Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НЭМГ-аас дараах зөвлөмжийг гаргажээ.


Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж байгаа хэрэг юм.

Томуугийн В вирүс

Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь гадаргуугийн уургаасаа хамаараад А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг. Томуугийн А вирус нь тахиа, галуу, нугас, гахай зэрэг амьтанд өвчин үүсгэхээс гадна хүний улирлын томуу болон цар тахлын үндсэн шалтгаан болж байдаг. Томуугийн В болон С вирус зөвхөн хүнд өвчлөл үүсгэдэг бөгөөд С вирус нь бусад хоёр хэв шинжийн вирустэй харьцуулахад харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг байна. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болж байдаг, хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай вирус юм. 

Халдвар дамжих зам:

Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.

Эмнэлзүйн шинж тэмдэг

Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирусын халдварын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусын халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг. Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинжүүд илрэх бөгөөд зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болно. 

Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Гэрээр хийх эмчилгээ: 

Шингэн зүйл уух. Жимсний шүүс, ус, бүлээн шөл зэргийг хэвийн үеийнхээс их уух нь томуугийн халдвар авсан үед шингэний дутагдалд орохоос сэргийлдэг.

Амрах. Хангалттай сайн унтаж амрах нь биеийн дархлааны систем тогтвортой байх, хурдан хугацаанд нөхөн сэргэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.

Урьдчилан сэргийлэлт:

Жил бүр улирлын томуугийн вакцинд хамрагдах

Гараа тогтмол угаах 

Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх

Ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх

Олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх 

Халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байх.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-20 02:02:55
    Хэрэгтэй юм байна
    66.181.177.85
    Мэдэгдсэн Хариулах