хэвийн үйл ажиллагаанд оруулсан юм.

 Улмаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргалаа.

Хотын дарга огцрох өргөдлөө өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнгөрөгч долоо хоногт хүргүүллээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналын дагуу С.Батболдыг албан тушаалаас нь огцруулахыг хэлэлцэх байсан хойшилсоор байсан юм. Харин хотын дарга ирэх сарын 10-нд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан байна.  

Сурагчдын амралтын тов гарлаа

Салбарын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталлаа. Энэ дагуу сурагчид дараах хуваарийн дагуу амарна

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

П.ГОО
Олоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2018-12-02 16:12:15
    Hotiin dargaar tavihdaa gazariin naimaag zogsooh heregtei,hotod barilga barihiig horigloh ni zov,ybah gazar bhgui,ayultaib.a