1000 гаруй бичил уурхайчийг ажлын байраар хангадаг “Буянтын хөндий” ТББ-тай танилцав
Монгол байгалийн баялагаараа гадаадад гайхагддаг улс үндэстэн. Тухайлбал, газрын хэвлийд алт, мөнгө, зэс, жонш, нүүрс гээд асар их баялагтай баян орон. Гэвч алтан дээр суусан гуйлгачид гэж нэрлэдэг ч бий. Яагаад гэвэл газрын баялгаа гадагш зөөж, зах замбараагүй хайр найргүй гаргаж эхэлсэн учраас монголчуудыг баялгаа хүртэж чаддаггүй гуйлгачин гэдэг байх. Гэхдээ хүн бүр байгалийн баялагаа тэгш хүртэх эрхтэй.

Тиймээс ч бичил уурхайчид газар шороо ухаж, алт угааж аж амьдралаа залгуулсаар өдий хүрсэн байна. Бичил уурхайчид дотроо хоёр янз байх бөгөөд зарим нэг нинжа сэтэртэнгүүд алтыг нь ухаж аваад авдрыг нь хаядаг буюу нөхөн сэргээлт хийлгүй ухсан газраа шууд орхидог байна. Харин зохион байгуулалтад орсон  бичил уурхайчид  нөхөрлөл болж хариуцлагтайгаар алт ухаж байгаа бичил уурхайчдын ажлын нөхцөл байдалтай өнгөрсөн долоо хоногт танилцаж, сурвалжлага бэлтгэлээ.

Улаанбаатар хотоос Швейцарийн хөгжлийн агентлагийн ажилчид болон 30 орчим сэтгүүлч, бичил уурхай эрхэлдэг иргэдтэй уулзаж, тэдний алт олборлох үйл явцыг сурвалжлахаар Дархан-Уул аймгийг зорьсон юм. Эхний өдөр Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг “Буянтын хөндий” ТББ-ын бичил уурхайчидтай уулзлаа.

Дараа нь аймгийн төвд өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад орсон Үнэт металлы сорьц тогтоох лабораторитай танилцах, мөн Дархан-Уул аймгийн Монголбанкны захирал Б.Жавхлантай уулзаж ярилцах зорилготой.
 
Сурвалжлагын багийг Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиход сумы Засаг даргын тамгын газрын дарга Г.Шинэхүү, “Буянтын хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа нар угтан авч бичил уурхай эрхлэлтийн талбайдаа дагуулан очсон юм.

Оройн 17.00 цагийн үед очсон бөгөөд нар жаргах тийшээ хандаж жавар тачигнаж жихүүн гэж жигтэйхэн. Гэвч талбайд ажиллаж байгаа бичил уурхайчид хүйтнийг ажралгүй харин ч хөлсөө арчсан байдалтай ажиллаж байв. Тэд яг ажилчин шоргоолж шиг ажиллаж байв. Тус ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа “Харин ч хүйтрээд хүн нь цөөрчихсөн байгаа нь энэ. Зарим хүмүүс төв рүүгээ орж ар гэрийнхээ өвлийн бэлтгэл болох түлшээ нүүрс, хоол хүнс бэлтгэнэ гээд орсон байгаа. Зарим нь сумын урлагийн наадамд оролцох гээд явсан” гэсээр халуун дулаанаар угтаж авсан юм.

Энэ талбайд дулааны улиралд 1000 гаруй бичил уурхайчид ажилладаг аж. Шарын гол суманд бичил уурхай эрхэлдэг нөхөрлөл арав орчим байдгаас бүртгэлгүй ганцхан нөхөрлөл байдаг нь “Буянтын хөндий” төрийн бус байгууллага юм байна.
 
О.Цэцэгмаа: Байгалийн баялагийг иргэн бүрт хүртээхийн төлөө ажиллаж байна

 

Тус холбооны тэргүүн О.Цэцэгмаатай уулзаж, бичил уурхайчдын аж амьдралын талаар ярилцлаа.
 
-Танай холбоонд хэчнээн бичил уурхайчин байдаг вэ. Эрүүл, аюулгүй байдалд ажиллах нөхцөл нь хангагдсан уу?

-Манай төрийн бус байгууллага 2008 онд байгуулагдсан. Тухайн үед хувиараа алт олборлодог нинжа нар байлаа. Ямар ч зохион байгуулалт байхгүй, хууль эрх зүйн орчин байхгүй, нэн ядуу, хөөгдмөл, туугдмал, осол аваар ихтэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа байхгүй байлаа. Үүнийг шийдэхийн тулд манай байгууллага байгуулагдсан. Төрд дуу хоолойгоо хүргэх, энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалж ажлын байрыг нь албажуулахын төлөө ажилласан.

