Алт “амилуулах” дамжлага
Бичил уурхайн сайн жишээг олон нийтэд таниулах, олборлосон алтны худалдааны төвлөрлийг бууруулах, алтны гарал үүсэл, ил тод байдлыг нэмэгдүүлэх, албан ёсны сүлжээгээр яаж худалдаалдаг зэрэг арга замыг олон нийтэд таниулах сурталчилах ажлыг Швейцарын хөгжлийн агентлаг, Монголбанктай хамтарч хийж буй.

Энэ ажлын хүрээнд бичил уурхайгаар олборлосон алтыг боловсруулж, албан ёсны сүлжээгээр хэрхэн яаж худалдаалдаг арга замын талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэж байна.

 
Улсын хэмжээнд 6500 гаруй бичил уурхайчин бий
 

Хууль, журмын хүрээнд зохион байгуулалтад орж, ил тод хариуцлагатайгаар ажилладаг хэсгийг бичил уурхайчин гэнэ. Харин хууль бусаар буюу гар аргаар муу технологиор, зөвшөөрөлгүй газарт, татвар, нөхөн сэргээлтийн үүрэг хүлээхгүй нүүдэллэн ажиллагсадыг ХАМО/ хувиараа ашигт малтмал олборлогч/ гэх мэтээр нэрлэдэг.

Улсын хэмжээнд хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон албажсан 6500 гаруй бичил уурхайчин бий.

Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт буюу Дархан-Уул аймагт энэхүү цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчид алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм.

Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасгаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох албажуулах нөхцөл бүрдсэн байгаа юм.

 
Алтны сорьц тогтоох

 

Бичил уурхайгаар олборлосон үндсэн болон шороон ордын алтыг албан ёсны зах зээлд борлуулахад тавигддаг анхны шаардлага нь тухайн алтан гулдмайн алтны болон мөнгөн сорьцыг тогтоох явдал юм.

Алтны сорьцыг Улаанбаатар хотод байрладаг Стандартчилал, хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын газарт болон Дархан-Уул аймаг, Баянхонгор аймгийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторит дараах үе шаттайгаар тодорхойлдог. Дархан-Уул аймгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд алтыг хэрхэн яаж хайлгаж, гулдмайлж, хэвэнд цутгаж, шинжилж сорьц тогтоож, банкинд тушаадаг талаар нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй үзүүлсэн юм.

Үүнд,
 
Алтыг хайлж гулдмайлах

-Бичил уурхайчид үндсэн ордоос олборлож баяжуулсан товч хэлбэртэй хайлсан алт, эсвэл шороон ордоос олборлосон алтны ширхэгүүдийг Сорьцын хяналтын газрын нэг давхарт алт хайлах цехэд ирж хайлуулж гулдмайлуулна.

-Хайлах цехийн ажилтан алтыг хүлээн авч алтны эзнийг байлцуулан жинлэж тэмдэглэл хөтөлсөний дараа алтыг хайлж, гулдмайлах ажлыг гүйцэтгэх бөгөөд бэлэн болсон алтан гулдмайг дахин жинлэж, акт бичиж өгнө.

-Алтан гулдмай дээр тухайн алтан гулдмайн дугаар, Сорьцын хяналтын газрын таних тэмдгийг цохиж өгдөг.

-Хайлж гулдмайлах ажлыг хийж дууссаны дараа хайлах цехийн ажилтан дараах мэдээллийг агуулсан баримтыг бичиж бэлэн болсон алтан гулдмай болон хайгуулалтаас гарсан хаягдлын хамтаар алтны эзэнд буцаан өгнө.

-Хайлах цехэд нэг грамм алт хайлсны хөлс 50 төгрөг байдаг.





 
Гулдмайлсан алтанд шинжилгээ хийж сорьцлох

Сорьцын хяналтын газарт байрлах Үнэт металлын сорьц тогтоох лабораторид MNS 4778/99 стандартын дагуу жингийн аргаар шинжилгээ хийж сорьц тогтоолгоно.

