Ах, дүү хоёр УДБЭТ-ын санхүүг захиран зарцуулж, хувьдаа завшиж байна гэв
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Түвшинбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчин улсын төсвийн мөнгийг зориулалтын бус ашиглаж байгаа талаар хэлж, ах дүүс театрын санхүүг барьж байгаад харамсаж байна гэдгээ илэрхийлэв.

Б.Түвшинбат “Би театрт дуулах, бүжиглэх гэж ирээгүй. Ажилд орсноос хойш олон зөрчил гарсны нэг нь ерөнхий зураач Г.Ганбаатартай холбоотой санхүүгийн зөрчил байна. Өмнө нь би энэ талаар театрт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Улсын театрын мөнгийг яагаад хувийн компанийн данс руу шилжүүлдэг нь ямар учиртай юм гэдэгт тайлбар авах гэж их үзлээ. Энэ талаар асуухад янз бүрийн тайлбар хэлж, надтай хамтарч ажиллахгүй гэдэг.

Театрт шилэн данс байдаггүй. Би театраас явж болно. Гэхдээ дараа дараагийн залууст театрт ажиллахад айдастай боллоо. Энэ нь ямар ч хараа хяналтгүй болж байна. Театрт ямар ч дарга ирээд энэ алдаа дутагдлыг засаж залруулахгүй. Энэ систем нь дотроо эв зүйгээ олоод хоорондоо зохицоод сурчихсан байдаг юм байна.

Хөдөлмөрийн хуулиар нэг гэр бүлийн ах, дүүс төсөв мөнгийг захиран зарцуулж болохгүй гэж заасан.  Гэтэл театрын ерөнхий зураач Г.Ганбаатар дүү Г.Оюуны хамт энэ бүгдийг хийж байна. Мөн театрын тайзны зураг хоорондоо холилдсон. Үүнд зөрчил байна. Ямар ч тендэр зарлахгүйгээр 80 болон 312 сая төгрөгийн төсөв явж байгааг би зогсоосон. Би шударга үнэний төлөө явж байгаа учраас театрын уран бүтээлчдийнхөө өмнөөс хэлж байна.

Цаашид тэмцэх болно. Тайзнаа тавьж байгаа балет, дуурийн тоглолтын зургийг халтуураар хийсээр дадал болчихож. Миний харснаар 2011 оноос эхлэн зураач Г.Ганбаатарын хувийн компаний дансаар төсвийн мөнгө орж байсан юм билээ. Энэ бүгдийг хараад хэлэхээр үеийн үед ийм байсан юм гэдэг тайлбарыг хэлээд байна. Авилга, Зөрчлийн болон бүх л хуулийг зөрчсөн. Би уран сайхны удирдагчийн хувьд шаардлага тавьсан” гэсэн юм.

Ерөнхий зураач Гунгаасүхийн Ганбаатар түүний төрсөн дүү конструктор зураач Гунгаасүхийн Оюун нарт ашиг сонирхлын зөрчилдөөн, авлигын эсрэг тухай хууль, шилэн дансны тухай хууль гээд маш их ноцтой хуулийн зөрчил олон жил бугшсан алдаа дутагдал, ёс суртахуун, ёсзүйгүй явдал байна.

Б.Түвшинбатын хэлснээр А.П.Бородоны “Игорь Ван” дуурийг шинээр 312 сая төгрөгөөр тавихаар төсөв гаргасан байсан гэж хэллээ. Энэхүү дуурийг ирэх арванхоёрдугаар сард тайзнаа тавьж, олны хүртээл болгох гэж байгаа юм байна. Мөн Л.Минкусын “Баядера” бүжгэн жүжгийг театрын намрын нээлт болгон тавих гэж байсан ч ашиггүй зардал нэмэн 120 сая төгрөг болгон орж ирснийг 80 сая төгрөг болгон бууруулжээ.

“Сонгодог урлаг II” хөтөлбөрт 2011-2016 онд дуурийн театрт шинээр тавигдсан 10 уран бүтээлд 219,9 сая, сэргээн тавигдсан 9 уран бүтээлд 308,3 сая нийт 528 сая төгрөг зарцуулсан байдаг. Мөн өнгөрсөн онд хийсэн хоёр шинэ уран бүтээлд “Үр дүнгүй болгоомжлол” балет 50 сая төгрөг “Севилийн үсчин” дуурьт ямарч тендер, сонгон шалгаруулалтгүй хувийн дансаар захиран зарцуулагдаж театрын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатарын хувийн дансанд эсвэл “Гэсү” хувийн компанид мөнгө шилжүүлсэн нууцын гэрээ хийсэн байдаг.

Б.Түвшинбатын хувьд театрт хэсэг хугацаанд ажиллах хугацаандаа дансыг нээлттэй болгох, нээлттэй тендэр зарлах, ах, дүүсийн компаниар төсвийн мөнгө орж байгаад хариулт авахыг хүссэн ч чадаагүй гэдгээ хэлэв. 


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.