Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлыг онцлон тоймлож байна.
 
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарын холбооны улсын Женев хотноо албан ёсоор эхлэв.

Энэ удаагийн чуулганд төр, засгийн тэргүүнүүд, сайдууд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэр дундаа гүйцэтгэх захирлууд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, зарим улсын төр засгийн тэргүүний илтгэлийг сонсож, ярилцав. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Ядуурлыг тогтвортой бууруулах хөрөнгө оруулалтыг дэмжих шагналыг “Лесото” үндэсний хөрөнгө оруулалтын агентлагт гардуулж, чуулганы төлөөлөгчид дурсгалын зураг татуулснаар нээлтийн ёслол өндөрлөв. 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы улс орнуудыг сурталчилах павильонуудаар явж, Монголыг сурталчилж буй павильонын урд саатан албаны хүмүүстэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы хуралдаанд оролцож, үг хэлсэн юм.
 
 Засгийн газар хуралдлаа

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргав.

2022 онд ашиглалтад оруулах газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35, авто болон төмөр замын холбоос 3.7 км гүүр 50, төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажлын явц 65 хувьтай байна. Үйлдвэрийн 110 кВ-ын цахилгаан  дамжуулах агаарын шугам, дэд станцын барилгын ажлыг ирэх сарын нэгэн гэхэд дуусгахаар төлөвлөжээ.  

Засгийн газраас мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр замтай болсноор нүүрсний экспорт болон боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг олон давуу талтай юм.
Янданд утаа шүүгч тавихаас татгалзав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр улсын төсөвт тусгасан таван ажлын зардлыг бууруулах, 13 ажлын зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Онцлоход агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулав. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн янданд утаа шүүгч тавих төсөв хасагдаж байна гэсэн үг юм.

Мөн баасан гарагийн болсон чуулганы хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой асуудлыг гишүүд хэлэлцэв. 
 
Сурагчдын амралт эхлэв 

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан.

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарлаа. Тодруулбал, сурагчдын амралт өчигдрөөс эхэлсэн бөгөөд ирэх сарын 04-нд хичээл орно.
 
Талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө
 
Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өгсөн үйл явдал өнгөрсөн лхагва гарагт боллоо.

Талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. 
Улмаар СХД-ийн зургадугаар хороонд байрлах "Очир" хотхонд 60мк шинэ хоёр өрөө байрны түлхүүр гэрчилгээг гардуулан өгөв.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.