Захиргааны хуулийн өөрчлөлт төрийн байгууллагуудыг зоргоороо аашлах гүүр нь болох уу
Улстөрийн хуваагдал талцалтай зэрэгцэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудал судлаач, хуульчдын анхаарлыг татаад байна. Энэ хуулийг  2015 онд баталж, 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Хуулийн гол зохицуулж байгаа харилцаа нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн шийдвэр гаргах журам, хэлбэрийг зохицуулдаг. 

Тэгвэл Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсныг чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл энэ өөрчлөлтөөр  Засгийн газраас гаргасан улс төрийн шийдвэр, үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад бодлоготой холбоотой шийдвэрүүд ч мөн захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй,  Засгийн газрын тэдгээр шийдвэрт Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй л гэсэн үг юм. 

Тодруулбал,  Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналд тусгаснаар хуулийн 3.1.7-д өөрчлөлт оруулан “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд энэ хууль үйлчлэхгүй байхаар оруулсан байгаа юм.  Засгийн газрын төдийгүй, улмаар түүнийг нь хэрэгжүүлсэн гэдэг үндэслэлээр яам, агентлаг, засаг дарга, ИТХ-ын шийдвэр гаргахад Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй, улмаар захиргааны хэргийн шүүхээс шийдвэрийг нь хянахгүй болж таарч байна. Тэгэхээр Засгийн газар болон захиргааны ямар нэг байгууллагаас иргэний эрх зөрчих нь нээлттэй гэсэн үг. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Хуулийн төслийн өөрчлөлттэй холбогдуулан  “Шүүхийн ахмадуудын холбоо”-оос мэдэгдэл гаргаад буй. 

Ахмад шүүгчдийн зүгээс “Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод  хүн  бүр шүүхэд хандах эрхтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан атлаа засаг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхэд хянуулахгүй, иргэдийн шүүхэд хандах эрхийг хуулиар хязгаарлах нь хуулийн засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгмийн мөн чанарт үл нийцэх үйлдэл болно. Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчимд тулгуурлах ёстой тул шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгосон, засаг, төрийн байгууллагыг дур зоргоор аашлах боломжийг олгосон хуулийг батлах ёсгүй” гэжээ. 

Нэг үгээр төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хяналтгүй болгох хууль болно гэж хуульчид шүүмжилж байна. Засгийн газар төрийн өмчийг зарж, үрэх, буруутай шийдвэр гаргаж дур зоргоороо аашлах нь нээлттэй. Тэднийг шүүхгүй, цагдахгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөөр шүүх боломжгүй. Нэг үгээр иргэн бидний  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахад  хянаж, хууль зөрчсөн бол залруулах асуудал хаагдмал болж байгааг хуульчид хэлж байна. Нэг үгээр Захиргааны тухай хууль төрийн байгууллагуудыг зоргоороо аашлах гүүр болох уу гэх асуулт урган гараад байна. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-11-22 07:31:30
    Үндсэн хуулинд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй ч билүү нэг үг бий энэ одоо яах болж байнаа