Т.Баярхүү: Долларын эздийн дарангуйллыг зогсоохын тулд шинэ Үндсэн хууль хэрэгтэй
Үндсэн хуулийн эргэн тойронд эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
 

–Үндсэн хуулийг өөрчлөх тухай УИХ-ын төвшинд, Ардын нам түлхүү  ярьж байна. Бусад нь хуулиа  шинэчлэхийг шаарддаг. Төрийн тэргүүн шинэчлэх нь зөв гэсэн. Сүүлийн үед амтай болгон ярьж, иргэд төөрөлдөх боллоо. Зөв гаргалгааг та юу гэж харж байна?

-Юуны өмнө Үндсэн  хууль гэж юу вэ гэдгийг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол Үндсэн хууль гэхээр Үндсэн хуулийн эрхзүй мэддэг ч юм уу, үгүй ч юм уу нэг хуульч, гадаад, дотоодын аль нэг сургууль төгссөн, эсвэл Өрнийн алдартай сургуулийн нэр барьсан судлаач нэр зүүсэн нөхөр мэддэг дүр эсгэж яриад байгаа нийтлэг алдаа монголчуудын дунд байна.

Одоогийн Үндсэн хууль гэж нэрлэгдээд байгаа нь ард түмэн суурь зарчмаа тохирч авч байгаа, нийтийн тохиролцоо юм. Түүнээс  ухаантай хүмүүсийн ярих сэдэв, эсвэл ард түмэн ойлгохгүй зүйл огт биш. Үндсэн хууль бол маш энгийн зүйл. Баярхүү эсвэл гурван сая Баярхүүгийн асуудал. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийг өөрийн  бие дээр тусгаж авчирч байгаад өөрөө байсан бол яах байсан бэ гэдэг өнцгөөс харвал ойлгомжтой юм л даа. Тухайлбал, энэ ярилцлагыг уншиж буй хүн болгон Үндсэн хууль гэдэг ийм юм гээд өөр дээрээ тусгаад авчихвал тун амархан ойлгогдоно. Тиймээс би өөр дээрээ жишээлж яръя. Тэгэхээр аливаа Үндсэн хууль нь Баярхүү хэн юм бэ, хэний хүүхэд вэ, ямар газар нутагтай, юу  өвлөж авсан, юуны эзэн  юм бэ. Ямар амьдрах гэж  хүсдэг юм бэ. Түүнийхээ төлөө юу хийх гээд байгаа юм бэ гэдгээ ерөнхийдөө зарчим болгоод баталгаажуулчихсан нийтийн зөвшилцлийн баримт бичиг гэсэн үг. Дэлхий нийтийн Үндсэн хууль гээд байгаа зүйл нь ерөнхийдөө гурван зүйлийг тодорхойлж өгсөн байдаг. Тэр нь үндсэн гурван бүлэгтэй байдаг бол манайх зургаан бүлэгтэй байгаа. Аль ч улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт, өөрийгөө хэн бэ гэдгээ зарладаг. Намайг Баярхүү гэдэг шиг бид гурван саяулаа монголчууд, мөнх тэнгэрийн хүчин дор оршдог өвгөд дээдсээс үлдээсэн 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутгийн эзэн. Бид ийм зүйлийг билэгддэг гэхчлэн өөрийн хэн гэдгийг, бусад улсаас ялгарч байгаа онцлог зүйлүүдээ дурддаг. Хоёрдугаар бүлэг нь бид 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутгийг өвгөд дээдсээс өвлөж,  ертөнцийн өгөөж, шимийг хүртэн амьдраад ирсэн. Бид саруул ухаантай, эрүүл биетэй, сайхан амьдармаар байна гэсэн хүсэл зорилгоо тусгадаг. Өөрөөр хэлбэл, хүний заяагдмал эрх болох орон сууцтай, идэх хоолтой, өсч үржих, гэр бүлтэй баймаар байна. Энэ эрхийг та нар хэзээ ч зөрчиж болохгүй  хэмээн томъёолж буй нь хоёрдугаар бүлэг юм. Ингээд сайхан амьдрахын тулд бидний төлөө зүтгэх ийм төртэй баймаар байна. Төрөө бид дундаасаа ингэж шигшиж сонгож гаргадаг болно гэж тунхаглаж байгаа нь гуравдугаар бүлэг юм. Үндсэн хууль ийм л гурван энгийн зүйлтэй. Өнөөдрийн ярьж байгаа олон түмэнд төөрөгдөлтэй байгаа асуудал нь гурван янзын байр суурь байхад хүмүүс хоёр юм шиг, Өрнийн эсвэл Дорнын философоор, хоймсон сэтгэлгээгээр хандаад байгаатай холбоотой.

