“ХУЛГАР” гэдэг үгийн хувь заяа

НЭГ.

Одоохондоо хэн ч нарийн сайн судлаагүй олон зүйл бидний оршихуйд байсаар байна. Уламжлалт мэдлэгийн гэмээр "хачин" ажиглалтууд Монголчуудын дунд ихээхэн дэлгэр байдаг. Хөөрхий эмээ минь надтай тоглож наадаад орж гарсан хавийн хүүхдүүдийг хараад ирээдүйн хувь заяаных нь талаар том том дүгнэлт хийнэ. Түүнд нь харьцангуй "шинжлэх ухаанч" зарчимтай аав, ээж минь тийм ч таатай ханддаггүй байлаа.
 
"Энэ хэний хүү нэг л доогуур харцтай юм, хүний ул шагайсан амьтан болох вий" гэх ч юм уу, "дух магнай сайхан, дуу нь цээл, чац урт бие тэнхлүүн хүн болно" зэргээр сүрхий "онош" өгнө. Аав түүнд нь дургүйлхэн" та яах гэж хүний хүүхдүүдийг ингэж гоочилж байдаг юм" гэхэд " та нар харна. Би үзэхгүй. Минийхээр л болно" хэмээн бардамхан суудаг байлаа. Эсвэл хэдэн ач зээгээ хэтэрхий шулуунаар ирээдүйг нь тодорхойлно. Дунд сургуулийн бага ангид би л гэхэд хавьдаа дийлдэхгүй нэг сүрхий бөх гарав. Үеийнхээ хэдийг өнхрүүлж орхиод, ах нартай хүртэл ач тач үзэв. Алтан үсэгтэй үнэмлэх авч аав ээжийгээ баярлуулав. Харин эмээ огт тоосонгүй.

"Мөч богино, хөл жижиг, хүзүү нарийн, өвдөг тохой жижиг энэ барилдах ноцолдох хүн биш. Номоо л сайн үз, өөр хоолтой амьтан болно" гэж билээ. Хүү нь сайн барилдаж, бөх болж магадгүйд найдсан аав минь миний хүзүүг илээд "манайх чинь бөхийн удамтай даа" гэсэнд" аан, мэдэхгүй хулгарын зүг нь холдсон удам даа" гэсэн билээ.
 
Одоо ч би энэ үгийн утгыг эрэлхийлдэг. "ХУЛГАРЫН ЗҮГ НЬ ХОЛДСОН" удам гэж эмээ юу хэлэв. Ер нь хулгар гэдэг энэ үг бөх хүнтэй холбоотой юу, эсвэл огт өөр зүйлийн давхар шинжийг илэрхийлээд байна уу? Үнэхээр олон жил барилдаж ноцолдоод эр эмгүй бөхчүүдийн чих хулмагар болчихдог. Аргагүй дээ хөөрхий хугарч гэмтээд эдгэж бороолоод тийм болдог байж таарна. Тэр хув хулгар бол заяаных биш хөлс хүчээ асгаж, өрсөж тэмцэлдсэний тэмдэг. Тэгэхээр огт өөр хулгар байж таарна.
 
ХОЁР.

Энэ хавийн хэдэн ХУЛГАР цуглаад тойрч суугаад архидаж байна гэсээр ээж гаднаас нэг л эмээнгүй орж ирэв. Тэр хэдэн хулгар дотор боовон чихтэй болтлоо ноцолдсон нэг ч бөх гэмээр хүн байгаагүйг бид бүгдээрээ сайн мэддэг байлаа. Багаасаа л хэрэг төвөгт орооцолдож, ил далд орж гарж гарсан хэдэн хулгай дээрмийн сайн эрчүүд байсныг санаж байна. Шорон оронгоор дамжсан тэд сайн муугаараа хавьдаа зартай. Үнэн худал нь мэдэгдэхгүй үлгэр домог шиг юм хоорондоо ярьж хүүхдүүд тэдний суу алдарыг бахдана. "Хэн гуай арван орос цэрэгтэй зодолдоод бүгдийг нь нэг нэг цохиод нам унагасан гэнэлээ. Одоо ч өвөрт нь тохой хэрийн урт балиус нь байгаа, шоронд байхдаа нэг ХУЛГАРЫНХАА хоолойг хэрчээд, тэндээсээ оргоод одоо ч баригдахгүй яваа юм" зэргээр дуулиантай "томчуулын" тухай бид цуурдаг байлаа.

Хожим олонх нь ор сураггүй алга болж, ганц нэг нь л эхнэр хүүхэд, аж амьдралын мөр хөөж, эгэл жирийн элдэв зангүй хүмүүс болж хувирсан юмдаг. Гэтэл яагаад тэднийг ХУЛГАР гэж нэрлэдэг байсныг бодох сонин. Урьдын цагт Хулгар Нацаг гээд сайн бөх, сайн эр байсныг үг сургаалтай ахмад хүмүүсийн амнаас сонсож л явлаа. Ном зохиолоос ч бас нэрийг нь дуулсан санагдана. Тэр хулгар хэмээх Нацагаас манай хэдээс мэдээж их ялгаатай, зөв зүгийн зүрх зоригтой эр байсан гэдэг. Тэгэхээр л энэ ХУЛГАР гэдэг үг хув чихтэй ямар ч холбоогүй болж таараад байдаг юм. Саяхан эртний санагдах цуутай эрчүүдийн нэгтэй зах дээр таарахад нилээд халамцуу намайг танимхайран тэвэрч аваад" зохиолч дүү, муу ах чинь ХУЛЧГАР юмнуудын дэргэд жинхэнэ ХУЛГАР нь явлаа" гээд уйлан дуулж билээ. ХУЛЧГАР ба ХУЛГАР үгийн сангийн хувьд ижил үг биш ч ямар нэгэн төсөөт шинж байгаа мэт санагдав.
 
ГУРАВ.

Харин эмээ орос шар тоосгон дээр шавраар толгой хийж, хоёр зуугийн хадаасыг их бууны хошуу болгож хатгаад, элсэн дээр байлдаж тоглож байхдаа эмээгийнхээр санаатайгаар /уг нь хөөрхий санамсаргүй л дээ/ миний хамрыг тас цохисон гэмгүй номхон багийн найзыг минь харваас сэрмэгэр том дэлдэн чихтэй байтал "энэ хэний хүүгийн чих нь гэдэсгүй сармийчихаад цаагуураа нэг явдалтай. Битгий найзлаж бай, сайн явах хүн биш" гэсэн юм. Надтай тоглох гээд гэрээр орж ирэхэд нь ёс шиг л эвгүй муухай аашилна. "Хамар нь сартайгаад, нүд нь гөлөлзөөд хүний өөдөөс ч харахгүй, энэ бахлуур хоолой, хуруу гар нь олиггүй шинжтэй" гэдэгсэн. Муу найз минь эмээгийн юу хэлээд байгааг яаж ойлгох билээ. Нусаа шорхийтэл татаад л гэрийн зүүн хатавчинд гэмгүй амьтан намайг хүлээгээд зогсож байдагсан. Арваад жилийн дараа найз минь айлын гэрээс мөнгөн аяга туусан хэргээр өөр "сургуульд" яваад түүнээс хойш тэр л "сургуульдаа" орсон гарсан, гарсан орсон л дуулдсаар одоо нэгэнт сураг алдарчээ.

Одоо санахад гэдэсгүй хулман чихтэй найзыг минь муухан явдалтай хүн болно гэж ямар шинжээр нь яаж мэдээд баларсан балархай хувь заяаг нь зөгнөөд байсныг би сайн мэддэггүй. Хэн ч надад ийм тийм учиртай гэж зааж өгөөгүй. Олон сайхан эрдэмтэй багш нараасаа ч эмээгийн энэ "эрдэм" ямар учиртайг таньж чадсангүй дээ. Тэгвэл одоогийн энэ ил цагаанаар эх орныхоо "алтан аягыг" өвөртлөгчид над мэт шиг ХУЛЧГАР биш харин цайчихсан дотортой "эр зоригтнууд" жинхэнэ орчин цагийн ХУЛГАР-ууд биш гэж үү? Найз минь чааваас, гэм хэрэг хийсэн нь үнэн. Гэхдээ л манай төгс хулгаруудын дэргэд гэнэн хөөргөн зантай, дүүрчихсэн дүйвэн байсан ажээ. Айл ойр улсууддаа муу нэртэй луу данстай, гар хуруу урттай, хал балтай нэгэн байснаас бус улс орон даяар нь хоосолсон шунал ихтэй, шулам сэтгэлтэй, сувдаг шунахай, шулаачин байсангүй.  Хулгар гэдэг үг чиний хувь заяаг би эргэцүүлж сууна.
 
ДӨРӨВ.

Буян заяа ихтэй, бурхан чихтэй, нүүр дүүрэн, нүд саруул, дух магнай тэнүүн, дуу хоолой цээл, амны хишиг дагуулсан мэнгэтэй, амгалангийн цог гэрэлтсэн төрхтэй гээд л эмээгийн хүнийг тодорхойлох сайн "шинжүүд"-ийг харж ажиглах, таньж мэдэх насанд би нэгэнт хүрчээ. Мөн хараа доогуур, харц гүйлгэн, нүүрний өнгө хувхай, уруул омруугүй, хүзүү гүрдгэр, зуурын инээдтэй, зусар зантай зэргээр хар багаас нь хүүхдүүдийг харж таниад, хэлж "оношлосон" эрдмийг хагас дутуу болтугай ч ойлгож ухаарч байна. Энэ бүхэн өчигдөрхөн төрсөн өдрөө тэмдэглэсэн хаан эзний минь үеэс, магадгүй түүнээс ч өмнө гэгээн оюунтай өвгөд дээдсийн хүнийг таньсан мэдлэг ухаан, цагаар батлагдсан эрдэм байжээ. Хув ишиг майлаантай гэж мэдсэн шигээ хулгар бас маапаантайг тэд бас сайн таньжээ.  Бид олон зүйлээс холдож, олон хэрэггүй зүйлд дэндүү ойртжээ. Яагаад дэргэд минь өвийтөл сууж, насыг насалсан эмээгийнхээ ухааныг тоосонгүй вэ? Дэргэд минь уул байтал, холын толгодыг ширтэж явсан минь тэрхэн цагийн үзлийн алдаа юу, үгүй бол энэхэн биений ухааны хэмжээ юу?

ТАВ.

Сүүлийн үед би эх орныхоо хувь заяанд илүүтэй их шаналах болов. Ямар хүмүүсийг бид дээш нь гаргаж, маргаашийн найдвараа болгов. Авахын хэмжээгүй ч өгөхийн нүнжиггүй, чих хулгар,  нүүр сүүтэн, нүд сүүмэн, муур шиг далдуур гэтэгч, хумсаа нуугч, ханилахын хаяагүй, нөмөрлөхийн нөлөөгүй, алдарт Нууц товчоонд минь халагласнаар" өвсөнд ороовч үхэр яахааргүй, өөхөнд боовч нохой яахааргүй" муу шинж нь бүрдсэн сайн заяаны шинжгүй хүмүүст яагаад итгэв.
  
Тодорхой биш гэж үү? Өвгөдөө тоосонгүй, эмгэдээ хайхарсангүй. Өөрт наалдахааргүй гадны бүхэнд өөрийн эрхгүй итгэж, олон зууныг туулав. Хятад торгонд хөлбөрч, Орос дугуй булантай цайнд орсон шигээ холоос зээлсэн ухааныг хотлоороо шүтэж, зөөг сайхан монгол цайгаа биш чихэр зуурсан халуун кофе оочлосны минь гор гарч, ёр горзойж эхлэв.

Тэрхэн зуур ядаж "хулгар" гэдэг үгийн хувь заяаг таних өвгөд эмгэд минь "Марксааст, Леминыхний" /эмээгийнхээ хэлдгээр бичив / сургаалаар хүмүүжиж, биднээсээ ялгарахгүй билэг ухаантай болов.

Одоо хэрхэх вэ? Ойлгомжтой биш гэж үү? Мартагдсан ч гэсэн хүн таних, үг таних өвгөдийн ухаанаа хайцгаая. Маргааш илүү гэрэлтэй болох найдвар байна. 

/ Жич энэ эсээнд танд утга танихгүй олон үг байгаа бол энэ миний алдаа биш /

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

АРВАН ДОЛДУГААР ЖАРНЫ ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ЖИЛИЙН ӨВЛИЙН ЭХЭН САРЫН ШИНИЙН ГУРВАН

 
 
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бөөб 2018-11-13 03:21:45
    Яг голоор нь чаачихаж
    202.9.42.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Ff 2018-11-12 02:00:24
    Odooch hudlaa ineesen maligar garuud evgui dee.urd bas um oor bhad huniig tegj todorhoildog baij.orchin tsagt eseegeeree bolson shg sanagddiin
    172.56.2.130
    Мэдэгдсэн Хариулах
  • новшийн эмгэн шулам 2018-11-12 01:18:40
    Балиар шулам шиг эмгэн байж дээ. Тамд байгаа гэж найдья
    66.181.190.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-12 00:12:49
    Би ч бас эмээгээ саналаа.Эргээд бодоход хөгшчүүд минь аргагүй ухаантнууд байж.Баярлалаа.Уран бүтээлийн амжилт хүсье
    202.9.42.189
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-10 15:12:07
    бичсэнээ еерее ойлгож л байгаа байхдаа хулгар гэж хун юмуу тарвага юм уу номын цагаан солиотой хумуус нэг иймэрхуу юм бичдэг дээ эмээ нь сайрхуу хегшин байжээ
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-10 10:05:00
    Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв.Хоёр хуралтай АИХ Бага хуралтай.Ерөнхийлөгч засгаа удирддаг.Одоо луйварчид идэж ууж чадахгүй болно гээд ухаан алдлаа.
    202.9.43.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-10 05:31:03
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах