“Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөж буй Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өчигдөр/11.06/ Сингапурын багтай тоглож, 2-2 харьцаатай тэнцлээ.
Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан тоглолтын нэгдүгээр үеийн санаачлагыг бүрэн гартаа авч, эхний 45 минутад хоёр ч гоолыг оруулав. Манай шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч Б.Намуун дөрөв дэх минутад тооны харьцааг нээж, 37 дахь минутад Т.Ундрал багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм.
Уг хоёр гоолыг оруулахаас гадна 11 метрийн торгуулийн цохилт алдаж, бүхий л талаараа илүүрхэж эхний хагасыг өндөрлүүлсэн ч шийдвэрлэх үе хүссэн шиг байсангүй. Тодруулбал, хоёрдугаар үед Сингапурын багийнхан хоёр гоолыг нөхөж оруулан үндсэн цаг 2:2-оор өндөрлөлөө.
Хэдийгээр хоёр гоолын зөрүүгээр хожиж яваад харамсалтайгаар тэнцсэн ч энэ тэнцээ Монголын шигшээ багийн Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо болон түүхэнд тэмдэглэн үлдэж байгааг дурдах нь зүйтэй.
Б.ОД
Нэвтрэх