–Тэр нь юу билээ?

-Өнөөдөр монголчууд гурван асуудал ярьж байгаа. Нэг нь монголчууд өрөндөө баригдсан, шударга ёс байхгүй болсон. Газар нутгийг нь харийнхан авчихсан, тэдэнтэй нийлж газар нутгаа зарж, оффшор руу мөнгөө хийдэг хулгайч нар олширсон. Дээр нь  гаднаас зээл авч ирээд ард түмний өмчийг дээрэмддэг бүлэглэлтэй болчихсон. Монголд болж байгаа юм нэг ч байхгүй. Оюун санаа нь тэр чигээрээ хямралтай, ахуй амьдрал нь өрөнд идэгдэж, өтөгт баригдсан. Төр гээч  юм байна гэж хүмүүс боддог бол тэр нь  Монголд  байхгүй. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон учраас хүн бүр өөртөө онош тавьж эхэлж байгаа. Энэ юунаас болов. Тэгэхээр гурван сая монголчуудын “өвчин” тусаад байгаа суурь асуудал нь гурван зүйлээс болж байгаа. Нэгдүгээрт, 1992 онд шинэ  Үндсэн хуультай болж, одоогийн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүтцийг байгуулан 28 жил явлаа. Одоо нийгэм маань ямар ч байсан төр ажлаа хийж чадахгүй байна гэдэгт 100 хувь санал нэгтэй болсон. Тэгвэл төр гэдэг маань юу вэ гэвэл, 1992 оны Үндсэн хуулиар бий болсон бүтэц. Үүн дээр оношийн гаргалгаа гарч байгаа. Энд ерөөс  1992 оны Үндсэн хууль сайн хууль, хүчин чадал нь барагдаагүй, түүнийг хөндөж гар хүрч болохгүй гэсэн  нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь 1992 оны Үндсэн хууль сайн болсон. Гэхдээ дунд нь жаахан засвар оруулж сайжруулах хэрэгтэй гэж байна. Ардын намынхан ингэж яриад байгаа. Үлдсэн нь 1992 оны хууль болохгүй байна, тиймээс бүрэн шинэчлэх ёстой гэдэг. Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд хэлсэн хувилбар ийм. Сүүлийн 3-4 жил Дээд хууль нэрээр шинэ Үндсэн хуулийн  төслийг уйгагүй танилцуулж яваа МАХН-ын хувилбар мөн ийм. Тэгэхээр ард түмэн маань эдгээр байр суурийг харьцуулж харахдаа, миний түрүүнд хэлсэн гурван зүйлийг хэн нь хэлж байна гэдгийг  хамгийн түрүүнд ажиглах  хэрэгтэй.

–Үндсэн хуулийн талаар ярьж байгаа субьектуудыг ийм  өнцгөөс  харвал  аль нь  ард түмэнд ашигтай вэ гэдэг нь ойлгомжтой болно гэсэн үг үү?

