Хөдөлмөрийн баатар П.Дамдин таалал төгсчээ

Паавангийн ДАМДИН
(1931-2018)


Монгол Улсын төр, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Паавангийн Дамдин 2018 оны 11 дүгээр сарын 27-нд мөнх тэнгэрт хальж монгол түмэнд хүнд гарз тохиолоо.

Илжгэн овогт Паавангийн Дамдин 1931 онд Увс аймгийн Өндөр-Хангай суманд мэндэлж, аав, ээжийн асрамжинд хурга, ишигтэй хөөцөлдөн торниж, аавдаа дарх хийхэд нь тусалж дагасаар гарын дүйтэй болсны сацуу нагац өвгөөрөө монгол бичиг заалган уншиж, бичиж чаддаг болсон байна.

Нутагтаа бичиг үсэгт суралцах шат дараалсан бүлгэмийг дүүргэж хос бичигтэн болсон 12 настай хүү Дамдин сумынхаа шинэ үсгийн багш болж, бусдыг сургах ажилд дайчлагдан магтагдаж явжээ.

Тэрбээр 1946 онд Улаанбаатар хотод ирж, сургууль соёлын мөр хөөцөлдөж, Санхүүгийн техникумд орж суралцан төгсгөж, 1950 оны 8 дугаар сараас МАХН-ын Төв Хорооны Санхүүгийн тасагт данс хөтлөгчөөр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

П.Дамдин ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны санаачлагаар байгуулагдсан ажилчин залуучуудын оройн арван жилийн сургуульд  суралцан төгсөж, улмаар 1952-1958 онд Улсын Төлөвлөгөөний Комиссын нэр дээр ЗХУ-д (тэр үеийн нэрээр) дээд сургуульд явж, эдийн засгийн дээд боловсрол эзэмшсэн байна.

Дээд сургуулиа төгсөөд Улсын Төлөвлөгөөний Комиссын Аж үйлдвэрийн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн даргаар томилогдон 1950-иад оны сүүлчээс Монгол Улсын Аж үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд өөрийн ухамсарт үйл ажиллагаа, мэдлэг мэргэжил, боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн нэг байлаа. Тэрбээр 1960 оноос Аж үйлдвэрийн яамны, залгуулаад Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдаар тасралтгүй 20 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 1979 онд МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн даргаар сонгогдож, Монгол Улсын аж үйлдвэр, барилгын салбарыг хариуцаж тэдгээрийн хөгжил дэвшлийн бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх үйлсэд 1990-ээд он хүртэл хүчин зүтгэж, Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх болон барилгажуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ.

П.Дамдин 1949 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд МАХН-ын зургаан удаагийн их хурлаас Намын Төв Хорооны гишүүн, 1987-1990 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр, Ардын Их Хурлын сонгуулиар Их Хурлын депутатаар 9 удаа сонгогдож байсан нам, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.

Тэрбээр салбарын яамны сайдаар 60-аас 90-ээд оны эхэн хүртэл ажиллахдаа улс орны эдийн засгийг хөгжүүлэх, түлш, эрчим хүчний салбарыг давамгайлан хөгжүүлэх, эрдэс баялаг, хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцийг аж үйлдвэрийн аргаар боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, хөнгөн хүнсний үйлдвэрийг хөгжүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хариуцсан салбартаа шинжлэх ухаан-техник технологийн ололт, тэргүүний туршлагыг нэвтрүүлж үр ашиг, чанарыг дээшлүүлэхэд асар их туршлага хуримтлуулсан удирдах ажилтан байлаа.

Үндэсний инженерүүдийг эх орондоо техникийн дээд сургуулиар бэлтгэх нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсний учир П.Дамдинд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас “Хүндэт доктор” цол олгосон байна.

П.Дамдингийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор шагнаж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

Эх орныхоо эдийн засаг, нийгэм, ялангуяа аж үйлдвэрийн хөгжилд П.Дамдингийн оруулсан үнэт хувь нэмэр, түүний ухаалаг, нийтэч, бүтээлч хүмүүнлэг зан чанар монголын ард түмний сэтгэлд мөнхөд дурсагдан үлдэх болно.
 

Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ,

Л.ЭЛДЭВ-ОЧИР, Д.ДАМБА-ОЧИР, Г.ЗАНДАНШАТАР, Ц.НЯМДОРЖ,

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-27 15:18:06
    тээр жилийн өнтэйг яана. тэхийн зогсоолын өндрийг яана. Яг л ёсоороо хальж дээ.
  • АЮУР ЦЭРЭН 2018-11-27 15:05:16
    УМ МА НИ БАД МИ ХУМ
  • Наран 2018-11-27 11:42:48
    Өндөр насыг насалжээ, сайн төрөл авах болтугай.
  • С.Дэмбэрэл 2018-11-27 11:17:08
    Ум сайн амгалан болтугай. Эх орныхоо төлөө чин үнэнчээр зүтгэж, мөн ч их сайхан үйл бүтээсэн буянтай хүн дээ. Гүнээ эмгэнэж байна.
  • Мөнхсүх 2018-11-27 10:09:32
    Ум сайн амгалан болтугай.
  • Энхцэцэг 2018-11-27 09:01:22
    Эх орондоо ихийг хийж бүтээсэн таньд маш их баярладаг шүү, дараа төрөлдөө саадгүй сайн айлд төрж бүр ихийг бүтээх болтугай
  • Ум маани бадмэ хум 2018-11-27 06:32:24
    Энэ насандаа ихийг бүтээсэн байна.Дараа насандаа хийснээ үргэлжлүүлж, буянтай айлд төрж, энэ нийгэмд дахин ихийг бүтээх нь дамжиггүй.Энэ бол Хорвоогийн хууль юм...
  • Zochin 2018-11-27 05:48:37
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • Зочин 2018-11-27 05:39:27
    Ум маи бад мэ хум