ЖДҮХС-гийн үйл ажиллагааг шилэн нээлттэй болгохыг шаардлаа
Архангай, Багануурын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Багануур дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч Н.Энхтүвшин, “Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг, Архангай аймгийн ЖДҮЭХ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаасан, тус аймагт цагаан идээний үйлдвэрлэл эрхэлдэг Б.Лхагважаргал нар мэдээлэл хийв.
 
Б.Батбаасан “ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮХС-ийн 2018 оны 4-5 сар, 7-8 сарын хооронд хоёр удаа хөнгөлттэй зээл олгох асуудлаар нийгэмд тархаад буй сөрөг мэдээлэл хүчээ авлаа. Орон нутгийн үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчидийн хувьд 1-5 удаа төслийг шаардлагийнхан дагуу өгөхөөр амжилт олоогүй гэтэл нэр бүхий УИХ-ын гишүүд, албан тушаалтан нар Жижиг дундын сангаас 500 саяаас 1 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авсанд бухимдаж байна. Энэхүү асуудлаар ЖДҮ-ийн төлөөлөл дараах асуудлаар шаардлага хүргүүлж байна. 1-т ЖДҮХС-г “Шилэн нээлттэй” болгоё.
Жижиг дунд үйлдвэрлэгчид ЖДҮ-ийн хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлийг дахин шударга, хяналттай, нээлттэйгээр зарлахыг шаардаж байна.
3-т ЖДҮ-чид, мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагуудыг нэгдэж “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг хянах хөдөлгөөн”-д нэгдэхийг урьж байна. Ямар нэгэн байдлаар УИХ-ыг тараах огцруулах асуудал агуулаагүй” гэв.
 
ЖДҮХС-ийн зээл зорилтод бүлэгтээ хүрэхгүй байна
 
Архангай аймагт цагаан идээний үйлдвэрлэл эрхэлдэг Б.Лхагважаргал “Орон нутагт үйлдвэр эрхэлдэг. ЖҮХС-нд төслөө хоёр удаа өгсөн ч төслийг дэмжээгүй буцаасан. Зорилтод бүлэгтээ хүрэхгүй байна. Энэ сангийн зээл зорилтод бүлэгтээ шударга хүрмээр байна. Хийж бүтээх хүсэл эрмэлзлийг минь битгий мохоогооч.  Энэ сангийн мөнгийг зөв хувиарлаж ил тод байлгах үүднээс шилэн болгохыг дэмжиж байна. Шилэн болсноор ажлын байр нэмэгдэнэ, орон нутагт үйлдвэрлэл хөгжинө. Тиймээс бидний тавьж байгаа гурван шаардлагын хариуг бодитойгоор өгөхийг шаардаж байна” гэв.
 
Үйлдвэрлэл эрхлэгчид шударга ёсыг хүсч байна
 
Г.Майцэцэг “Архангай аймгаас 45 төслөөр зээл хүссэн. Ердөө 850 сая төгрөгийн зээл хүссэн байгаа юм. Энэ мөнгөөр 300-500 гаруй ажлын байрыг нэмэх боломж байсан. Дээрх 45 төсөл өгч байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой хэмжээгээр зах зээлд танигдсан, судлагдсан мэдэгдсэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа үйлдвэрлэгчид. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх боломжоо алдсан байна. УИХ-ын нэг гишүүн 3 тэрбумын зээл авахаар орон нутагт ЖДҮ яаж хөгжих юм бэ.
Гэхдээ УИХ тар гэсэн мессэжийг өгч гаргаагүй. Бид харин ч гишүүд сайн ажиллаж, бидний хүсч байгаа хуулийг ил тод болгож өгөөсөй. Бид нар шударга ёсыг хүсч байна. Түүнээс гадна бидний өгсөн шаардлагын хариуг энэ сарын 18-ны дотор өгнө үү. Төрийн хүмүүс байж ёс суртахуунтай байхыг хүсье” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.