Цахим орчин дахь эерэг хандлага ба зөв хэрэглээг эзэмшье
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд өсвөр үеийнхнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, зөв дадал хэвшлийг бий болгох, энэ талаарх мэдээ мэдээллийг хүүхэд эцэг, эх анги удирдсан багш, бусад талуудад түгээх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлж салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хүүхдэд хандсан арга хэмжээг байнга зохион байгуулдаг. Үр дүн ч сайн байдаг талаар албаныхан онцолж байна.

XXI зууныг бол мэдээллийн эрин үе гэдэг. Одоо хүн бүр цахим хуудсанд тавтай морилж, өөрийнхөө тааваар таалалаар хэрэглэж ашигладаг болжээ. Найман настай хүүхдээс 80 настай буурай хүртэл цахим сүлжээг сайн ашиглаж байна. Энэ нь нэг талаар хөгжил ч нөгөө талаар мэдээлэл авах нээлттэй суваг гэж үзэж буй.

Гэхдээ үүнд анзаарах, анхаарах нэг зүйл бол яах аргагүй хүүхдүүдийн цахим хэрэглээний асуудал. Хүүхдэд цахимын эерэг хандлага болоод зөв хэрэглээг эзэмшүүлэхэд эцэг эх болоод багш нарын үүрэг оролцоо их чухал. Хүүхдийг багаас нь эерэг хандлагатай, зөв бодолтой, ёсзүйтэй, бие биенээ хайрлан хүндлэх, сэтгэлгээтэй хүн болгохын тулд хүрээлэн буй орчин болоод эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарын хандах хандлага, хариуцлага тодорхой харагдана. Гурван хүүхэд тутмын нэг нь фэйсбүүк хэрэглэдэг судалгаа бий.

Хэрвээ та хүүхдээ анзаарахгүй, анхаарахгүй, цахим хэрэглээг нь хянахгүй байснаас болж цахим орчинд гэмт хэргийн халдлагад өртөж, нэр хүндээ гүтгүүлж, хэн нэгэн этгээдэд дарамтлуулах вий. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд хамгийн эмзэг тусдаг асуудал.

Хэдэн жилийн өмнө “Бүдүүн охин сургуулиас зайлаарай” гэж фэйсбүүкийнх нь зургийн доор бичүүлсэн охин өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Цахим орчин дахь сөрөг мэдээлэл ийм л аюултай зүйл. Бид нэг нэгэндээ урам хайр, уярал ухаарал өгч байх ёстой байтал ад үзэж, нүд үзүүрлэх ёсгүй баймаар. Үеийн охидууд нэгэндээ эерэг, эелдэг хандаагүйгээс болж өнөөдөр олон хүүхэд сургууль дээрээ болон ангидаа шоолуулж, доромжлуулж байгааг үгүйсгэхгүй юм.  

Яагаад бид, бидний үр хүүхэд нийтдээ, нийгэмдээ эерэг хандлагыг бий болгож болохгүй гэж, яагаад нэг нэгнээ хайрлаж, ойлгож болохгүй гэж.

Хүүхдийн хүмүүжил, эерэг, сөрөг хандах хандлагад яагаад эцэг эхчүүд чухал вэ гэдгийг дахин онцлоход, таны хүүхэд боловсролын байгууллага болон цэцэрлэг дээр 5-6 цаг болно. Харин үлдсэн 18-19 цагийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлдэг. Тэгэхээр хүүхэд хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байгаа биз дээ. Тиймээс үр хүүхдүүддээ багаас нь эерэг бүхнийг үлгэрлэж байх нь ээж аав, ах дүүгийн үүрэг байх нь.  
 
Сошиалыг хэрхэн яаж ашиглах нь таны хувийн соёл

Цахим сүлжээ буюу фэйсбүүк, твиттер нь хүний хувийн хэрэглээ гэж тодотгосон. Орчин үед цахим сүлжээгээр ажлаа ч хийдэг болжээ. Техник технологи дээд зэрэгтээ хүртэл хөгжсөн XXI зуунд сошиал медиаг хэрхэн ашиглах нь таны хувийн сонголт, соёл юм.

Мэдээллийн хэрэгсэл хөгжихийн хэрээр муу муухай зүйл их ил гардаг болж гэж шүүмжилж байгаа ч үүнийг зарим үед үгүйсгэх хэрэгтэй. Яагаад гэвэл хуучин үед цахим сүлжээ хөгжөөгүй байхад иймэрхүү бусармаг зүйлүүд зөндөө байсан гэдэг.

Хэрвээ цахим сүлжээ хүн зөв ашиглавал, үр өгөөжтэй мэдээлэл өгөх, авах асар их нөлөөтэй. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ авч байна, эрж хайж сурч байгаа бүхнээ олж байгаа нь үнэн. Гар утас, интернэт бол холыг ойртуулж хоёрыг учруулдаг гэдэг. Хамгийн гол нь буруугаар биш зөвөөр ашиглах нь хувь хүний соёл, эерэг хандлагатай шууд холбоотой.

Нүүр хуудсандаа ямар мэдээ, мэдээлэл оруулдагаас таны хэн болохыг төвөггүй мэдэж тодорхойлно. Гэхдээ хүний энерги сордог сөрөг сэтгэгдэл мэдээлэл, ёс бус зүйл байнга сурталчилдаг, бусдыг буруу зүйлд уруу татсан мэдээлэл оруулдаг хүнээс хол байх хэрэгтэй. Харин эерэг, хүний мэдлэгт мэдээлэл  өгдөг хүнтэй ойр байхад гэмгүй. Ингээд цахим хуудсандаа эерэг байх хэдхэн зөвлөгөө өгье.

-Дандаа стресстэй сэтгэгдэл хийдэг хүмүүсийг unfriend хийчиж бай. Сэтгэлд амар байх болно.

-Дандаа чам дээр лайк дардаг хүмүүстэй найзалж бай. Тэд чамайг үргэлж дэмжих болно.

-Дандаа гоё эерэг сэтгэгдэл мэдээ оруулдаг хүмүүсийг close-дээ нэмчиж бай. Амьдрал баялаг санагдах болно.

-Дандаа юм гуйхдаа л харьцдаг хүмүүсээс холбоогоо тасал болохгүй бол block хийчиж бай. Тийм хүмүүс төвөг л болох болно.

-Дандаа атаархмаар мэдээлэл оруулдаг хүмүүсийг ажиж бай. Чамайг амжилтанд хүрэхэд тэд хурцлах болно.

-Эцэст нь Facebook-ыг үр дүнтэй ашиглаж чаддаг бай. Үгүй бол амьдралын чинь цагийг facebook идэж уух болно.
 
Хүн өөрөө л зөв бодолтой, зөв үйлтэй байвал бүх зүйл эерэг мэт санагдана



Олон нийтийн сүлжээг эерэгээр ашиглаж сурсан нэгэн эмэгтэй бий. Түүнийг Д.Мөнхзаяа гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй ганц охинтой, өрх толгойлсон эмэгтэй. Охиноо хардаг түүний хувьд ажил хийх ямар ч боломжгүй, хүүхдээ гэртээ асардаг нэгэн.
Гэхдээ түүний сэтгэл зүтгэл, алсын мөрөөдөл, бодож байгаа бүхэн нь зөв зүйл рүү тэмүүлсэн мундаг бүсгүй. Толгой гудайж, гутранги зүйл ярьж байхыг нь ёстой сонсч байгаагүй юм. Тэрбээр цахим сүлжээг маш зөв ашигладаг. Дандаа гоё эерэг сэтгэгдэл оруулдаг. Хөгжилтэй бүсгүй. Нийгмийн муу муухай бүхнийг хардаггүй, сурталчилдаггүй ухаантай эмэгтэй. Түүний байгаа байдал, хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоноос нь эерэг мэдрэмж авдаг. Тэргэнцэртэй охиноо түрж гудамжинд явахдаа охин нь ч хогоо ил задгай шууд хаядаггүй гэсэн. Хогоо хогийн саванд хийдэг юм гэсэн ойлголтыг охиндоо сайн ойлгуулсан ээж.

Гэртээ манюкер ажилуулдаг, гар урлалаар хүүхдийн үсний боолт, гоёл чимэглэл хийж, интернэтээр зарж борлуулдаг юм. Түүнтэй уулзаад эерэг хандлагын талаар ярилцаад сууж байхад ийн өгүүлэв.

“Хүн л өөрөө зөв бодолтой байх юм бол эерэг гэсэн үг дээ. Өнөөдөр болж бүтэхгүй байна гээд эвэр амлаж суухгүй. Надад хөдөлмөрлөх бүрэн боломж бий ч охиныхоо эрхэнд орчихсон хүн. Гэхдээ зүгээр суухыг хүсдэггүй, гэрээрээ хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулдаг. Ээж, охин хоёр орлогынхоо мөнгийг цуглуулж хурааж машин авахаар зүтгэж байна. Бараг үнийн 50 хувийг нь цуглуулчихсан шүү. Уй гунигийг бүү хэл нулимсыг ч зөвшөөрдөггүй миний нүд, урдаас ширтэх жижигхэн хоёр цогийг хараад чийгтдэг. Уйлах нь бүү хэл дуулах ч завгүй миний хоолой угтаа тэр л бяцхан бурханыг хараад сааралтдаг. Охинтой юм болохоор орчлон надад гэгээтэй санагддаг. Охинтой юм болохоор огторгуй надад өнгөтэй харагддаг шүү” гэж өөртөө итгэлтэй инээх нь ямар бүтээлч хүн бэ гэдгийг илтгэнэ.

Хүнийг нас хүйс, шашин шүтлэг, байгаа байдал, ар гэр, ажил төрлөөр нь олон нийтийн сүлжээнд гутаан доромжилж бичих нь зүй зохисгүй хэрэг юм. Магадгүй таны бичсэн мэдээллээс болж хэн нэгэн айлын амьдрал сүйрч, хэн нэгэн гомдож бачуурахдаа балмад болчимгүй зүйл хийвэл яана. Үүнийг сайн бодох хэрэгтэй. Харин ч хэн нэгэнд итгэл найдвар, урам зориг, хүч тэнхээ өгвөл баярлах болно. Хүний амь амьдралыг ч өөрчлөх ид шидтэй сайхан үг, өгүүлбэрийг бичиж, хэлж байхыг эрмэлзээрэй.
 
Эерэг хандлага айл, албан байгууллагаас эхэлнэ


Сэтгэл судлаач, бурхан урлаач Д.Магсаржав “Эерэг хандлага айл гэрээс, албан байгууллагаас эхэлж байх ёстой. Ажилдаа ирлээ нэг нэгэнтэйгээ эелдэг дотноор мэндэлж, ажлаа эхлүүлдэг байх. Орой тарахдаа “Сайхан амраарай түр баяртай” гэдэг үгийг үргэлж хэлдэг байх ёстой. Гэртээ ирлээ, халуун дулаан дотноор хайртай гэр бүлийнхнийгээ угтаж авдаг байх нь эерэг хандлага. Сайхан халуун хоол цайтай, ханиа, үрсээ угтах нь жаргал бусуу. Нэг нэгэндээ сайхан энерги, элч эрчим өгч байж амьдрал сайхан тэгширнэ.

Эерэг хандлага гэдэг нь муу зүйлсийг таньж мэдээд түүний эсрэг сайн зүйлсийг зэрэгцүүлэн тавьж тэр сайн зүйл дээрээ төвлөрч ажиллаж амьдрахын нэр юм. Ер нь бол ёс суртахуунтай хүн л эерэг зүйлсийг дэлгэрүүлж чадна.
Хүн яагаад  сөрөг зүйл дээр төвлөрч амьдраад байна вэ гэвэл мунхаг учраас яагаад өнгө мөнгөнд шунаад байна вэ гэхээр шуналд хүлэгдсэн учраас, яагаад уурлаж цухалдаад байна гэхээр сэтгэлээ жолоодож сураагүй, өөрийн хүслээр болоогүй учраас тэр юм.

