Сэрэмжлүүлэг: “Таны пин код хэд вэ” гэж асуухад кодоо хэлэх нь зөв үү
Иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж цахим мэдээллийн аюулгүй байдлаа бусдад алдах, цахим халдлагад өртөх тохиолдол гарсаар байна. Таны цахим хуудсаар нь дамжин орж, найзууд, аав ээж хамаатан саднаас танилаас нь мөнгө зээлж залилсан өчнөөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа.

Манай улсад өнгөрсөн онд цахим орчноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний 8 сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн байна. Энэ тоо зөвхөн цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, шалгагдсан тоо баримт гэдгийг анхаарах хэрэгтэй. Цаана нь албан бусаар үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл цахим гэмт хэргийн дийлэнхийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлддэг болохыг тогтоосон.
 
Тэд хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй, олны танил хүмүүсийн цахим хуудсын нууц үг, кодыг хуулж аваад тухайн хаягаар нь нэвтэрч, танил дотно харилцаатай хүмүүс рүү нь зурвас илгээж, мөнгөний тусламж гуйдаг байна. Найз нөхөд, ар гэрийнхэн нь УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий удирдах албан тушаалтан хүн тусламж гуйхад татгалзах хүн ховор биз.
 
Өнгөрсөн сард бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлсэн. Холбогдогч этгээдүүдийн хувьд 17-20 насны залуучууд байгаа ба олон тооны иргэдэд онц их хэмжээний хохирол учруулж, иргэдийн фэйсбүүк хаяг болон интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute-force халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогдсон байна. Цаашид иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он, сар өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Бас хохирогчид гэнэн итгэмтгий байна. Цахим гэмт хэрэгтнүүдийн арга нарийсч үйлчилгээний газарт зөөгчийн дүрд хувирдаг байна. Ресторан, паб, цэнгээний газар, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ, картаар тооцоогоо хийхдээ “Таны пин код хэд вэ” гэхэд анзаарах ч үгүй дөрвөн оронтой тоогоо хэлээд хариулчихдаг хүн цөөнгүй бий.

Мөн шатахуун түгээх станцууд ч пин код асууж, гүйлгээ хийдэг тохиолдол бий. Ялангуяа өвлийн улиралд машинаасаа буухгүй гээд картаа өгөөд пин кодоо хэлээд явуулчихдаг байна. Гэтэл нууц үгийг нь тэмдэглэж аваад картан дахь мөнгийг нь хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гарчээ.
 
“Одооны хүүхдүүд айхтар” гэдэг үгийн утга орчин үед илүү үнэнд ойртож байна. Цахим гэмт хэргийг өсвөр насныхан ихээр үйлдэж байгааг албаны хүн хэлсэн. Гэмт бурууг нь нотлоод, шалгахаар “Миний хэргийг шийдэхэд чиний ухаан хүрэхгүй ээ” хэмээн хэгжүүрхэж суусан нэгэн ч байжээ.
 
Бас нэгэн жишээ бичихэд, Баянгол дүүргийн 23 настай охин байр түрээслэх нэрээр залилан хийж, иргэдийг хохироосон байгаа юм. Хуулийн байгууллагынхан шалгалтын ажиллагааг явуулж, зургаан удаагийн үйлдэлтэй болохыг нь тогтоожээ. Гэсэн ч анхны удаа юм,  жирэмсэн юм даа гээд “зөөлөн” шийтгээд явуулсан аж. Гэтэл 75 удаагийн үйлдэлтэйгээр буцаад ороод ирсэн тохиолдол гарчээ. 
 
Ийнхүү цахим орчинд иргэд мэдээллээ алдах олон эрсдэлтэй замууд байна.  Нөгөө талаар үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжтой олон янзын тохиргоонууд ч сошиал платформууд дээр байдаг. Үүнийг хувь хүн өөрөө сайтар эзэмших шаардлагатай байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-16 09:27:37
    мобайл банк шинэчлэгдлээ кодоо өг гээд мессеж ирээд байх юм үнэн эсэхийг яаж мэдэх вэ?