Манайх албан ёсоор 1100 гишүүнтэй. Эдгээрээс Шарын гол сумын 565 иргэн, үлдсэн нь бусад аймаг сумдаас ирж ажиллаж байна. Ирээгүй аймаг гэж байхгүй. Бүх аймаг сумдаас манай байгууллагыг зорьж ирж ажил хийж амьдралаа тэжээгчид бий. Нэг хүний ард гурван хүний амьдрал байдаг. Баялагийн зөв зохистой хуваарилалтыг иргэн бүрт хүртээхийн тулд ажлын байраар хангаж ажилласан. Тиймээс ч сэтгэл тэнүүн байна.

Энд нэг зүйлийг хэлмээр байна. Засгийн газраас баталсан 151 дүгээр журам гарсан ч хамгийн ноцтой нэг алдаа бий. Тус журамд “Бүртгэлтэй, бүртгэлгүй нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болно” гээд заачихсан. Бүртгэлтэй нөхөрлөл гэдэг нь есөн хүнтэй. Энэ есөн хүнд тухайн нөхөрлөл байгуулж байгаа этгээдийн эхнэр, нөхөр, хүргэн, бэр, хадам, ээж аав нь байдаг. Тэд маш том хэмжээний техник оруулаад байгальд маш их хор хохирол учруулж, сэндийчиж байна. Үүнийг 70:30 гэдэг зүйл үйлчилдэг. Энэ нь яадаг вэ гэхээр орлогын 70 хувийг нь техниктэй хүмүүс нь авч 30 хувийг нь эзэн авдаг.

Нийгмийн хариуцлагын гэрээ гэдэг зүйл байдаггүй. Ер нь шуналтай хүмүүс бүртгэлтэй нөхөрлөлийг байгуулж байгаа.

“Засгийн газрын 151 дүгээр тогтоол дээр байгаа бүртгэлтэй нөхөрлөл гэдэг зүйлийг устгаачээ” гэж хэлмээр байна. Үүгээр хэн ч ажлын байраар хангагдахгүй, хэн ч ядруулаас гарахгүй.  Мөн дээр нь А лицензтэй нөхөр бүртгэлтэй нөхөрлөл байгуулаад тамга бариад ороод ирдэг. Дээр нь сумдын Засаг даргын шахааны хүмүүс ороод ирдэг. Бас Байгаль орчны улсын байцаагчийн халаасны хүмүүс орж ирдэг. Улсын хэмжээнд яг үнэндээ манай байгууллага шиг ажиллаж байгаа байгууллага байхгүй. Бүртгэлгүй нөхөрлөл нь олон хүнийг ажлын байраар хангадаг юм.

-Танайх орон нутгаас 5.6 га газрынхаа хэдэн хувийг ашигласан бэ. Дээрээс нь нөхөн сэргээлтийг яаж хийдэг вэ?

-Хаягдлыг бүрэн ашиглаж газраа эзэмшлээр авснаараа бид нар газар доорх биш газар дээрх шар алтыг хурааж байна. Манайх 5.6 га газар дээр гэрээ хийсэн. Энэ га газраа хаягдлыг бүрэн дүүрэн ашиглачихаад хоршиж аж ахуй эрхлэх гэж байгаа. Энэ тал газар дээрээ ирэх намар хүнсний ногоо тарина. Гахай, тахиа маллана. Шарын гол сумынхаа хүнсний ногоо, өндөг, гахайн махыг нь хангана. Бид бэлтгэл ажлаа хийсэн. Одоогийн байдлаар техникийн, биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж чадаагүй л байгаа.

-Газар тариалан эрхэлнэ гэхээр санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ?

-Бидэнд Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сангаас мөнгө олддоггүй. Олон хүн Сум хөгжүүлэх санд төсөл бичиж өгсөн. Манайхаас ганцхан хүн л авсан. Тиймээс бид өөрсдийн хүчээр аж ахуй эрхэлнэ. Шарын гол сумын иргэд энэ ажилд түлхүү оролцоосой гэж маш их хүсч байгаа. Иргэд рүүгээ хандсан ганц журам батлахдаа ард нь аюултай үр дагавар дагуулсан, бидний ажлыг үгүйсгэсэн, бичил уурхайчдын нэр хүндийг унагасан асуудлыг бүрэн зогсоогоосой гэж хүсч байна. Манайхны хэн ч ирж бодит байдалтай танилцдаггүй.

-Танай нөхөрлөл энэ жил Монголбанкинд хэчнээн тонн алт тушаасан бэ?