Шинжилгээ хийхдээ алтан гулдмайн хоёр талаас тодорхой аргачлалын дагуу өрөмдөж 3-5 гр дээж аваад түүнээс 250,0 мг-аар 2-3 хэсэг таслан авч тус тусын шинжилгээг хамт хийдэг.
 
Шинжилгээний дээж анхлан авч жинлэхэд 0,00000 мг-аас багагүй нарийвчлалтай аналитик жин ашиглана.  Мөн алтнаас гадна мөнгөний сорьцыг тусад нь хийж өгнө.

Шинжилгээ хийж дууссаны дараа тооцоо хийж, сорьц тогтоосон шинжилгээний акт бичин, баталгаажуулж өгнө. Баримтанд алтан гулдмайн дугаар, шинжилгээнд авсан дээжний жин, буцааж олгосон дээжний жин, шинжилгээгээр гарсан хоргодол, алт болон мөнгөний тогтоосон сорьц зэргийг бичнэ.

Шинжилгээ хийсэн алтаа тусгай уутанд савлан битүүмжилж, баталгаажуулсан актын хамтаар алтны эзэнд өгснөөр тухайн алтан гулдмайг Монголбанк болон бусад арилжааны банкуудад арилжаалах нөхцөл бүрдэж байгаа юм.

Алтыг хайлж гулдмайлах, дээж авч шинжилгээ хийх ажлыг ажлын өдрүүдэд 08.30-14.00 цагийн хооронд хийдэг. Өглөө эрт шинжилгээ хийсэн бол тэр өдөртөө хариу гарна. Харин 10.30 цагаас хойш өгсөн алтыг дараагийн өдрийн шинжилгээнд оруулдаг байна.
 
Жич: Найдвартай ченж, баталгаатай жингээр ханилгаатай үнээр алт авна гэсэн ченжүүдэд битгий хуурт. Сорьцын хяналтын газар очиж албан ёсоор алтныхаа сорьцыг тогтоолгоод Монголбанкинд болон арилжааны банкинд тушаах нь танд ашигтай бөгөөд найдвартай юм шүү.
 
Алтны шинжилгээ хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлж очих вэ?
 
-Аж ахуйн нэгж, байгууллага- байгууллагын гэрчилгээ лицензийн хуулбар

-Иргэд- иргэний үнэмлэх, биеийн байцаалттай байх.
 
Алтыг төв банк болон бусад арилжааны банкуудад яаж худалдах вэ?

Шинжилгээ хийлгэж, баталгаажуулан тусгай уутанд хийж битүүмжилсэн алтыг баталгаажилтын баримтын хамт төв банк болон бусад арилжааны банкуудын алт худалдан авах хэсэгт аваачиж худалдана.

Тавигдах шаардлага:
-Алтыг сорьцолж, битүүмжилсэн байна.
-Хувь хүн өөрийн иргэний үнэмлэх, биеийн байцаалтыг авч ирнэ.
-Аж ахуйн нэгж, байгууллагууд гэрчилгээ болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар авч ирнэ.

Татвар: Алтыг худалдаалахад тухайн банк үний дүнгийн 2,5 хувиар бодож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгаж төрийн сангийн дансанд шилжүүлнэ /экспортлох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үнийн дүнгийн 5 хувьтай тэнцүү байх ба үүн дээр үнийн дүнгээс шалтгаалж зах зээлийн үнийн өсөлтийн төлбөрийг нэмж ногдуулна/.

Төлбөр хийх: Худалдаж авсан алтны төлбөрийг төв банк тухайн өдрийн банкны ханшаар /олон улсын зах зээл дээрх алтны үнэтэй уялдуулан/ тооцож өдөрт нь багтаан хувь хүний болон байгууллагын дансанд шилжүүлдэг аж.

Ингэж л бичил уурхайгаар олборлосон алтаа хайлгуулж, шинжлүүлж, сорьцлуулж худалдаалах процесс явагддаг байна.



О.Сайхан
Оллоо.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.