-Тийм. Жишээ нь, саяхны нэг мэтгэлцээнд Э.Бат-Үүлийн байр суурийг хүмүүс ойлгохгүй үлдчихэж байсан. Мань эр асуултаас тойрч бултаад байсан. Тэгэхээр асуудлын хайныг энэ өнцгөөс асууж хайныг хагалах ёстой юм. Гэтэл хүмүүс засаад сайжруулъя гэсэн Ардын намын, бүр мөсөн шинэчилье гэсэн Ерөнхийлөгчийн байр суурь, шинээр хууль баталъя гэсэн МАХН-ын байр суурийг анхаараад байна. Жаахан засаад гайгүй болчихно гэсэн хүмүүс Саарал ордонд зөндөө байна шүү дээ. Эсрэгээрээ,  хууль хэрэгжүүлдэг хүмүүстээ байгаа юм гэх хүн ч байна. Тиймээс УИХ дахь 76 гишүүнийг дээр байгаа гурван хэсэгт ангилах ёстой. Тэгж байж тодорхой болно. Жишээ нь, одоо хүчин төгөлдөр байгаа 1992 оны  Үндсэн хууль болж байна уу гээд асуухад, 99.9 хувь нь болохгүй байна гэж хэлнэ. Амьдрал нь тийм байхад тэгж хэлнэ шүү дээ. Дараа нь болохгүй байгаа юм бол яаж өөрчлөх вэ, эсвэл шинэчлэх үү гэдэг асуулт гарна. МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаад явъя гэж байгаа. Маргааны энэ хэсэгт ард түмэн ихээхэн будилж байгаа. Үнэндээ энэ хэсэгт дэлхийн стандарт болсон, авууштай заалтууд ч зөндөө, зөрчилтэй заалт ч бий. Тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт  оруулах уу, шинэчлэх үү гэдэг хоёр байр суурийн хувьд би  шинэчилнэ гэдэг талд нь байдаг.

–Ямар үндэс­лэлээр тэгж үзэж байна вэ?

-Саяхан би Кир­гизстан улс руу яваад ирсэн. Тэндхийн төрийн түшээд, удирдах албаны хүмүүстэй ярилцахад  монголчууд Киргизийн ард түмний алдааг давтах нь гэж бодогдсон. Киргизүүд найман удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан байна. Нэмэлт, өөрчлөлтийг найман удаа хийсэн байна шүү дээ. Үүгээр би юу тайлбарлах гээд байна гэвэл, төр нь ажлаа хийдэггүй, үүрэг, хариуцлага хүлээж чадахгүй болчихсон төрөөр нэмэлт, өөрчлөлт хийлгэж болдоггүй  гэдэг нь   Киргизстаны бодит жишээ  юм. Тэд найман удаа нэмэлт, өөрчлөлт хийгээд төгс хувилбартаа очоогүй байхад  бид найман удаа Д.Лүндээжанцан шиг хүнээр нэмэлт, өөрчлөлт хийлгээд амжих уу. Мэдээж Д.Лүндээжанцан Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад үе нь дуусна. Дараагийн Лүндээжанцан шиг нөхөр гарч ирээд дахин нэмэлт, өөрчлөлт  хийнэ. Д.Лүндээжанцан нар тайлбарлахдаа бүх бурууг Ерөнхийлөгчийн институт, Засгийн газар эрх мэдэлгүй байна гэдгээр тайлбарлаад байгаа. Үндсэн арга нь тэр. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлэг рүү орж ярихгүй, зөвхөн гуравдугаар бүлэг дээр эрх мэдлийн асуудлаар хөөцөлдөөд байна шүү дээ. Гэтэл Үндсэн хууль нь өөрөө марзан заалттай байгаад байна. 1992 оны Үндсэн хуульд Ерөнхийлөгч  Ерөнхий сайдын нэрийг зөвшилцөнө  гэж  байна.  1992 онд Үндсэн хууль хийхдээ АИХ-ын  дарга  байсан П.Очиртбатыг шууд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгүүлээд батламжлах жишээтэй явсан. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялахад угаасаа эвслээс  нэр дэвшсэн байсан учраас П.Очирбатыг батламжилсан. 1997 онд Н.Багабанди МАХН-аас Ерөнхийлөгч болж, М.Энхсайханы Засгийн газар унахад Да.Ганболдын нэрийг долоон удаа буцааж байсан. Яг тэр үед л Үндсэн хууль маань худлаа байна гэдгийг мэдээд цоо шинээр эхлэх ёстой байсан юм. Гэтэл тэрийг хийгээгүйн гай “Дордуулсан долоо” ч биш ер нь бол дутуудуулсан долоон заалт юм. Дунд нь Ц.Элбэгдорж мэтийн гайнууд гарч ирж төр самарсан гэхээс илүү бодит гай нь тэр. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр зээлд орохгүй байж болох юмыг сардаа 30 мянган ам.долларын өрөнд орохоор байдлыг хийчихэж байна шүү дээ.