-Манайх энэ зун Монголбанкинд арав орчим кг алт тушаасан. Алтаа ченжээрээ дамжуулаад Улаанбаатарт аваачиж тушаадаг байсан. Харин саяхан манай Дарханд сорьцын алба нээгдсэн. Тэндээ тушааж байна. Урд нь ченжид өгдөг байсан. Алтаа сорьцлох код өгөхгүй маш их асуудал байдаг байлаа шүү дээ. Одоо бүх зүйл нь нээлттэй болсон. Наад зах нь харын сэтгэлгүй болсон.

-Энэ жил их оргил үе нь байсан юм байна. Бичил уурхайчдын цалин орлого хэр байдаг вэ?

-Нэг хүн сард сая төгрөгийн цалинтай. Нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон зүйл хийсэн. Арван жилийн хугацаанд дөрвөн мянган хүнийг ажлын байраар хангасан. Насаараа төрийн албанд ажиллаад тэтгэвэртээ гардаг ажил энэ биш шүү дээ. Түр ажлын байраар хангагдаж байгаа үед нь бүхий л даатгалд хамруулахыг хичээдэг. Бид ашгаа тэнцвэртэй хуваадаг. Хэрвээ бүртгэлтэй бичил уурхайчид шиг эзэн нь 30 хувиа авдаг байсан бол би энэ зун гурван кг алттай болох байлаа. Гурван кг алт өнөөдөр 240 сая төгрөг шүү дээ. Бид гаднын том техник хэрэглэхгүй зөвхөн өөрсдийн хүчээр тэгш хуваарилалтын зарчмаар хувааж авдаг.


 

Хөдөлмөр аюулгүй байдлаа сайн хангаж ажилладаг

 
“Буянтын хөндий” ТББ-ын талбайн инженер Р.Алтангэрэл “Өглөө 09.00 цагт ирээд үнэмлэхээ шалгуулна. Хөдөлмөр аюулгүй байдлын дүрмээ сайн хангаж ажилладаг. Ямар нэгэн осол аваар гарч байгаагүй. Өглөө болгон олс, малгай гэх мэт зүйлийг нь шалгаж үзээд ажилчдадаа талбай руугаа оруулдаг. Цалин хангамжийн хувьд боломжийн сайн. Ар гэрээ тэжээхэд хангалттай хүрэлцдэг. Дээр нь урамшуулал өгнө. Энэ талбайд ажиллаж байгаа хүмүүс харин ч багасчихаад байна. Зуны улиралд бужигнана шүү дээ. Хоол ундаа өөрсдийнхөө мөнгөөр авч иднэ” гэв.
 
Тэдний ярьдгаар “Унагалдай” гэх төхөөрөмж ашиглаж, газрын гүнээс ховоогоор дүүрэн шороо гаргаж ирдэг юм байна. Ховоогоор татсан шороогоо угааж алтаа гаргаж авдаг аж. Алтаа ундрагатай хиймэл нуураас ус татан авч угаадаг. Ийнхүү ажилласны хүчинд газрын гарц сайтай үед өдөрт дунджаар 200 грамм алт олборлодог гэнэ.

 
Манай сумын иргэдийн орлого 25-30 хувиар өссөн
 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Шинэхүү “Манай сумын нийт иргэдийн арван хувь нь бичил уурхай эрхэлдэг. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа мөнгөн урсгалыг бид судалсан юм.

Иргэдийн хадгаламж, дэлгүүр, нийтийн хоолны орлого болон шатахуун түгээх станцын орлогыг бүрэн судалсан.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад манай сумын иргэдийн орлого 25-30 хувь өссөн байсан. Энэ нь иргэдийн амьжиргааны төвшин сайжирч байна гэсэн үг. Газрын нөхөн сэргээлтийн хувьд бид төлөвлөгөө гаргадаг. Төлөвлөгөөнийхөө дагуу нөхөн сэргээлт хийдэг” гэлээ.





О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-11-22 05:24:55
    монгол хүмүүс өөрийн нутаг уснаас алт авахад буруутгах зүйл алга даа харин байгалийн нөхөн сэргээлт хийхгүй орхих нь хармасалтай банйа
  • Бичил уурхай гэдэг бол шуналтай гуйлга 2018-11-21 05:09:52
    Бид газар дэлхийгээ хайрлаж ирсэн , дээр нь амьдарч ирсэн оюун ухаантай ,Монголчууд шүү, Ухаж төнхөөд ч ашгий нь хүртэх ухаангүй Улс газар ухахаа больж үз,Бич...
  • Бат 2018-11-21 04:47:10
    Энэ олон ашигт малтмал зөвхөн монголд л байдаг юм шиг бичих суртачилах юм орон бүрт бий тухайлбал алтгүй газар гэж байхгүй манайхан шиг ухдаг орон л байхгүй
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах