Тойм:Томилгоо хийсэн долоо хоног
Өнгөрч буй долоо хоног улс төрийн хүрээнд дуулиан ихтэй долоо хоног болж өнгөрөв. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулсан юм.

Ингээд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэхээр тогтсон билээ.
 
Засгаа унагахаар гарын үсэг цуглуулж эхлэв
 
Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж хэлснийх нь төлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг бүлгийн даргаас огцрууллаа” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэсэн мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсгээ зурна, зурсан гэдгээ ч илэрхийлсэн юм.
Ч.Улааныг сайд болгохыг дэмжив
 
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулсан юм. Улмаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн шийдэл гарсан юм.
Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалд дэмжиж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн бол УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, завсарлаг авсан байна.
 
МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томилов

 МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Д.Хаянхярвааг бүлгийн даргын ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгов. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэхийг НИТХ шийднэ. НИТХ дээрх асуудлаар ирэх долоо хоногт хуралдах юм байна.

Дээд шүүхийн шүүгчийг томилов

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилсон юм. Тэрбээр 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авчээ.

Мөн өнгөрч буй долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүн томилогдов. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн сонгон шалгаруулалтын саналыг үндэслэн Засгийн газар дээрх томилгоог хийжээ.

Ерөнхийлөгч улсын төсөвт хориг тавилаа

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсвийн тухай хууль болон УИХ-ын тогтоолуудад хориг тавив.

Тэрбээр хэлэхдээ “2019 оны төсвийг батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Иймээс 2019 оны төсөвт хориг тавихаас өөр аргагүйд хүрэв” гэв.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг баасан гаригт намын бүлгүүд хэлэлцэж, МАН-ын бүлгээс хоригийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

Машинтайгаа шатсан жолооч шархаа даалгүй өөд болов

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин арваннэгдүгээр сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн, эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй нас барсан юм.

Хэргийг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09.50 цагт “Эрдэнэс Тавантолгой”-гийн уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, түлэгдсэн байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж буй юм. Галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзжээ.
 
Талийгаачийн ар гэрийнхний зүгээс, “Омог цагаан шонхор” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг  осол үүдсэн гэдгийг хэлж байна. Талийгаач нь, бага насны гурван хүүхэдтэй бөгөөд түүний эмчилгээний зардалд 70-80 сая төгрөг шаардлагатай байсан ч өвчнөө даалгүй өөд болов.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 70 худалч, 76 хулгайч 2018-11-19 03:48:37
    70 худалч, 76 хулгайч
  • зочин 2018-11-18 22:39:54
    ҮНЭХЭЭР ХАРАМСАЛИАЙ БАЙНА. АВИЛГАЧДЫН ӨМНӨӨС 1 АЙЛЫН ААВ САЙХАН ЗАЛУУ АМЬ ХАСАА АЛДЛАА. УМ САЙН АМГАЛАХ БАЙХ БОЛТУГАЙ.