Жишээ нь “Хан-Уул дүүрэгт баригдаж байсан орон сууцны барилгын гадна талбайд кран унасан осол гарчээ. Тодруулбал, “Говь” компанийн үйлдвэрийн арын зам дагуу баригдаж буй орон сууцны барилгын гадна кран унажээ. Одоогоор ослын газар холбогдох албаныхан ажиллаж байна. Осол 14:15 цагийн үед болжээ” гэсэн мэдээлэл байна. Үүнийг уншсан уншигч хэрвээ эерэг сэтгэлгээтэй бол хөөрхий хүн амьтан бэртээгүй, гайгүй байгаа даа гэж хамгийн түрүүнд бодно.

Харин сөрөг хүн бол завхарсан юм муусайн юмнууд хууль дүрмийг биелүүлэхгүй ажиллаж байна. Энэ барилгын ажлыг хаагаач торгооч гээд муулж, мэдээний дор муухай сэтгэгдэл бичих байх л даа.  Сөрөг мэдээллүүдээс болж монголчууд хорт хавдар тусах магадлал маш ихсэж байгаа. Өөрөөр хэлбэл, бие хэл, сэтгэлээ ариулах чадваргүйтсэн гэсэн үг юм. Ховын муу муухай үгэнд дурлаад, амьдралын сайн сайханд тэмүүлэхгүй байна. Эерэг, гэрэлтэй гэгээтэй мэдээлэлд тэмүүлэхгүй байгаа юм.

Эерэг хандлагыг хэн нэгэнд түгээх нь бас уулзаж буй хүмүүстэй учир холбоотой. Сайхан хүнтэй уулзах далай ламтай уулзсанаас илүү сайхан энерги хүнд бэлэглэдэг. Монгол хүн амны билгээрээ гэдэг. Энийг л мөрдөж занших хэрэгтэй. Дандаа сайн сайхныг хүсэж, зөгнөж ярьдаг бол бүх юм аяндаа цэгцэрнэ. Тэгж хүсэхгүй ярихгүй учраас аливаа зүйл сайжрах биш муужрах, муудаж өтөх янз руугаа яваад байгаа юм.

Бас монголчуудын сэтгэлгээ их хаалттай "жалга довны үзэл" эерэг хандлагын удаан орших боломжийг хаадаг. Эерэг хандлага гэдэг бидний сэтгэлд үлдэх дурсамжууд юм шүү” гэлээ.


О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oskhoo 2023-04-05 01:50:39
    Маш зөв эерэг хэндлагатай бүсгүй байнаа
    202.55.188.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяндалай 2021-11-18 12:39:36
    Маш зөв
  • Баяр жавхлан  2021-10-18 09:20:50
    Маш саихан баинлаа баярлалаа
  • deleg 2018-10-26 08:08:28
    Энэ муухай бараан нийгэмд эерэг байх нь стресгүй шүү...
    66.181.160.114
    Мэдэгдсэн Хариулах
  • эерэг нэгэн 2018-10-26 02:22:08
    зөв шүү. эерэг байцгаая аа
    66.181.161.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-26 02:13:49
    mash zuv untsug gargajee, sn niitlel boljee, setguulchid amjilt husey
    66.181.167.54
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-26 02:12:21
    Tim shuu mash zow zuiliig hondson bn.
    66.181.161.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Нацаг  2018-10-26 02:09:07
    Бас л сайхан хэрэгтэй сэдэв хөндсөн байна...Эерэг хандлагыг дэлгэрүүлэхэд биднээс их зүйл шалтгаална аа...
    66.181.160.114
    Мэдэгдсэн Хариулах