А.Ганхуяг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь харуулсан

Нийтийн тээврийг богино эргэлтээр явуулж туршсан 10 хоног дуусав. Энэхүү туршилт бухимдалтай эхэлсэн хэдий ч иргэдийн таашаалд нийцсэн бололтой. Энэ талаар “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягтай ярилцлаа.

-Нийтийн тээвэрийн шинэчлэлийг хэрхэн хийх боломжтой вэ. Учир нь өнгөрсөн 10 хоногийн туршилтаас олон зүйлийг харсан байх?

-Ерөнхийдөө нийтийн тээвэр олон улсын жишигт хүрэх гарцыг эрэлхийлсэн 10 хоног байлаа. 60 жилийн турш огт хөдлөөгүй нийтийн тээврийн төлөвлөлтийг эвдсэн. Мөн орлогын төлөө явдаг зарчмыг өөрчилж үзлээ. Нэг тогооноос хоол идэж байгаа учраас хэн хэдэн цаг хөдөлмөрлөсөн тэр хэрээрээ хөлсөө тооцож авлаа. Эндээс эерэг зүйлүүд олон харагдсан. Тухайлбал, жолооч нар орлого хөөцөлдөж бие биетэйгээ уралдаж зогссонгүй. Мөн буудал дээр зогсохдоо ар араасаа зогсч байна. Ингэснээр олон улсын үйлчилгээний жишгийг мэдэрсэн өдрүүд өнгөрлөө. Нөгөө талаас манай улсын дэд бүтэц нийтийн тээврийг огт тоолгүй орхисныг нийслэлийн удирдлагууд мэдэрсэн.

-Дэд бүтэц орхигдсон гэж та юуг хэлж байна вэ. Сүүлийн жилүүдэд зам харилцаагаа хөгжүүлэхээр нэлээд хөрөнгө зарцуулж байгаа шүү дээ?

-Богино эргэлтээр явахад автобусны зогсоолууд зориулалтын бус, автобус зогсох боломжгүй байгааг харлаа. Яагаад гэвэл олон автобус зэрэг ирээд зогсоход хүмүүс тухайн буудлыг дүүргэчихдэг зэрэг олон бэрхшээл байсан. Хуучин цагт Бөмбөгөр, 3, 4 дүгээр хорооллын эцэс гээд нэгдсэн автобусны буудлууд байсан. Гэтэл бүгдийг нь байхгүй болгочихсон нь нийтийн тээврийг зогсоолгүй болгосон. Энэ удаагийн туршилт үүнийг тод харууллаа. Тэгэхээр нийслэл нийтийн тээврийн зогсоол том байх ёстой юм байна гэдгийг мэдэрлээ.  Ер нь энэ 10 хоног нийтийн тээвэрт том өөрчлөлт авчирсан.

-Гэхдээ энэ туршилтад 3.1 тэрбумыг зарцуулж байгаа нь арай үнэтэй олдож байгаа гэж санагдахгүй байна уу?

-Нийслэлээс 1.3 тэрбум, хувийн хэвшлээс 1.8 тэрбумыг гаргахаас төлөвлөсөн ч хувийн хэвшлээс гарсан зардал 2.1 тэрбум болж өссөн. Тэгэхээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг 24 компани энэ хэмжээний алдагдал амссан ч таатай мэдээтэй байгаа юм. Жишэ нь, нийтийн тээврийг өөрчилж болох нь харагдлаа. Учир нь зорчигчид төдийлөн туулайчлах, үнэгүй зорчих гэсэнгүй.

-Харин ч хүмүүс тасалбар авахгүйгээр зорчиж болох юм байна гэж ойлгоод байх шиг санагдсан шүү дээ?

-Бид хяналт, шалгалтыг маш сайн явуулсан. Нэг автобусанд 30 зорчигчоос 1-2 хүн л таарч байна. Энэ бол том ололт. Учир нь бид сүүлийн жилүүдэд ярьж байгаа JPS суурилуулах боломжтой гэсэн үг. Тэгвэл хүмүүс картаа уншуулаад үйлчлүүлэх соёлтой болсныг мэдэж авлаа. Энэ удаагийн туршилт олон зүйлийг мэдрүүлж чадлаа. Нийслэл болоод нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй компаниуд өөрсдийн зүгээс шаардлагатай зүйлийг засч сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг харсан нь сайн тал. Мэдээж аливаа ажилд алдаа, оноо байдаг шүү дээ. Мөн энэ өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэл гэж юуг хэлэх вэ гэдгийг харуулж чадлаа. Хамгийн гол нь хүмүүст мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг орхигдуулсан нь хүмүүсийг бухимдуулсан. Мөн маршрут төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй гэдгийг аж ахуйн нэгжүүд ойлгож авсан.

-Энэ хугацаанд иргэдийн зүгээс ирсэн санал гомдол байв уу?

-Нийт зорчигчид таатай хүлээж авсан, эхний өдрүүдэд бухимдсаныг эс тооцвол. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс бууж суугаад явах нь төвөгтэй байна гэсэн ганц нэг гомдол ирж байсан. Богино эргэлтээр, хүлээхгүй бас шахцалдахгүй явж байгаа нь иргэдэд таалагдаж байгаагаа хэлж байлаа. Тэгэхээр нийтийн тээвэрт шинэчлэл хийх цаг болсон гэдгийг хүмүүс ойлгожээ.

-Энэ шинэчлэлийн ажлыг цааш үргэлжлүүлэх үү?

-Эхлээд ухаалаг тээврийн хэрэгслээ оруулж ирнэ. Үүний дараа буюу ирэх оны дөрөвдүгээр сараас богино эргэлтээр үйлчлэхээр төлөвлөж байна. Энэ үед зорчигчид карттай байх бөгөөд түүнийгээ уншуулаад явах болно.

-Энэ шинэчлэлийг хийвэл одоо үйлчилгээнд явж байгаа кондукторууд ажлын байргүй болох нь гэсэн болгоомжлол байна?

-Бид ухаалаг тээврийн хэрэгсэлтэй болж, зорчигчид картаа уншуулдаг болох тэр үед кондукторуудад олон нийтийн байцаагч гэдэг эрх өгнө. Тэд автобусанд туулайчилдаг хүмүүсийг шалгаад торгох эрхтэй. Тэгэхээр тэд билет зарахгүй, хяналтын ажилтан болж байгаа юм. Манай улс дэлхийн жишигт ойртсон нийтийн тээвэртэй болох тэр үед одоогийн кондукторууд үүрэг, оролцоо чухал гэдгийг хэлэх байна. 

-Нийтийн тээвэр хяналтын байцаагчтай болж туулайчилдаг хүмүүсийг торгох тухай ярилаа. Торгуулийг хэрхэн төлүүлэх вэ. Тухайн цаг үед зорчигч мөнгөгүй байвал яах бол гэж бодогдлоо?

-Энэ торгуулийг тухайн үед нь төлүүлнэ гэж байхгүй. Зорчигчийн гэрийн хаягаар нэхэмжлэх явуулах юм. Бид өмнө нь Замын цагдаагийн торгуулийг гэрийн хаягаар хүргүүлж төлүүлэх тухай ярьж байхад хэзээ ч бүтэхгүй л гэдэг байсан. Харин одоо зөрчил гаргасан хүн торгуулиа гэрийнхээ хаягаар хүлээн авч, түүнийгээ хэл үггүй төлдөг болсон шүү дээ. Ийм жишгээр л явна. Мэдээж тухайн цаг үедээ бид баримтжуулж авч байх болно. Мөн хяналтын байцаагч нараа сургалтад хамруулж тодорхой мэдээллүүдийг өгөх юм.

-Алдагдал хүлээчихээд үргэлжлүүлэх ёстой гэхээр сонин санагдах юм?

-Бид энэ систем рүү ороод ажиллана гэвэл алдагдлыг хэн төлөх вэ гэдгийг нийслэл шийдэж өгөх байх. Алдагдлыг нөхөхгүйгээр энэ ажлыг хийх ямар ч боломжгүй. 

 -54 тэрбумыг нөхөн олговроор авлаа гэдэг шүүмжлэл та нарыг сүүдэр шиг дагадаг. Гэтэл дахин алдагдал нөхөх гэдэг асуудал гарвал юу болох бол?

-Энэ асуудлыг нийслэл хариуцах ёстой. Энэ удаагийн туршилтаас тэд нийтийн тээврийг орхигдуулсан гэдгээ ойлгож авсан. Аж ахуйн нэгжүүдийг шахаад ч нэмэргүй болсон гэдгийг харлаа. Бидний хийж байгаа шинэчлэлийг дагаад олон ажил хийгдэх ёстой ч хийхгүй байгаа шүү дээ. Манай улсын хувьд дэлхийд хамгийн хямд, хэрэглэх хугацаа нь дууссан автобус ашигладаг. Яагаад заавал ийм байх ёстой гэж. Тиймээс хоёр талаасаа асуудлаа ярилцан ойлголцож шийдэлд хүрэх хэрэгтэй. Аливаа зүйлд заавал гарц байдаг юм.

-Улсаас татаас эсвэл нөхөн олговор авахгүйгээр ажиллах боломж бий юу?

-Ер нь бид ганцхан зүйлийг л улсаас хүсдэг. Мэдээж бүх хүмүүсийг төлбөр төлдөг болгох хэрэгтэй. Үнэхээр хөнгөлөлт үзүүлэх, халамжлах хэрэгтэй гэж байгаа бол тэрхүү мөнгөө хувь хүний халаасанд хийгээд өгчих гэдгийг маш олон жил ярьж байна даа.

-Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шүү дээ. Энэ удаагийн туршилтын шийдвэрийг хэчнээн өдөр хэлэлцсэн бэ?

-Бид 10 хоногийн дотор ярилцаж шийдсэн. Тэгэхээр иргэдэд хүргэх мэдээлэл байхгүй байсныг хүлээн зөвшөөрнө. Автомашины хязгаарлалттай өдрүүдэд турших нь зүйтэй гэж үзсэн хэрэг. Тиймээс бидэнд цаг хугацаа байгаагүй.

-Яагаад заавал энэ хугацааг ашиглах гэсэн юм бэ?

-Энэ 10 хоногт 170 мянган машин явахгүй зогсч байсан гэдэг. Эдгээр машины шатахуунаас 28 тэрбум 500 сая төгрөгийг хэмнэсэн байна. Энэ нь хойд хөрш рүү гарах мөнгө дотооддоо үлдсэн гэсэн үг.

Түүнчлэн энэ хугацаанд хүмүүсийг чирэгдүүлэхгүй, түгжрэхгүй, бухимдалгүй, саадгүйгээр хүргэх нь чухал гэж үзсэн. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл бид жилд 400-500 сая ам.долларын хэмнэлтийг гаргах боломжтой. Мөн хүмүүс ажлын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлүүлж, амралтын өдрүүддээ автомашинаа унадаг байх хэрэгтэй. Тиймээс бид иргэдэд тав тухтай үйлчлэх нийтийн тээвэртэй болгохын төлөө ажиллаж байна.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.