"Холын" хөрш ойртож байна
ОХУ Монгол хоёр нэг хэсэг урьдын бат холбоогоо умартаж, хоорондоо банкны гүйлгээ ч хийдэггүй байсан үе бий. Москва руу мөнгө шилжүүлэхийн тулд гуравдагч улсын дансаар дамжуулдаг, хойд хөршийн худалдаачид/ тухайлбал нефть экспортлогчид/ манайхаас заавал бэлэн мөнгө, хатуу валют шаарддаг байсан тэр үе харин одоо аажим аажмаар зөөлөрч байна. Украины асуудлаас болж дэлхий дахин хэдэн хэсэгт талцаад байгаа энэ үед хоёр орны харилцаа бүр хайлж, зөөлөн биш шингэн болох ч тал руугаа орж байгааг үгүйсгэх аргагүй. Энэхүү үйл явцад томоохон түлхэц өгөх нэгэн чухал үйл явдал өнөөдөр болохг эж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Улаанбаатарт хөл тавина. Энэ удаагийн айлчлалд хоёр улс өндөр ач холбогдол өгч байна.

Бидний хувьд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх, алсын гэхээсээ гарын дор, шууд хэрэгжүүлэх боломжтой ажил хэргийг танилцуулахаар зэхэж байгаа юм. Ингэх нь хоёр Хөршийнхөө эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх чухал ач холбогдолтой.
 
“Монгол Улс айлчлалын үеэр ОХУ- тай харилцах харилцаагаа жинхэнэ утгаар нь иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэнэ гэж найдаж байна” хэмээн хойд хөршийн rg.ru цахим сонинд бичсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Шанхайд В.Путинд урилга гардуулсны дараа хоёр тал Улаанбаатарт болох уулзалтаар төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, харилцан визгүй зорчих асуудлыг хөндөж ярилцана, мөн дэлхийн хоёрдугаар дайны эхлэл гэгдсэн Халхын голын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэнэ гэж тохирсон. Гэхдээ өөр асуудал ч бас хөндөгдөнө.
 
Монгол Улс ОХУ-д Шинэ Зеландын нийлүүлдгээс ч их мах нийлүүлэх боломжтой
 
Стратегийн түншлэлийг батжуулахад эдийн засгийн харилцаа ч гэсэн бие биеэсээ хамааралтай, маш зузаан байх шаардлагатай. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 1.7 тэрбум орчим ам.доллар байгаа бөгөөд үүний зөвхөн 62 сая нь Монголд ногдож байгаа нь тун ч хангалтгүй үзүулэлт юм.
 
Өөрөөр хэлбэл, бид ОХУ-д 62 сая ам.долларын бараа, туүхий эд нийлүүлж, 1.6 тэрбум ам.доллараар хэмжигдэх бараа, түү­хий эд, үйлчилгээ авдаг юм байна. Энэ тэнцвэргүй байдлыг өөрчлөхөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийх айлчлал тун ч ач холбогдолтой хэмээн манай тал найдлага тавьж байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэдгээ манай тал илэрхийлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид танайд Шинэ Зеландын нийлүүлдгээс багагүй хэмжээний мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн. Max, махан бүтээгдэхүүнд гүн боловсруулалт хийж, үүнийгээ ямар нэг татвар, хязгаарлалтгүйгээр урт удаан хугацаанд нийлүүлэх боломж­той. Гэхдээ хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь эцсийн боловсруулалт хийсэн байх ёстой гэсэн ганц л зүйлийг бид хүсч байгаа юм. Энэ зарчим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ч, уул уурхай, ашигт малтмалын тухайд ч адилхан хамаарна” хэмээн өгүүлснийг дээр өгүүлсэн rg.ru цахим сонинд тавигдсан нийтлэлд иш татжээ. Гэхдээ малын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж чадвал манайх шинэ болон хөлдөөсөн мах ч нийлүүлэх бүрэн бололцоотой билээ.
 
Украинтай холбоотой асуудлаар “Барууны” гэгдэх орнууд ОХУ-д хориг тавьж эхэлснийг бүгд мэдэж байгаа. Тэдний нэг болох Австрали улс цаашид ОХУ-д мах нийлүүлэхгүй гэдгээ өн­гөрсөн долдугаар сард албан ёсоор мэдэгдсэн. ОХУ-ын импортолсон нийт махны таван хувийг Австралиас импор­толсон хонь, үхрийн мах эзэлдэг байна. Хувь хэмжээг нь бодоход бага юм шиг боловч 6000 тонн, үнийн дүн нь 135 сая ам.доллараар хэмжигдэнэ. Чанарын өндөр стандартын дагуу бэлтгэгддэг гэдэг утгаараа Австрали махны үнэ Оросынхоос 3-4 дахин их, 1000 рубль, ресторануудад нийлүүлэгддэг нь 2000 рубль давах нь ч байдаг гэнэ. Гэвч Австралийн эрх баригчид махны хориг тавих талаар албан ёсны мэдэгдэл хийсний дараа Австрали мах “нүдний гэм” болоод байгаа аж. Гэвч өндөр үнэтэй мах алга боллоо гээд хэрэглэгчид баярласангүй, харин ч уурласан нь гайхмаар. ОХУ барууны орнуудын хориг арга хэмжээний хариу болгож Австралиас мах авахгүй гэсэн шийдвэрийг гаргаж байсан бөгөөд энэ үед хэрэглэгчид “Дотоодын мах үйлдвэрлэгчдийн лоббигоор ийм алхам хийлээ” хэмээн бухимдаж байсан удаатай.
 
 "Мираторг” хэмээх компани Липецк дэх фермээс өндөр үнэтэй үхрийн мах худалдаалж эхэлсний дараа энэ яриа гарсан юм. Харин ресторанууд нь Шинэ Зеландын махаар орлуулж эхэлжээ.
ОХУ мах импортолж болох орнуудын жагсаалтад Шинэ Зеландаас гадна Аргентин, Бразилийг “тоочиглоод” бай­гаа. Тэгвэл тэдэн дээр манайх нэмэгдэх бүрэн боломжтой юм. Дээрээс нь бас нэг зүйл байгаа нь Оросын хэрэглэгчид Шинэ Зеландаас их хэмжээний мах авах нь нэгдэж, дотоодын фермерүүдийг эрсдэлд оруулна, хоёрдож, нэг улсаас хэт их мах авах нь бизнесийн зарчмын хувьд буруу алхам гэж үзэж байгаа юм. Бас нэг асуудал байгаа нь Шинэ Зеландууд хонь, үхрээс гадна туулайн мах нийлүүлнэ гэж золигтоод байгаа бололтой. Оросуудыг туулайн маханд оруулаад авбал том зах зээл гэж шинэ зеландчууд тооцож байна. Оросууд Шинэ Зеландтай чөлөөт худалдааны бүс байгуулахыг чармайж байгаа бөгөөд ОХУ үүнд нь тун нааштай хандаж байгаа учир дээрх хэлэлцээр ажил хэрэг болсны дараа одоогоор хязгаарлагдмал хэмжээгээр орж ирж байгаа, харьцангуй хямд туулайн мах хойд хөршийн зах зээл руу цутгах нь. Бид үүний эсрэг үнэ харьцангуй хямд,  бас чанартай хонь үхрийн мах махан бүтээгдэхүүнээ санал болгох нь тун ч зөв зүйтэй алхам юм.
 
Шинэ Зеланд улс ОХУ-д махнаас гадна сүүн бүтээгдэхүүн ихээр нийлүүлдэг. Энэ зах зээлийн нэг хэсэг нь манайд олдох ч юм бил үү. Манай албаны хүмүүсийн хэлж байгаагаар бол бид хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспортлох ажлыг нэмэгдүүлэх зорилтыг оросуудтай хамтарсан үйлдвэр байгуулах замаар хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Энэ бол Шинэ Зеландаас илүү гарах бидний гол давуу тал юм.
 
Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед Монгол Улс хойд хөршид АНУ-ын нийлүүлснээс яльгүй бага хэмжээний мах худалдсан байдаг. Бэлэглэсэн, амьдаар нь гаргасан зэргийг нийлүүлээд үзвэл бараг АНУ-тай дүйцэхүйц хэмжээний мах нийлүүлж чадсан түүхтэй. Тиймээс Монголд ОХУ-ын мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломж бүрэн бий.
 
Транзит тээвэр, хийн хоолой дамжуулах хоолой Монголоор дамжих уу
 
Улс орны эдийн засгийн загваруудыг ярихдаа амьтнаар төлөөлүүлж нэрлэдэг жишиг бий. Тухайлбал хойд хөршийн эдийн засгийн загварыг баавгайтай зүйрлэдэг. Нэг талаас “Ийм ажил хийе, танайд ийм ашигтай, манайд ийм ашигтай, давай...”гээд шууд түс тас хийдэг, нөгөө талаас авна гэснээ заавал авч, ямар ч аргаар хамаагүй хийе гэснээ хийдэг түрэмгий маягийн бизнес явдаг гэсэн санаа. Хятадынхныг болохоор луутай зүйрлэдэг ч юм уу. Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй явж байгаад барьцаа аажмаар ахиулж, газар доогуур урсаж буй ус мэт автуулан авах хятад бизнесийг луугаар /лууг хэн ч хараагүй боловч бүхнийг эрхшээн захирдаг хүчирхэг амьтан гэдэгт бүгд итгэдэг гэдэг утгаараа/төлөөлүүлжээ.
 
Тэгвэл Монгол Оростой оросоор /баавгай маягаар түс тас/, Хятадтай бас өөрсөдтэй нь адилаар харилцвал зохино. Энэ агуулгыг бодоод үзвэл В.Путины айлчлал Си Зиньпиний айлчлалаас илүү үр дүнтэй, байгуулсан хэлцлүүд нь хурдан ажил хэрэг болох магадлал өндөр. Тиймээс хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын чиглэлийн төслүүдээ сайн бэлдэж байгаад “түс тас, түмпэн шанага” гэдэг шиг шийдээд, хэрэгжүүлээд явах бололцоо байна.
 
 Дээр өгүүлсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гад­на уул уурхайн салбарт бидэнд хамтрах өргөн бололцоо байна. ОХУ өөрсдөө ашигт малтмал ихтэй гээд манайхыг сонирхохгүй гэсэн үг биш. Оюутолгой, Тавантолгойд аль алинд нь орчихмоор л байгаа. Бас монголчууд бид өөрсдөө гуйж, зүтгүүлээд байгаа “Байгалийн хий, нефть дамжуулах хоолойг Монголоор дамжуулж тавих” асуудал хариултаа хүлээж байна. Төмөр замын транзит тээврийн тухайд бол асуудалгүй. Гурван улсын ашиг сонирхол нэг цэгт давхцаж байгаа тул асуудалгүй шийдэгдчих байх. Улаанбаатар төмөр зам ХНН аль хэдийнэ зөрлөгүүдийнхээ тоог нэмэгдүүлээд эхэлчихсэн, ачаа эргэлт огцом нэмэгдэхэд хөл алдахгүй байх бэлтгэлээ базааж байна. Харин хоолой тавих асуудал бол бидний хувьд маш эмзэг асуудал. Манайхан яах вэ, газар нутгаа ашиглуулсны хэдэн цаасны төлбөрийг нь л бодоод байгаа болохоос түүнээс цаадахыг харахгүй байх шиг.
 
 Оросууд Хятад руу дутуу шахвал яах вэ. Эс бол Хятадууд “танайх дутуу өглөө” гэж ОХУ руу бухдаг ч юм уу. Манайх дундаас нь аваагүй байсан  ч гэсэн “алдсан хүн арван тамтай” гэгчээр бид нар руугаа чихэх магадлал өндөр. Ийм байдлаар зэвсэгт мөргөлдөөнд хүрч байсан ч удаа байдаг юм билээ. Шанхайд болсон Си Зиньпин, В.Путин хоёрын уулзалтын дараа гарсан зураг дээр хоолойг Монголын нутгийг тойруулж тавихаар төлөвлөсөн байсан. Гэвч хойд хөршийн хэвлэлээр манайхаар дамжуулах магадлал өндөр хэмээн бичиж байсныг манай сонин тухайн үед уншигчиддаа хургэж байсан билээ. Албаны эх сурвалжаас сүүлд өгч байгаа мэдээллээр бол нефть хийн хоолой манайхаар дамжих магадлал улам өндөр болж байгаа гэх. Гэвч дээр хэлсэнчлэн   эрсдэл байгаа, тиймээс иймэрхүү барьцгүй асуудал дээр бол зайтайхан шиг зогссон нь дээр юм болов уу гэж бодох юм.
 
Монгол, ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог болно
 
Шанхайд болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинд харилцан визгүй зорчдог болоход бэлэн хэмээн санал тавьсан билээ. Тэгвэл энэ санал В.Путины айлчлалын үеэр ажил хэрэг болох нь байна. “ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчих тухай” хуулийн төсөл өчигдөр ОХУ-ын Сайд нарын танхимаар хэлэлцэгдэн дэмжигджээ. Хугацааны хувьд 30 хоног байхаар тогтоосон байна. Хэрвээ тухайн иргэн хөдөлмөр эрхлэх болон бусад зайлшгүй шаптгаанаар хөрш улсдаа 30 хоногоос дээш хугацаанд байх шаардлагатай болбол тодорхой бичиг баримтуудыг заавал бүрдүүлэх ёстой хэмээн зааж өгчээ.

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mjl 2014-09-03 01:49:31
    oros chanaraa gej....
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах