Отгонтэнгэр хайрханы оргилоос “нүүсэн” 17 амь
 
Яг нэг жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших цаст Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн уулчид ор сураггүй алга болов. Нийт 27 уулчин авиралт хийснээс, 17 нь ор сураггүй алга боллоо гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын алба болон цагдаагийн байгууллагын тусгай утсанд ирж, түмэн олныг түгшээж байв.

Тодруулбал, Монгол Улсын уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр аравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн байдаг. Улмаар уулчид 21-ндээ авиралтаа амжилттай хийгээд бууж явахдаа осолдсон билээ. 27 хүнээс 10 нь амьд үлдэж, 17 нь үрэгдсэн билээ. 

Ийнхүү хоёр хоног эрэн хайх ажиллагааг явуулж, алга болсон уулчдыг цогцсыг эхнээс нь уулын хонгил цасан дороос олсон юм.

Тухайн үед орон нутагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймагт дөрвөн өдөр ажиллаж 17 уулчны цогцсыг гаргаж авч байсан билээ.

Тэгвэл Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн уулчид амиа алдаад нэг жил болжээ. Тэдний дунд мэргэжлийн уулчид болон мэргэжлийн авирагчид биш уулын спорт сонирхдог байсан хүмүүс ч байсан гэдэг.

Тэд хайрханы оргил дээр гарчихаад буцаж бууж явахдаа ийнхүү цасны нурангид дарагдаж харамсалтайгаар амиа алдсан юм.

Дашрамд дуулгахад, 2015 онд цахим орчинд нэгдсэн иргэд “Алтай Таван богд”-д авиралт хийсэн таван хүний амь эрсдсэн явдлаас хойших хамгийн олон хүн ууланд осолдсон харуусмаар тохиолдол болсон юм.

Осолдсон уулчдын дунд гэр бүлийн дөрвөн хүн байсан гэдэг. Тэднийг ахалж явсан Н.Сүрэнжаваас бусад нь мэргэжлийн ууланд авирагчид биш сонирхогчид байжээ.

О.Сайхан 
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.