Албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийв

Ганцаарчилсан уулзалтын дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс, ОХУ-ын харилцаа өнө эртний түүхтэй, цаг хугацааны шалгуур дааж гарсан онцгой нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Таны айлчлал Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойтой давхцаж байгаа нь үүний нэг нотолгоо юм. Ерөнхийлөгч танд болон танаар дамжуулж Оросын анд нөхдөдөө ялалтын баярын мэнд хүргэе. Халхын голын байлдаанаар гагнагдсан манай хоёр орны найрамдал Эх орны дайны жилүүдэд болон чөлөөлөх дайны үеэр улам батжин бэхжсэн. Монголын ард түмний эрх чөлөө, эрх чөлөөт аз жаргалтай амьдралын төлөө алтан амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг монголчууд бид үргэлж бахархан дурсч байдаг.

Хоёр орны ард түмэн зөвхөн дайны цагт ч биш, энхийн бүтээн байгуулалтад ч хамтран бүтээж байснаар бид бахархдаг. Владимир Владимирович таны хэлснээр бид дайны талбарт ч, энхийн цагт ч, сансарт ч хамт байсан баялаг түүхтэй. Таны айлчлал манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улс ОХУ-тай бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийн төлөө байна. Владимир Владимирович танд болон таныг дагалдан яваа хүмүүст Монгол оронд тавтай саатан морилохыг хүсье” гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ “Маш их баярлалаа. Эрхэм Ерөнхийлөгч, Монгол анд нөхөд өө,

Юуны өмнө намайг Монгол Улсад айлчлахыг урьсанд талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцааны гол үйл явдлын нэг болох Халхын голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойтой энэ айлчлал давхцаж байна. Энэхүү тулалдаанд мөр зэрэгцэн тулалдаж Монгол орны бүрэн эрхт байдал, эрх чөлөөг хамгаалсан Монгол-Зөвлөлтийн дайчдын гавьяа, баатарлаг үйлсийг бид мартахгүй. Эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас үзүүлсэн тусламжийг бид өндрөөр үнэлдэг.

Эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг 2015 онд Москва хотноо болох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд хүрэлцэн очиж оролцохыг урьж байна.

Хоёр орны харилцаа цаашид хүмүүнлэг, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг бүхийл салбарт өргөжин хөгжих боломжтой. Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд хоёр орны харилцааны асуудлуудаар Улаанбаатарт ярилцах бололцоо олгосонд баярлалаа” гэв.

Үүний дараа өргөтгөсөн хэлэлцээнээс гарсан шийдвэрүүдийн үр дүнд гаргасан баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.