Оюутнууд тангаргаа өргөлөө

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Монголын оюутны холбооноос жил бүр зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” бөхийн өргөөнд ёслол төгөлдөр боллоо.

Оюутны хүмүүжил, төлөвшилд зөв чиг баримжаа олгох, нийгмийн хариуцлагыг нь ойлгуулах зорилгоор “Оюутны тангарагийн баяр”-ыг тэмдэглэх болсон нь шинээр оюутны ширээнд сууж байгаа залууст урам хайрласан, хариуцлагыг нь мэдрүүлсэн чухал ач холбогдолтой уламжлалт арга хэмжээ болов.

Энэ удаагийн тангаргийн баярт улсын 12, хувийн 74 их, дээд сургууль, коллежийн 5000 гаруй нэгдүгээр дамжааны оюутан залуус оролцлоо. “Оюутны тангарагийн баяр”-ыг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нар шинэ оюутнуудад урмын үг хэлж, хариуцлагаа ухамсарлаж амжилттай суралцан эх орноо хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулахыг хүсэн ерөөсөн юм. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Амарзаяа хонх жингэнүүлж, хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.

Энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй АШУҮИС, МУБИС, ХААИС, Сити дээд сургууль, Этүгэн дээд сургуулиудад БШУЯ-аас өргөмжлөл гардуулсан юм. Монгол бичгийн улсын олимпиадад эхний байр эзэлсэн дөрвөн оюутанд БШУЯ-аас, мөн Төрийн банк азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Skytel, “ХААН” даатгалын хамт олон таван азтай суралцагчид гарын бэлгээ гардуулав.
Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ нь болж манлайлан явах өндөр хариуцлагыг хүлээж байгаа оюутан залуус эх орон,   аав, ээж, ах эгч, ард иргэдийнхээ өмнө оюутны ариун тангаргаа ийнхүү өргөв.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.