Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-3

Түрүүч нь  http://olloo.mn/n/58488.html

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын ашиглалтын лицензийг тойрсон маргаанд тун удахгүй цэг тавигдаж таарна. Ингэхдээ АТГ-ынханд баригддаг 1.3 сая ам.долларын эздийн талд уу, аль эсвэл Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үү гэдгийн аль нэгээр шийднэ гэсэн үг.

Хэрвээ хахуульд өгөх гэж байсан 1.3 сая ам.долларын эзэд ялбал өмнө явж байснаараа Ш.Мөнгөншагай нь “Би “Жи Пи Эф” компанийнхаа 60 хувийг худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй” гэсэн гомдол гаргасан. Түүнийх нь дагуу шүүхийн шинжээч “Тийм байна. Ш.Мөнгөншагайгийн гаүын үсэг биш байна” гэсэн эргэлзээтэй дүгнэлт гаргасан. Шүүх болохоор “Шинжээч ингэж үзсэн нь нотлох баримт болно” гэсэн шийдвэр гарсан нь баталгаажна. Ингээд зургаан жилийн өмнө худалдсан “Жи Пи Эф” компанийг Ш.Мөнгөншагай нар буцаан авч, тэднээс худалдаж аваад олон арван тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн  “Си Си Эм Икс” ХХК хохироод үлдэнэ гэсэн үг.

Харин энэ бүхнийг хуулийн дагуу дахин шалгаж Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар яагаад “Жи Пи Эф” компаниа, Салхитын ордын лицензийг буцааж авахаар оролдож эхэлсэн. Шүүхийн шинжээч яагаад Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна гэж өөрөө ч итгэлгүйгээр дүгнэлт гаргасан. Шүүх яагаад Ш.Мөнгөншагайгийн компаниа худалдсан гэрээнүүдийг гэрчилсэн нотариатчийн үгийг тоохгүй байна вэ гэх зэргийг тогтоох шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл, Ш.Мөнгөншагай “Нотариатч М.Саранцэцэг нь Нотариатын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн эзгүйд “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгчийн зөвшөөрөл байхгүй байхад “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Г.Жаргалангийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн” гэж шүүхэд гомдол гаргадаг.

Харин шүүхээс шинжээч томхилох захирамж гаргаж, өнөөх шинжээч нь “...Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Жи Пи Эф” ХХК-ийь 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдагч ...Шарав овогтой Мөнгөншагай гэсний ард зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Щ.Мөнгөншагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна”, 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний компанийг үүсгэн байгуулагч “...Шарав овогтой Мөнгөншагай” гэсний ард зурагдсан гарын үсэг Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна. ... 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн “Хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай гэсний өмнө гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй” гэсэн дүгнэлтийг гаргадаг.

Гэтэл 2009 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.Шүүхийн шинжилгээ хийхэд дараахь зарчмыг баримтална: 4.1.1.хууль дээдлэх; 4.1.2.хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 4.1.3.хараат бус байх; 4.1.4.нууцыг хадгалах; 4.1.5.шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэж заасан байдаг байна. Энэ нь шинжээч дээрха мэтийн дүгнэлтийг гаргаж болохгүй гэсэн үг.

Гэвч Улсын Дээд шүүх хүртэл шат шатны шүүх “...Хариуцагч тал нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг гарын үсгээ өөр өөрөөр зурдаг гэж гарын үсгийн хэлбэрийн талаар маргасан боловч гар бичвэрийн зөрүүтэй байдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй, шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгээгүй, шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 60 хувийг “Си Си Эм Икс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх дээрх хоёр гэрээнд Ш.Мөнгөншагай гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй тохиолдолд шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ” гэж шийддэг.

Гэтэл Шүүгчийн ёс зүйн дүрэмд “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ” гэсэн байдаг юм.

Харин хуулийн дагуу байлгая гэвэл Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саранцэцэгийн тайлбар, мэдүүлэг зэргээр бүх зүйл нотлогдох учиртай юм.

М.Саранцэцэг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “2016 оны 11 сарын 8-ны өдөр өмгөөлөгч Банзрагч гэдэг хүн утсаар холбогдон Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэргийн талаар ярьж, түүний нэхэмжлэлийг надал танилцуулсан. Уг нэхэмжлэлд дурьдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Мөнгөншагай, Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэйн хамт над дээр ирсэн тул бодит байдлыг маш сайн санаж байна.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биечлэн ирж, “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүслтэй байгаагаа илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэг татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ард талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн. Иймд миний хувьд Нотариатын хуулийг зөрчиж хууль бусаар гэрээ гэрчилсэн зүйл байхгүй.

Гэрээний он, сарын тухайд талууд өөрсдөө надаас “Манай компани ямар ч ашиггүй байгаа, хөрөнгө оруулагч олдсон дээр нь бушуухан шилжүүлмээр байна, он сарыг нь урагшлуулах хэрэгтэй байна” хэмээн гуйсан. Хамгийн гол нь гэрээ байгуулах үед талууд бүгдээрээ байсан. Гарын үсгээ зурсан, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд гэрээний агуулга нь яг адил байсан тул он, сарыг өөрчилсөн гэрээн дээр нь би тамга тэмдгээ дарсан. Гэхдээ энэ нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл биш учир аль аль гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар компаниа шилжүүлж байх үед хуучин Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулиар үнэн хэрэгтээ хувьцаа эзэмшигчдийн буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад ямар нэг гэрээ шаардлагагүй байсан. Одоогийн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд “Иргэний хуульд заасан гэрээ” л гэсэн байгаа бөгөөд Иргэний хуулиар энэ төрлийн гэрээг заавал батлуулах, өөрөөр хэлбэл нотариатчаар батлуулж байж хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт байхгүй. Иймд заавал батлуулах шаардлагагүй гэрээг талууд өөрсдөө хүссэн тохиолдолд батлуулж болдог. Өөрөөр хэлбэл, гэрээг хэдийд ч байгуулж болно. Түүнийгээ хэдийд ч батлуулж болно.

Иймд дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Мөнгөншагай, Жаргалан яаж ингэж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэжээ.

Мөн тэрээр Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст энэ талаар мэдүүлэхдээ “...Би тухайн үед хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж гэрээг гэрчилсэн. Тухайн компанийг шилжүүлэхэд тухайн компанийн эзэмшигч бүх хүмүүс бүгдээрээ байж байгаад гэрээг хийсэн. Тэр үед Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай, нэг нь Бямбарагчаа гэх хүмүүс нөгөө талаас нь нэг хятад иргэн орчуулагчтай байсан. Г.Жаргалан гэх хүн уг компанийн 40 хувь, Ш.Мөнгөншагай гэх хүн 60 хувийг эзэмшиж байсан. Тэр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь “Жи Пи Эф” ХХК-ийг хятад иргэний нэр дээр шилжүүлсэн. Тэр компанийг шилжүүлэхэд тэр хүмүүсийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг шалгаж хуулийн дагуу үйлдсэн. ...Тэр гэрээнүүдийн эх хувь төв архивт байгаа байх. Надад бол байхгүй. ...Миний ярьсан бүгд үнэн. Миний хувьд хуулийн дагуу ажиллагааг хийсэн. Хууль бус үйлдэл хийгээгүй” гэж ярьжээ.

Нотариатын тухай хуульд “Нотариатч хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, тэгш эрхийг хангах, шударга ёсыг сахих, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах зарчмыг баримтална” гэж заасан байдаг. Нотариатч М.Саранцэцэг ч шүүхэд “Дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Мөнгөншагай, Жаргалан яаж ингэж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэж тайлбарлаад, цагдаагийн байгууллагад “Миний ярьсан бүгд үнэн. Миний хувьд хуулийн дагуу ажиллагааг хийсэн. Хууль бус үйлдэл хийгээгүй” гэж мэдүүлсэн байгаа юм.

Угтаа энэ хэрэг асуудлын гогцоо нь ердөө л энэ.

Эцэст нь хэлэхэд, бүтэн гурван жил 1.3 сая ам.долларыг авлигад өгөхөөр хадгалж байгаад баригдсан хүмүүсийн тал ялж ирсэн бол өнөөдөр Монгол Улсын хууль дийлж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа бололтой. Хуулийн байгууллага авлигад өгөх гэж байсан их хэмжээний ам.долларыг илрүүлж, энэ ажиллагаанд оролцсон хуулийн байгууллагын ажилтнуудыг ч шалгаж эхэлсэн мэдээлэл байна.

Ер нь бол энэ бүхний цаана хэн байх нь хамаагүй. Хөрөнгө оруулалтыг дэмжих хийгээд хуульт ёсыг дээдлэх нь Монгол Улсын төлөөх үйл хэрэг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.