–Тэгвэл манай улс юун дээр алдчихав?

-Сүүлийн 70-80 жил ам.долларын эзэд мөлжлөг хийхдээ эзэнгүй, төргүй, төрийн байгууламжгүй байхаар Үндсэн хуулийг нь хийлгэж ирсэн байдаг. Аливаа төр, засгийн  үүрэг нь мөнгөө хэвлэж, ард түмнийхээ ахуй амьдралыг авч явах юм. Гэтэл тэр үүрэг, түүндээ таарсан эрхийг нь тухайн улсад нь  өгөлгүйгээр өөрсөдтэйгөө адил зальтай Монголбанк гэдэг бүтэц рүү өгчихсөн. Зээл, тусламж бүх юмыг тухайн улсад авчрахгүйн тулд УИХ, Засгийн газар гэж хэрэлдүүлж, уралдуулдаг. Тэгж  байгаад Засгийн газар нь ямар ч эрхгүй зөвхөн газар нутгаа зардаг, 1.6 жилийн настай, тэр хугацаанд Оюутолгой, Дубай, Тавантолгойн гэрээ зурдаг, тэгээд бүх юмыг  нь Монголбанкаар дамжуулж удирддаг болгочихсон.  Энэ залийг задлах үүднээс шинэ Үндсэн хууль хэрэгтэй юм.

–Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн хийж чадах вэ?

-Одоо байгаа Ардын намынхан үүнийг хийж чадахгүй. Дордуулсан долоо шигээ дахиад дордуулна. Эсвэл  дутуудуулсан 20-30 заалттай байж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч огт  болохгүй.

–Яагаад?

-Өнөөдөр Д.Лүндээ­жанцан, Г.Занданшатар хоёроор харийнхны хийлгээд байгаа хувилбар 30 тэрбум ам.долларын өртэй болчихсон монголчуудыг дахин хэдэн жил явахад 40-60  тэрбум ам.долларын өртэй болгох, биднийг геополитикийн бодлогодоо ашиглаж дуусаад хятадуудад зарах хүртэл үргэлжлэх ийм л тогтолцоог үргэлжлүүлэхийг хүсээд тийм зүйл хийлгээд байна. Ерөөсөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг  зүйл нь  анзаардаг хүнд 5-6 жилийн өмнөөс Америкийн хөгжлийн агентлаг, НҮБ гэх мэт геополитикийн  тоглоомд нь оролцдог, ашиглагддаг  байгууллагуудаас  бүтцийг нь ашиглаж судалгаа маш сайн хийгээд, дундаас нь юмыг нь аваад явчих Г.Занданшатар мэтийг нь аваачиж сургалтад хамруулаад, нөгөөх нь  санаатай санаагүйг бүү мэд тэрэнд нь хөтлөгдөөд явчихсан зүйл. Мухар сүсэгтэй лам болчихдог шүү дээ. Зарим хүн түүн шиг тэр үзэл онолд нь үнэмшээд үлгэрлэвээс  хар лам  гэдэгт  үнэмшээд, тийм болно гээд явж байгаа асуудал. Түүн дээр нь өөрийгөө  хуульч гээд бодчихсон Д.Лүндээжанцан үхэхдээ үхэр буугаа тавина гэгчийг хийгээд сууж байгаа. Халз мэтгэлцээн дээр өөрөө  “Миний тархинд буухгүй байна, дахиж шинэ Үндсэн хууль хийвэл” гэж хэлж байсан. Түүнээс харахад, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар долларын эздэд ашиглагдаж байгаа хүмүүс. Тиймээс бид долларын эздэд ашиглагдаж байгаа, Монгол Улсыг цааш нь мөлжих гэж байгаа эдгээр хүнд үйлчилдэг, Монголын төр нэртэй долларын эздийн байгууллагыг үргэлжлүүлэхгүйн тулд заавал Шинэ Үндсэн хуультай байх ёстой. Тэгэхээр халз мэтгэлцээнүүд ч гэсэн цаашид хуучин Үндсэн хууль, түүнд засвар оруулах байдлаар явах ёсгүй. Үүнийг тайлбарлахад монголчууд бүгд ойлгоно. Өнөөдөр гурван сая монголчууд 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай байж, түүндээ эзэн нь байж чадаж байгаа юм уу. Та хариул даа.

–Монгол хүн гээд монгол нутагтаа эзэн байж чадахгүй байгаа л даа. Улсын маань газар нутгийн 50 хувь нь лиценз хэлбэрээр гадны компаниудын мэдэлд орчихсон гэсэн тоо баримтууд байна.

-Модунь хааны “Газар бол улсын үндэс”  гэсэн зарчим Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт  орох ёстой юм шүү дээ. “Газрын доорх баялаг зөвхөн ард түмний мэдэлд” гээд л хуульчилсан, тэр нь хуурай лоозон болж хувирсан. Тэр томъёололтойгоор, хэн ч зөрчиж болохгүйгээр хуульчлах зүйлээ Үндсэн хуулийнхаа нэгдүгээр бүлгээс эхэлж шинээр хийх ёстой юм.

Үргэлжлэл бий.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долгион 2019-06-26 04:45:34
    Энэ хүний овгийг бүтэн мэдэх хү бн уу
  • zochin  2019-04-04 06:15:48
    undsen xuuliig uurchilnu gd mun ch buruu yarix yumdaa xuulichid geed olon uls bgaa salbaraa xamgaalaxgui bol ix medegchid yamar ix boloo be
  • zochin  2018-11-01 06:33:21
    shuugchiig ard tumne tomilood bxda yaxav ard tuemen tomildoggui ta nar torin udirdlagaa ch medexgui baij undsen xuuli ruu orloo tord buu gai chir!!!!!!
  • иргэн 2018-10-30 06:30:49
    Мэддэг нэгнээ дэмжих хэрэгтэй.
  • оллоо 2018-10-30 04:36:26
    90 оны хувьсгалыг долларын эзэд санхүүжүүлж өөрсдийн үндсэн хуулиа Монголд шахсан юм .ердөө л энэ.
  • иргэн 2018-10-30 04:14:34
    Энд үндсэн хууль ямар ч хамаагүй. Зүгээр л одоогийн хууль дүрмээ мөрдүүлээд авлигачдыг устгаад төрийн дээрэм байхгүй болгоход болоо
  • Иргэн 2018-10-30 03:10:36
    Ийм л 76 хүн хэрэгтэй байна даа.
  • Батаа 2018-10-30 03:05:29
    Илжиг модон хударгандаа гэж үг байдагсан энэ хүнийг тойрч маргах бус бидний төрд асуудал байна уу байна одоо яах вэ л биз дээ
  • gd 2018-10-30 02:30:26
    Ene Bayarkhuu bas huuramch ediin zasgiin doktor geed baigaa otgontugs yag ediin zasgaar hamgaalsan yum uu
  • !!! 2018-10-30 02:27:56
    Odoo onoodor baigaa Undsen huuli maani yawzgui oilomjgui geheesee iluu 30ger buliin 300 gaad huniig hagartal bayjihad Mongol uls dampuurahad hotolj b na oorchil...
  • ? 2018-10-30 02:15:25
    Энэ нөхөр сэтгэцийн хувьд ямар хүн бэ???
  • Зочин 2018-10-30 02:13:35
    Ийм юмнуудаас яах гэж ярилцлага энэ тэр авч байдгийн. Үл тоох хэрэгтэй ш д
  • Бат 2018-10-30 01:44:14
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо