Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө “хүн” буруутай

Энэ жил нийслэлд зэрлэг амьтан орж ирсэн тохиолдол өнөөдрийн байдлаар 28 бүртгэгджээ. Халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс, өмхий хүрэн, могой, идлэг шонхор, соотон гуйванга, хадны суусар гэсэн ховорт тооцогдох амьтад хүртэл суурьшлын бүс нутагт орж ирсэн байна.

Байгалийн зэрлэг амьтад уул, модноосоо холдож хот сууринд “зочилсон” дуудлага өмнөх жилийнхээс их ирснийг Нийслэлийн байгаль орчны газраас хэллээ. Иргэдийн дуудлагын дагуу энэ амьтдыг очиж аваад 80 хувийг нь тус газрын харьяа Амьтан асрах байранд асарч, сувилаад байгальд нь буцаан тавьсан бол үлдсэн нь бэртэл гэмтэл, шархаа даалгүй амь үрэгджээ.

Зэрлэг амьтад яагаад хүнд ойртоод байгаа талаар шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт авах хүсэлтээ Нийслэлийн байгаль орчны газраас Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Монгол Улсын их сургуульд явуулжээ. Хариу болгож ирүүлсэн тайлбарт байгалийн хүчин зүйл болон идэш тэжээлийн хомсдол зэрэг шалтгаан байгаа ч гол буруутан нь “хүн” байжээ.

Тухайлбал, хог хаягдлаа ил задгай замбараагүй хаяснаас түүний элдэв үнэрийг даган амьтад орж ирж байна. Мөн нийслэлийн суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдаас өвөл, хаврын улиралд бор гөрөөс нохойд уруулах, хөөгдөж бэртэж гэмтсэн тохиолдол их байжээ. Зуслангийн айлууд хаварт нь нэг гөлөг авааччихаад намар нь орхиод явчихдагаас болж уул хадаар тэнүүчлэх золбин нохой олширсон талаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс ирүүлсэн тайлбарт дурджээ.

Энэ жил нүүдлийн хоёр шувуу бэртсэн тохиолдол гарсан. Үүнийг өндөр шилэн барилга мөргөж унасан байх магадлалтай гэсэн байна. Өмхий хүрэн үзэгдсэн тохиолдол таван удаа гарсан нь бүгд Эмээлт орчимд байж. Өөрөөр хэлбэл, малын сэг зэм, махны үнэрт татагдан ирсэн байжээ.

Өдрөөс өдөрт тэлж байгаа суурьшлын бүс, үйлдвэрлэл, хог хаягдал, дуу чимээ онгон байгалийн зэрлэг амьтдын тав тухыг алдагдуулж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирсэн зарим тохиолдлыг онцлон хүргэе.
 

ЭДГЭРЭЭД БУЦСАН ХАЛИУН БУГА


Хүний буруугаас байгалиасаа холдон төөрч, гэмтэж бэртсэн ч хүний ачаар гэртээ харьсан тохиолдол олон байна. Тухайлбал, энэ оны наймдугаар сард Эмээлт орчимд гэмтсэн буга байна гэсэн дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд очжээ. Халиун буга зам хөндлөн гарч байхад нь машин дуут дохио өгснөөс болж цочиж давхихдаа замын хашлага төмрийг мөргөн давж унаад дал хэсэгтээ хүнд гэмтэл авсан байжээ. Түүнийг тайван байлгахын тулд нүдийг нь боогоод Мал эмнэлгийн хүрээлэнд зөөвөрлөн аваачиж, эмчилсэн байна. Ингээд Баянзүрх дүүрэгт байгальд нь ойрхон асарч байгаад буцаагаад явуулжээ. Монгол орны ховор амьтдын жагсаалтад багтсан энэ амьтан юуны учир суурьшлын бүсэд орж ирээд гэмтсэн юм бол.
 

ИДЛЭГ ШОНХОР ШАРХАА ДААЛГҮЙ ҮРЭГДЖЭЭ



Хаяган дээр суусан энэ өрөвдөлтэй шувуу бол албан бус ч гэсэн Монгол орны бахархалт, үндэсний шувуугаар нэрлэгддэг идлэг шонхор. Хууль бус наймаа, өндөр шонгийн цахилгаанд цохиулах, хоол тэжээдийн хомсдол гэсэн шалтгаанаар дэлхий дахинд сүүлийн хоёр жилд тоо толгой нь 40 хувиар буурсан энэ шувууг манай улс ховор амьтныхаа жагсаалтад ч оруулаагүй байгаа. "Найман шарга” худалдааны төв орчмын барилгын хаяг дээр суусан идлэг шонхрыг очиж авахад далавч нь гэмтсэн байдалтай байжээ. Мал эмнэлгийн хүрээлэнд үзүүлэхэд дотуур шархтай байсан тул Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан асрах байранд долоо хоног асарсан ч харамсалтай нь шархаа дийлэлгүй үхжээ.
 

НУУГААД ЯВСАН ЯНЗАГЫГ НЬ ТӨӨРЧИХӨЖ ГЭЖ ЭНДҮҮРЭВ


Үндэсний их баяр наадмын өдрөөр бор гөрөөсний янзагыг Сүхбаатар дүүргийн иргэн хашаандаа авчирсан дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ. Эхээсээ төөрсөн янзагыг ууланд явж байсан иргэд олоод гэртээ авчирсан нь тэр байж. Гэвч иргэдийн буруу ойлголттой байгаагийн нэг жишээ нь энэ болсон байна. Бор гөрөөс нь идэш тэжээлдээ явахдаа янзагаа албаар нууж орхидог аж. Үүнийг нь иргэд эхээсээ төөрчихөж гэж бодоод аваад ирсэн тохиолдол анхных биш юм байна. Бор гөрөөсний янзагыг түүхий сүүгээр угжиж болохгүй тул үнээтэй байгаль хамгаалагчийнд асарч байгаа ажээ. Ирэх хавраас биеэ даах чадвартай болохоор нь байгальд нь буцааж тавихаар төлөвлөж байна.
 

БАМБАРУУШИЙГ ҮЛДЭЭХ ЭСЭХИЙГ ЭРДЭМТЭДТЭЙ ЗӨВЛӨЛДЖЭЭ




Улаанбаатарт хамгийн сүүлд зочилсон амьтан бол хүрэн баавгайн бамбарууш. Эхээсээ төөрсөн байж болзошгүй баавгайн бамбаруушийг 61-ийн гарам орчмоос олсон. Мотоцикльтой хүмүүс хөөж, шахаад айлын хашаанд оруулсан байжээ. Айж сандарсан байдалтай байсан тул тайвшруулахын тулд бүтээлгээр хучиж, тусгай торонд хийгээд авч явсан байна.

Ер нь суурьшлын бүсэд орж ирсэн амьтад ихэвчлэн сандарсан, айсан байдалтай байдаг тул аль болох тайван байдалд оруулахыг хичээх ёстой гэж НБОГ-ын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар ярьсан юм. Мал эмнэлгийн газраас шарх сорвигүй, өвчин эмгэггүй гэсэн дүгнэлт гарсан учир байгальд нь буцаагаад тавьжээ. Ичээний цаг нь дөхчихсөн учир хавар болтол Амьтан асрах байранд байлгах уу гэсэн санал гарсан байна. Харин эрдэмтэдтэй зөвлөхөд хавар болтол асарчихвал байгальдаа гараад амьдрах чадваргүй болчих байх. Бие даагаад амьдрахад алзахгүй болжээ гэсэн дүгнэлт хийсэн тул байгальд нь ийнхүү тавьжээ. Өмнө нь баавгайн бамбарууш суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдол гарч байгаагүй юм.



МАШИНЫ ДОР НУУГДАЖ УЛААНБААТАРТ ИРСЭН МОГОЙ



Энэ жил могой айлын гэр, байшинд үүрээ зассан дуудлага нэлээдгүй иржээ. Хоргүй буюу рашааны могой тав, хортой бамбай хоншоорт могой хоёр удаа орж иржээ. Тэднээс сонирхолтой тохиолдол нь машины мотор руу орчихсон рашааны могойны дуудлага. Тухайн иргэний машинаас могойг салгах гэж 3-4 цаг ажилласан гэнэ. Машины эзэн өдөр нь Тэрэлж явчихаад дөнгөж ирээд байжээ. Тэрэлжээс Улаанбаатар хүртэл машин дор ньтээвэрлэгдээд ирсэн байх магадлалтай гэж дүгнэсэн байна. Могойг гэмтээлгүй салгаад байгальд нь буцаан тавьжээ.

Бамбайн хоншоорт могой нь аюултай бөгөөд хүн хатгасан зүйл байхгүй гэнэ. Иргэд цаг алдалгүй дуудлага өгдөг болсон байна. Хэрэв суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн байхтай тааралдвал Нийслэлийн шуурхай удирлагын төвийн 310050, Нийслэлийн байгаль орчны газрын 323780 дугаарт хандаарай.


Зууны мэдээ
Б.Солонго
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батсайхан 2018-10-12 03:32:05
    Тодруулга: ...зэрлэг амьтад нийслэл рүү орж ирээд байна уу? эсхүл хүний суурьшил зэрлэг амьтдын амьдардаг орчин руу түрээд байна уу?
  • Дорж 2018-10-12 01:25:43
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    • zochin 2018-10-12 14:47:13
      тийм шүү хяналт тавимаао бна арай дэндүү идэж ууж бна Сангийн сайд арай дэндүү бна ааааа энэ хүнд арга хэмжээ тооцох зоригтой дарга бна уу
    • Зочин 2018-10-12 05:32:18
      Битгий мангартаад байгаач ээ, 76-гаа яая гэж байхад. Монгол чинь дарга нараар дүүрчихээд байна.
  • Бат 2018-10-12 01:04:41
    Чухамдаа Богд уул орчимд баячуул харцууд удахгүй нэвтэрэхгүй тийм орчин болно
  • иргэн 2018-10-12 00:52:16
    дэлхийн ууган дархан цаазат гэж гайхуулдаг уб чуудын тахин шутдэг богд уул бусад хайрхан хот орчмын байгаль суйрч байгаагийн гол шинж