Хөгжлийн банкны шинэ бонд эдийн засагт өнгө нэмнэ

Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнд зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг зээлжих зэрэглэл гэсэн ойлголт бий. Манай улсын хувьд 2016-2017 онд зээлжих зэрэглэлийн түвшин буурсан нь хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдийн итгэл буурахад нөлөөлж,  зээлийн хүү бага тогтоох зэрэг давуу тал эдлэх боломж хумигдахад хүргэсэн. Зээлжих зэрэглэлийн хувьд улсын зэрэглэл өндөр байх нь тухайн улсынхаа бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлөх томоохон хүчин зүйл болдог. Учир нь тухайн банк, даатгал, санхүүгийн байгууллагуудын тус тусын зээлжих зэрэглэл хэдий сайн ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг нь бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлдөг.  Улс орон бүр зээлжих зэрэглэлээ өсгөхийг эрмэлзэж, буурсан тохиолдолд буцаан өсгөхөд анхаарч үйл ажиллагааг эрчимжүүлж эхэлдэг. Монгол улсын зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороход Монгол улсын Хөгжлийн банкны зүгээс үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, банкныхаа эрх зүйн орчинг сайжруулах, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж чамлахааргүй үр дүнд хүрсэн.


 

Боломж, давуу тал олгосон онцлох ажлууд

 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан банкны хараат бус, бие даасан байдал, банк санхүүгийн зарчмаар санхүү, эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрөө бие даан сонгон шалгаруулах, хариуцлагатай, хяналттай байх зарчмыг УИХ, Засгийн газраас бүрэн дэмжиж эхэлснээр эрх зүйн шинэ орчинд  бие даасан, хараат бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болов.

Хөгжлийн банк активийн чанарыг сайжруулах үүднээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд 2018 оны III улирлын байдлаар банкны актив хөрөнгийн хэмжээ нийт 3.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд шинээр арилжаалсан бондын хөрөнгө болон бусад татан төвлөрүүлж буй богино, урт хугацааны эх үүсвэрүүдийн нөлөөгөөр 2018 оны сүүл рүү актив хөрөнгийн хэмжээ өсч, 3.8-4 их наяд төгрөг болж өсөх төлөвтэй байна.



Шинэ бонд


Энэ онд Хөгжлийн банкны хэрэгжүүлсэн томоохон ажил нь  олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатайгаар, 7.25 хувийн хүүтэй татаж чадсан явдал байлаа. Ингэхдээ Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжаалсан. Бондыг амжилттай арилжаалснаар Монгол улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэгээр нөлөөлсөн юм. Энэ удаагийн бондын арилжаанд хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээсээ даруй найм дахин илүү байсан нь гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөх жишиг хэлцэл болсноороо онцлог байлаа. Үүний зэрэгцээ манай хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сул байгаа энэ цагт бонд арилжаалж, доогуур хүүтэй эх үүсвэр бүрдүүлсэн нь дотоодын аж ахуйн нэгж төдийгүй улсын хувьд гадаадын зэх зээлээс хөрөнгө босгоход эерэг үр дүн авчирахуйц үйл явдал боллоо.  Нөгөө талаар богино хугацаатай хүү өсөх магадлалтай санхүүжилтийг 7.25 хувийн хүүтэй санхүүжилтээр сольсноор тогтмол эх үүсвэрээс дунд хугацаанд тогтвортой санхүүжилт хийх боломж бүрдэж буй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Хөгжлийн банк шинэ бондны мөнгөөр экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж мэдэгдсэн. Ингэхдээ ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэрийг дэмжихэд 120 орчим сая ам.доллар олгохоор төлөвлөжээ. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай богино хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүдийг санхүүжүүлснээр 2023 он гэхэд 120 сая ам.доллар эргэн төлөлтөө саадгүй хийх боломжтой аж. Тус банк нь Монгол улсын Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2017-2018 онд Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөр, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлсэн байна. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зургаан аж ахуйн нэгж, арилжааны таван банкаар дамжуулаад 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр хангасан бөгөөд ээлдэгч аж ахуйн нэгжүүд 200 гаруй тэрбум төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн экспортолсон гэсэн урьдчилсан дүн гарчээ.


Хөгжлийн банк аливаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ валютын ханшийн эрсдлээс хамгаалах үүднээс ам.долларын орлоготой төслүүдийг санхүүжүүлснээр тухайн төсөл хэрэгжихэд ханшийн дарамт үүсэхгүй байхын зэрэгцээ төслийн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахдаа ханшийн эрсдлийн 60-аас багагүй хувийг хаах боломжтой болдог байдлыг харгалзан үздэг онцлогтой. Тиймдээ ч шинээр босгосон 500 сая ам.доллар улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлж, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгаж, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Богино хугацаанд бодит орлого өгдөггүй төсөлд бус эдийн засагт валют бүрдүүлж, ажлын байр олноор бий болгодог салбарт буюу үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зээл олгох нь Дэлхийн банк, АХБ, ОУВС-аас манай улсад өгсөн эдийн засгаа төрөлжүүлэн солонгоруулах зөвлөмжийг ч биелүүлсэн хэрэг болох юм.

Үүний зэрэгцээ монгол улсын валютын гол эх үүсвэр болж буй уулуурхайн салбарын томоохон төслүүдэд, эдгээрийн инновацийн төслүүд рүү чиглэсэн  Хөгжлийн банкны “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулсан бөгөөд тус сангаар дамжуулан эхний ээлжинд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт олгожээ. Ингэхдээ сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийсэн төслүүд нь амжилттай хэрэгжиж эхлэх үед гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад тус санд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн ашигтай төслүүдээс өгөөж хүртэх боломжийг бий болгох аж.

“Манайхаас гарч байгаа санхүүжилтийг төсөл хөтөлбөрт зарцуулахын хэрээр эргэн төлөлт амжилттай байх нь олон улсын зах зээлээс босгосон мөнгөө төлөхөд хүндрэл гарахгүй. Төлбөр хийх хувилбарыг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулдаг” гэж Хөгжлийн банкны банкныгүйцэтгэх захирал Б.Батбаяр онцолжээ.
 

Товч тайлан
 

  • 2017-2018 онд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулан нийт 1 тэрбум 22 сая ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай хийсэн.
  • Төсөл хөтөлбөрүүдэд олгосон 1 их наяд 7 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, 861 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг  дэмжих  хүрээндолгов.
  • “Ди Би Эм Лизинг” ХХК, “Ди Би Эм Ас сетменежмент” ХХК-иудыг байгуулж санхүүгийн лизинг, хөрөнгө оруулалт, батлан даалтын механизмуудыг ашиглан үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, нэмэгдүүлэв.
  • Засгийн газрын баталгаагүй 110 гаруй сая ам.доллар болон шинээр 500 сая ам долларын эх үүсвэрийг бүрдүүлснээр Банкны хөрвөх чадварын найдвартай байдлыг хангах, гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг төлөх зорилгоо биелүүлэв.
  • ТЭЦ 4-ийн турбо агрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.долларыг 8 жил хүртэлх хугацаагаар олгоно. Энэ онд эхний ээлжинд ОХУ-ын “Внешэконом” банкнаас 25 сая ам долларыг  үе шаттайгаар авч санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
  • Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 28.6 тэрбум төгрөг олгоод байна.
  • “Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 740 гаруй техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн  230 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгосон.
  • “Буянт-Ухаа 2” хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь ТОСК ТӨҮГ-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Тус барилгуудыг ашиглалтанд ормогц 100 хувь Түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ.
Бусдад түгээх
  • gplus