“Будапешт-2018” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн жингийн таамаг
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 19-нд Унгарын нийслэл Будапештэд эхэлнэ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 49 дэх удаагийн ДАШТ-ий жин тус бүрийн таамгыг хүргэе.

57 КГ:

Хөнгөн жинд Азийн тивийн бөхчүүд өндөр амжилт үзүүлдэг жин. ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаярыг Будапештийн дэвжээнд аваргалах магадлалтай бөхчүүдийн тэргүүн эгнээнд гадаадын бөхийн мэргэжилтнүүд үзэж байна. Бэхээ гавьяат сүүлийн хоёр жилийн хугацаанд ердөө ганцхан ялагдаад байгаа. Тэрбээр энэ жил Азийн наадам, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Монголиа Опен”-д түрүүлээд байна. Түүнийг Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэн эрэгтэй бөхчүүдээс 43 жил хүлээж буй дэлхийн аваргын алтан медалийг авчираасай хэмээн “хүсч”, “хүлээж”, “найдаж” суугаа.

“Парис-2017” дэлхийн аварга Японы Юки Такахашид цолоо хамгаалахад амаргүй даваа хүлээж байна. Монгол, япон залууст саад хийх магадлалтай бөхчүүдээр өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга АНУ-ын Томас Гилман, хүрэл медальт Украины Андрей Яценко, Европын гурван удаагийн аварга Азербайжаны гүрж эр Георгий Эдишерашвили, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, Беларусийн хашир туршлагатай якут эр Владислав Андреев, 2016 оны Азийн аварга, Энэтхэгийн Сандееп Томар, энэ жилийн Европын дэд аварга, Оросын хөнгөн жингийн нэг номер, дагестан залуу Завур Угуев, 23 хүртэлх насны дэлхийн аварга Кубын Рейнери Ортега, энэ жилийн Азийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, БНАСАУ-ын Кам Кун Сон, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Сулейман Атли, Бөхийн орон Ираны төлөөлөл Реза Атри нарыг дурдья.

61 КГ:

Дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев, олимп, дэлхийн аварга Владимир Хинчегашвили, 2016 оны дэлхийн аварга Логан Стибер нар жин өгссөнөөр энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх нь “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидов болоод байна. Рашидов сүүлийн хэдэн жил энэ жинд олимп, дэлхийн аварга болсон Алан Дудаев, Мавлет Батыров, Бесик Кудухов, Бекхан Гойгереевийн халааг аваад байгаа гэхэд хилсдэхгүй. Оросууд өөрсдөө судалгаанд 80 хувьд нь энэ жинд түүнийг дэлхийн аварга болно хэмээн итгэл хүлээлгэж байна.

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубов, ДАШТ-ий хошой хүрэл медальт Кубын Йовлес Бонне, “Будапешт-2016” ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтазе гэсэн хашируудаас гадна энэ жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Аббос Рахманов, Ираны Мохаммадбагери Якшехи , ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Ресеп Топал, энэ жилийн Америкийн аварга Нэшон Гарретт хэмээх залуу ямар ч амжилт үзүүлж мэднэ.

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ болон Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулгыг гадаадын мэргэжилтнүүд төдийлөн дурьдахгүй байна. Тэдэнд монголын 61 кг-ын жинд Түвшинтулга хэмээх “салхитай” барилддаг ийм залуу байдаг юм шүү гэдгийг Дунай мөрний эрэгт харуулах биз ээ.

65 КГ:

Дэлхийн гурван удаагийн аварга Азербайжаны Г.Алиев, олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Гүржийн В.Хинчегашвили, 2016 оны Будапештийн дэлхийн аварга АНУ-ын Л.Стибер, 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Оросын аварга Ахмад Чакаев нар жин өгссөн ч түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тэргүүн эгнээнд бий. Өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Польшийн дагестан легионер Магомедмурад Гажиев, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пунья, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Кубын Алехандро Вальдес Тобьер, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт Украины Василий Шуптар, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Даулет Ниязбеков гээд олон шилдэг өрсөлдөгч медалийн төлөө гол өрсөлдөгч байна. Дээрээс нь Туркийн Селахаттин Киличсаллайн, Ираны Мехран Насири, Японы Такүто Отүгоро, Беларусийн тува легионер Ньургун Скрябин, манай ОУХМ Т.Тулга нарыг тооцооноос хасч болохгүй. Жинд нь олимп, дэлхийн медальтай бараг 10-аад нөхөр байгаа болохоор тэд олны анхааралд төдийлөн өртөхгүй байна. Тэдэнд дэлхийгээс медаль авахад дээрх нэр дурдсан нэр дэвшигчдээс нэгээс хоёрыг нь ялах хэрэгтэй.

70 КГ:

Өнгөрсөн жилийн энэ жингийн дэлхийн аварга Франк Чамизо 2018 оноос жин өгссөнөөр олон залууст боломж гарч ирж байна. Гэхдээ 2015 оны энэ жингийн дэлхийн аварга ОХУ-ын Магомедрасул Газимагомедов, таван жилийн өмнө Будапештийн дэвжээнд аваргалсан Армений Давид Сафарян, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүржийн Зуроби Якобашвили нарт хошой аварга болох боломж бий.

Түүнчлэн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Жеймс Грин, олимп, дэлхийн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, Пан-Америкийн хошой аварга Кубын Франклин Кастильо, энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Азербайжаны Гажимурад Гажиев, 23 хүртэлх нас болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ираны Йонес Эмамичогай, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон Украины Андрей Квятковский, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Кейсүкэ Отогүро медаль авах шаанстай бөхчүүд бий.

Манай улсаас ОУХМ Б.Бямбадорж 22 настай анх удаа дэлхийн шилдгүүдтэй нүүр тулна. Тэрбээр сарын өмнө нь Якутын тэмцээнд Ихтиор Наврузовыг ялсан билээ.
 

74 КГ:

65 кг-ын адил гал гарах жин. “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо нарын хоорондын барилдаан бөхийн хорхойтнуудын анхаарлыг татахаас аргагүй. Тэд энэ жил хоорондоо хоёр учраа таарахад 1:1 болоод буй. Унгарын нийслэлд хэн нэг нь эрт бүдэрчихгүй бол хайнаа хагалах боломжтой. Тэднийг зогсоох магадлалтай бөхчүүд нь олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Туркийн Сонер Демирташ, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга Узбекистаны Бекзод Абдурахманов. Турк эр энэ жилийн Европын аваргаар Чамизог, нөгөө нь Риогийн олимпод Барроузыг ялж байсан.

“Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Кубын Ливан Лопес Азкүй, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Ираны Мостафа Хоссейнхани гэсэн хур их туршлагатай эрчүүдээс гадна “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт Японы Юүхи Фүжинами, Оросын хошой аварга Заурбек Сидаков, энэ жилийн Европын дэд аварга Францын Зелимхан Хажиев, 2018 оны Азийн аварга Кыргызстаны Муслим Евлоев, энэ жилийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Абубакар Абакаров, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Автандил Кенчазе гээд залуус бас медалийн өнгөнд бий.

79 КГ:

2018 оноос багтсан шинэ жин. Шинэ дэлхийн аварга төрөх нь тодорхой. Хойд хөршөөс төлөөлөх Ахмед Гажимагомедов түрүүлэх өндөр боломжтой. Өдгөө 28 настай дагестан эр энэ жилийн ЕАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, ОХУ-ын АШТ-д нэг амьсгаагаар түрүүлээд байна. NCAA-гийн дөрвөн удаагийн аварга Сэм авгын Кайл Дейк, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Жабраил Хасанов, ДАШТ-ий хошой хүрэл медальт Беларусийн Али Шабанов, “Лас-Вегас-2015” дэлхийн дэд аварга, гавьяат тамирчин П.Өнөрбат, “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт Японы Сосүке Такатани, “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Ираны Эззатоллах Акбари, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбанов, 2011 оны ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Гүржийн Давид Хуцишвили гээд дэлхийд данстай медалийн төлөө өрсөлдөх хүчтэнүүд байна. Дээрээс нь Украины Рустам Дудаев, Туркменистаны Даулетмурат Оразгалиев, Казахстаны Бактияр Избасаров, Армений Григор Григорян нарыг тооцооноос хасч болохгүй.

86 КГ:

Олимп, дэлхийн аварга Ираны Хассан Яздани энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх нь. Риогийн олимпод түрүүлснээс хойш ердөө нэг ялагдсан. Түүнийг өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд нутаг нь цэвэр ялсан АНУ-ын Давид Тайлор Будапештэд зодоглоно. Өнгөрсөн жил дэлхйин аваргын сорилгод Жейден Коксийг бараагүй Тайлор нэгдүгээр сард Красноярскийн “Алтан Гранпри”-д Кубын Й.Торребланка, Туркийн С.Яшар, Ф.Эрдин, Оросын А.Найфонов нарын шилдгүүдийг ялж аваргалсан нь иран эртэй нэлээд хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ хэмээн таамаглаад байна. Энэ жинд өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай ОХУ-аас 2017 оны Европын аварга Даурен Куруглиев улсаа төлөөлөн Унгарт ирнэ.

Түүнчлэн өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-ий дэд аварга Словакийн Борис Макоев, “Лас-Вегас-2017” ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Сандро Аминашвили, Пан Америкийн хошой аварга Кубын Юрески Торребланка, хоёр жилийн өмнө ЕАШТ-д ОХУ-ын нэрийн өмнөөс түрүүлж байсан, итали легионер Шамиль Кудьямагомедов, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшарыг гэрт нь үлдээсэн Фатих Эрдин, Азийн АШТ-ий гурван медальтай ОУХМ О.Үйтүмэн, Азербайжаны Магомед Сулейманов гээд хэн хэнийгээ ялж мэдэх тэнцүү өрсөлдөгчид энэ жинд медаль хүртэх бөхчүүдийн тоонд бичигдэнэ. Дээр нэр дурдсан бөхчүүдээс бараг энэ жингийн дөрвөн медальтны нэр тодрох болов уу.

92 КГ:

Энэ жилээс багтсан шинэ жинд түрүүлэх магадлал өндөртэй гурван нэр дэвшигч байна. ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Азийн наадмын аварга Ираны Алиреза Карими, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-гийн хүрэл медальт, Азербайжаны Шариф Шарифов, олимп, ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Жейден Кокс юм.

Энэ жилийн Оросын аварга хойд Осетийн 20 настай залуу Батырбек Цакулов хэмээх залуугаас ямар ч амжилт үзүүлж мэднэ. Тэрбээр наймдугаар сард Оросын аваргад Анзор Уришев, Юрий Белоновский гэсэн хашир туршлагатай бөхчүүдийг ялж, улсын аваргадаа түрүүлсэнийг дурдах нь зүйтэй болов уу.

Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Дато Марсагашвили, эзэн орны Габор Хатош тэргүүтэй хашир туршлагатай бөхчүүдээс гадна Туркийн Сердар Боке, Молдавын Николай Чебан, Беларусийн Иван Янковски, ОУХМ Л.Төртогтох гээд энэ жинд медаль хүртэх боломжтой бөхчүүд бий.

97 КГ:

Чөлөөт бөх сонирхогчдын хамгийн их анхаарал татаж буй жин. “Рио-2016” олимпийн наадам болон, Лас-Вегас, Парисын дэлхийн аварга, 23 настай “Америк бахархал” Кайл Снайдер, “Рио-2016” олимпийн наадам, Ташкент, Лас-Вегасын дэлхийн аварга 22 настай “Орос танк” Абдулрашид Садулаев гэсэн өнөө цагийн шилдэг бөхчүүдийн дуэлийг бөхийн хорхойтнууд бид хоёр дахь удаагаа Будашептэд учраа таарна. Өнгөрсөн жил Парисын финалд энэ хоёрын дуэлийг бөхийн хорхойтнууд анх удаа харж, Снайдер 6:5-аар ялж, дэлхийн хошой аварга болж байв. Сугалаанд эрт таарчихгүй бол тэд хоорондоо финалдах магадлал өндөр. “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны осет залуу Асланбек Албаров долдугаар сард Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд Снайдерийг ялж бэлтгэл ч сайн байгаа. Снайдер, Садулаевт саад болох хамгийн өндөр магадлалтай бөх нь тэр.

10 гаруй жилийн өмнө дэлхийн аварга болж байсан Армений Георгий Кетоев (Армен), ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кубын Рейнерис Салас, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Узбекистаны Магомед Ибрагимов, ДАШТ-ий хүрэл медальт эзэн орны Павел Олейник, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олимп, ДАШТ-д хүрэл медалийн төлөө ялагдсан “Хөгшин тив”-д медалиас буудаггүй Гүржийн Элазбер Одиказе гээд медалийн төлөөх гол нэр дэвшигчэд байна.

125 КГ:

Хүнд жинд “Рио-2016” олимпийн наадам, дэлхийн хошой, Европын таван удаагийн Туркийн Таха Акгуль жиндээ түрүүлэх магадлалтай бөхөөр хамгийн түрүүнд бичигдэх нь зүй ёсны хэрэг. Өдгөө 27 настай түүнд саад болох хамгийн магадлалтай бөх нь өнгөрсөн жил Парисын дэлхийн аваргын финалд түүнийг ялсан Гүржийн Гено Петриашвили. Тэд энэ жил Каспийскэд болсон ЕАШТ-ий шигшээд таарахад турк эр даагаа нэхсэн. Өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Ник Гвяздовски, Армений Леван Берианизе нарт ч медалийн өнгөө хувиргах боломж бий. Түүнчлэн “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Узбекистаны гүрж эр Давид Мозманашвили, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Ибрагим Саидов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Жамалудин Магомедов, Азийн наадам болон Азийн хошой аварга Ираны Парвиз Хади гэсэн хал үзэж халуун чулуун долоосон нөхдийг тооцооноос хасвал алдас болох биз ээ. ЕАШТ-ий медальт Украины Александр Хоцяновский, эзэн орны Даниэль Лигети, Польшийн Роберт Баран, Азийн АШТ-ий медальт ОУХМ Н.Золбоо, Катарын гүрж легионер Гиоргий Сакандалидзе гээд үлэмж биетнүүдэд эв таарвал тивийн медалиа дэлхийнх болгохыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо