Үндэсний лигийн шинэ улирал нээлтээ хийлээ

Сагсанбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн MNBA Үндэсний лиг өчигдөр/11.26/ нээлтээ хийлээ. Улс тунхагласан баярын өдрөөр Монгол улсын алтан соёмбот далбааг ордонд залж, төрийн дууллыг эгшүүлснээр 21 аймгийн лигийн нээлт эхлэж, Аваргуудын тугийг ордонд мандуулсан юм. Ийнхүү MNBA Үндэсний лигийн сэтгэл догдолуулам гайхалтай нээлтийн арга хэмжээтэй хамт гайхалтай хоёр тоглолтыг үзэгчид гэрчиллээ.
 

Өвөрхангай Тэнүүн Өлзий MNBA 21 аймгийн үндэсний лигийн эхний хожлыг авав



 

MNBA 21 аймгийн үндэсний лигийн энэ улирлын эхний тоглолт З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех болон Д.Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо. Өвөрхангай аймгийн унаган хүү ОУХМ Д.Дэлгэрням төрсөн нутгийнхаа өмсгөлтэй анх удаа талбайд гарсан бол Б.Наранбаатар, А.Гансүх зэрэг тоглогчид мөн л Өвөрхангай нутгийн төлөө эхний тоглолтоо хийв. Харин тэдний өрсөлдөгч Сүхбаатар аймаг ОУХМ П.Болортулга, О.Цэлмэг, Г.Чинбат нарыг багтаа шинээр элсүүлсэн байлаа.

Ингээд шүглийн дуу ордон дугарч нэгэн шинэ улирал эхэлсэн юм. Нээлтийн тоглолтыг хийж буй хоёр баг тоглолтын эхнээс эрч хүчтэй харагдаж байлаа. Тэр утгаараа дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл ойролцоо өрсөлдсөн. Тоглолтын эхний хагаст Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг 10 оноогоор тэргүүлсэн ч энэ нь найдвартай оноо биш байсан юм. Гуравдугаар үед Сүхбаатар Альянс тех оноог ойртуулж чадлаа. Гэхдээ өнөө цаг үеийн шилдэг самбарын хослол ОУХМ Д.Дэлгэрням болон Э.Цэрэнбаатар нар зогсоогдошгүй байж багаа ялалтад хөтөллөө.



Энэ тоглолтын шилдгээр 23 оноо, 14 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн Д.Дэлгэрням нэрлэгдсэн бол Э.Цэрэнбаатар 20 оноо, 12 самбар, 5 оновчтой дамжуулалтыг өгсөн юм. Харин Сүхбаатар аймгаас Б.Батзолбоо 19 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалтыг өгч жигд тоглолтыг үзүүлсэн. Мөн П.Болортулгаи 14 оноо, О.Цэлмэг 10 оноог авсан байна.
 

Аваргууд шинэ улирлыг хожлоор эхлүүллээ

 

Багаа улам хүчирхэг болгосон Архангай Алтан Дорнодын дайчид энэ удаад өмнөх жилийн дэд аварга Ховд Шонхорууд багийн эсрэг тоглосон юм. Дайчид энэ улиралд Э.Дөлгөөн, Э.Энхтайван, Ө.Пэрэнлэйжамц нарыг багтаа нэгтгэсэн юм. Харин тэдний хамгийн том сюрприз бол ОУХМ Ц.Азбаярыг багтаа нэмсэн өөрчлөлт байлаа. Харин тэдний өрсөлдөгч Шонхорууд баг холбогчийн байрлалд М.Даваадорж, Г.Ган-Эрдэнэ нарыг багтаа элсүүлж, лигийн шилдэг хамгаалагч Э.Дорж-Арилдын бүрэлдэхүүндээ нэмжээ.



Өмнөх жилийн финалын тоглолт ийнхүү нээлтийн өдөр эргэн ирсэн юм. Тоглолтын эхний үед Ховд Шонхорууд баг өнгөлөг байж оноогоор илүү явж байсан бөгөөд Г.Цэнгүүнбаярт бэлтгэл сайтай байгаа гэдгээ харуулж 13 оноог эхний үед авсан юм. Харин хоёрдугаар үед Дайчид оноог ердөө хоёр болгож ойртуулсан юм. Ингээд хоёрдугаар хагаст өрсөлдөөн ширүүсч тоглолт үзүүштэй болж ирсэн. Тун гайхалтай тоглолтыг толилуулсан хоёр багийн эцсийн үр дүн 103-99-өөр Архангай Алтан Дорнодын Дайчидын талд шийдэгдлээ.

Энэ тоглолтод О.Энхбаатар 33 оноо, 13 самбар авч онцгой тоглолтоо гаргасан бол ОУХМ Г.Баттөр 22 оноо, 7 самбар, 12 оновчтой дамжуулалт өгч жигд тоглолтыг үзүүллээ. Мөн ОУХМ Ц.Мэргэн, А.Энхбаясгалан нар 10-с дээш оноог авсан бол эсрэг багаас Э.Дөлгөөн 22 оноо, 8 самбар, 11 оновчтой дамжуулалтаар багаа манлайлж, Г.Цэнгүүбаяр 22 оноо, Э.Дорж-Арилд 10 оноо авлаа.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.