Шагдарын шар охин

…Самар хатан тайзнаа гарч ирэв. Хайртай хүнээсээ холдож, харийн оронд хатан суух, хэний ч хүсэмгүй хувь заяаг бурхан түүнд зураглажээ. Энхрий багын хайраа дагаж, эргэж ч харалгүй зугтах боломж байсан ч эцэг өвгөдийн ариун голомт, алтан ургийн амин хэлхээг умартаж үл болно. Эцэст нь тэрээр өөрийн бүхнээ алдсан  ч Их эзэн Чингис хааны удмын хэлхээг алтан амиараа дэнчин тавин хамгаалж чадсан юм…

Тиймээс ч Самар хатан Монгол төрийн ухаант хатдын нэг хэмээн өргөмжлөгдөж, түүхийн хуудсанд нэрээ мөнхөлжээ. Энэ л хатны амьдрал, их үйлсийг “Монголын их хатад” бүжгэн жүжигт мөнхөлж, тайзнаа амилуулсан нэгэн бүсгүй бий. Урлагийн гэр бүлд төрж, уран бүтээлч болохоор сэтгэл шулуудаад, өөрөөсөө дахин урлагийн охин тэнгэр төрүүлсэн, удам дамжсан бүжигчин, Үндэсний урлагийн их театрын бүжгийн багш, дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Шагдарын Одонтуяаг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрээр дасал болсон бүжгийн зааландаа өөрийн мэддэг, чаддаг бүхнээ шавь нартаа заасаар сууна. Өглөөнөөс орой болтол энэ л хамт олонтойгоо байхдаа бүжигчин болсон их хувь заяа, ижий аав, эрхэм ханьдаа талархдаг бүжигчний гал цогтой, ухаарал, уярал дагуулсан амьдралын түүх сонирхолтой байх болов уу.


БҮЖИГЧИН ААВ, ЖҮЖИГЧИН ЭЭЖИЙН ОХИН
 

Аав Шагдар нь 27 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулжээ.

 
ЦДБЭЧ-т аавтайгаа.
 

Шагдарын Одонтуяа амьдралынхаа 30 жилийг Үндэсний урлагийн их театрт, монгол бүжгийн урлагт зориулжээ. Тиймээс энэ цагийн үе, үеийн бүжигчид багшаа хэмээн хүндэтгэдэг юм билээ. Тэрээр энэ сарын 30-нд “Удмын хэлхээ” анхны уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр төлөвлөж байгаа юм.  Түүний бүжигчин болох авьяас ааваас нь эхтэй. Учир нь аав С.Шагдар нь ЦДБЭЧ-ын бүжигчин байжээ. Аав нь 27 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан түүхтэй. Охин нь амьдралынх нь багана, үлгэр дууриал болсон аавынхаа тухай дурсах дуртай. Аав нь анх цэрэгт татагдсан нь бүжигчин болох замналынх нь эхлэл болсон гэнэ. Тухайн үед ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ирж, шалгаруулалт хийхэд уг нь хөгжимчний ангид тэнцсэн юм байна. Гэвч өндөр нуруу, өвөрмөц төрхтэй тул чуулгынхан шалгаж үзээд бүжигчин болгосон аж. Аав нь шүлэг зохиож, хөгжим дарж, зурдаг урлагийн олон талын авьяастай байсан тухай охин нь дурсч сууна. Харин ижий нь Хүүхэд залуучуудын театрт дараа нь Хүүхэлдэйн театрын жүжигчин байжээ. Ийм л авьяастай аав, ээжийн хөдөлмөрч охины бага нас  одоогийн Улаанхуаранд өнгөрсөн юм байна. Анх тавдугаар сургуульд нэгдүгээр ангид элссэн ч нийслэлийн 53 дугаар сургуулийг дүүргэжээ.
 

ТАСАЛБАР ТҮГЭЭГЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ХҮҮХЭД НАС

 
Ангиас нь зургаан хүүхэд чуулгын бүжигчин болсон юм.
 

Нийтлэлийн баатар маань багадаа урлагийн хүн болно гэж төсөөлдөггүй байж. Ш.Одонтуяа айлын ганц охин. Ижий, ааваа ажилтай үед гэртээ цоожлуулаад үлдэнэ. Энэ үедээ бяцхан мөрөндөө жижигхэн цүнх үүрч, утасны дамрыг резиндээд, “Үнэн” сонингийн цаас ороочихно. “Голын хаалгаар орсон хүн мөнгөө өгөөч ээ. Мөнгөө дамжуулаад, билетээ ав” гээд тасалбар түгээгч болж тоглодог байж. Ийнхүү тоглохыг нь хараад өхөөрдсөн аав нь “Миний охин ямар ажил хийдэг хүн болох билээ” гэхэд хэнэг ч үгүй “кондуктор” гэж хариулдаг байж. Харин тавдугаар ангид орох жил нь радиогоор “Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангид элсэлт авч байна” гэх зар явжээ. Яагаад ч юм энэ зар охинд их хүчтэй нөлөөлсөн гэдэг. Ээж, аавдаа ч хэлэлгүй ангийнхаа хоёр охинтой очоод шалгалт өгчихөж. Нэгдүгээр түүвэртээ тэнцчихлээ. Тухайн үед энэ сургууль босго өндөртэй, сурагчид нь нэр хүндтэй байв. Гуравдугаар шатныхаа шалгалтад орох гэтэл шүүгчдийн зөвлөл аав, ээжийгээ дагуулж ир гэжээ. Аавдаа хэлтэл “Урлагийн хүн болох дэмий. Чи аавыгаа харж байгаа биз дээ. Гэрийн бараа харахгүй. Олон сараар тоглолтоор явна” гээд эсэргүүцсэн гэдэг. Гэвч ээж нь охиноо дэмжсэнээр 100 гаруй хүүхэдтэй өрсөлдөж, хүссэн сургуулийнхаа эрхийг авсан түүхтэй. Ш.Одонтуяад мэргэжлийн “А” үсгийг анх заасан багш нар нь Ардын багш Г.Долгорсүрэн, Ж.Жав,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг юм. Мөн Сувдаа, С.Нарангэрэл багшаасаа мэргэжлийн хувьд олон зүйл сурсан гэж байв. 1983 оны үед Хөгжим бүжгийн дунд сургууль зөвхөн ардын бүжгийн ангийг төгсгөдөг байж. Бүжгийн урлаг хүнд. Байнгын бэлтгэл, сургуулилт шаардана. Тиймээс ч тэвчээртэй, чин хүсэлтэй хүн л урлагийн бурхан Янжинлхамын ивээлд багтдаг билээ. Бяцхан Одноо ядарна. Энэ үед аавынхаа тухай боддог байж. Аав нь ядарсан үедээ “Хохино Шагдар аа. Түмэн мэргэжил байхад чамайг хэн бүжгийн урлагийг сонго гэсэн юм. Одоо яая гэхэв. Биеэ чирээд заал руу ор. Өөрийнхөө заяанд гомд” гэж өөрийгөө хурцлаад тайз руу гардаг байж. Охин нь ч ялгаагүй “Нэгэнт л миний сонгосон мэргэжил. Аав шигээ өөрийгөө хурцлаад ард нь заавал гарна” гэж өөртөө хэлдэг байж. Ш.Одонтуяа мэргэжлийн бүжигчин болсныхоо дараа энэ мэргэжлээр бахархах, хайрлах мэдрэмж нь далай мэт их болжээ.
 

АЛТАН ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ 2-3 ЖИЛ АЖИЛЛАСАН АЗТАЙ БҮЖИГЧИН

 
Ш.Одонтуяа анх “Бойтогт” бүжгээр уран бүтээлийн гараагаа эхлэв.
 

Тэрээр мэргэжлийнхээ буянаар дэлхийн олон орноор аялан тоглож, монгол бүжгээ дэлхийд сурталчилсан гавьяатай. Хувцсаа өмсөөд тайз руу гарахдаа ардын бүжгээрээ өөрийн эрхгүй бахархдаг гэсэн. Энэ тухайгаа “Би гадны тайзан дээр бүжиглэх бүртээ ардын урлагаараа омогшдог. Монгол бүжгийн урлаг ямар гайхалтай юм бэ. Суурь нь ямар сайн тавигдсан юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Учир нь зарим үндэстний ардын урлагийг харахад их ядмагхан санагддаг. Үндэс сайтай модонд ургамал сайн ургана гэдэг л энэ байх” гэсэн юм. Ш.Одонтуяа бүжигчин өөрийгөө их азтай гэж тодотгож байв. Учир нь тэрээр театрт бүжиглэж байх хугацаандаа авьяас билгээрээ тодорсон алтан үеийн уран бүтээлчидтэй 2-3 жил хамт ажилласан байдаг юм байна. Н.Норовбанзад, Д.Самбуу, Д.Хоролсүрэн, Цэрэн, Ц.Алтангэрэл, Г.Зоригт гээд Улсын ардын дуу бүжгийн чуулгын сор болсон, дархлагдсан уран бүтээлчид бүгд түүний багш. Эдгээр хүмүүсийн сургаалийг сонсч, арга техникийг нь судалсан нь мэргэжлийн бүжигчний хувьд олон ололттой зүйлийг өгчээ.  Ш.Одонтуяа өөрийн арга барилтай бүжигчин. Тэрээр багшаараа заалгахаас илүү бүжиглэж буйг нь харж суралцдаг юм байна. 17-хон настай шинэхэн төгсөгчийг чуулгын босгоор алхахад Сэвжидийн Сүхбаатар багш нь угтжээ. Хэдийгээр 30 бүжигчин төгссөн боловч зургаан хүүхэд л босго өндөртэй энэ чуулгат тэнцсэн юм байна. Долдугаар сарын 1-нд анх ажилдаа ирэхэд нь уран бүтээлчид Улсын их баяр наадмын тоглолтын бэлтгэл гээд бужигнаж байж. Сургууль түүнд бүжигчин болох үндэс, суурийг нь тавьж өгсөн бол чуулгын тайз түүнийг жинхэнэ мэргэжлийн бүжигчин болох, эсэх шандсыг нь шалгасан аж. Бэлтгэлийн зааланд унаж, босч, сурч, тэмүүлж явсан үе нь өнөөдрийн гавьяат жүжигчин Ш.Одонтуяаг бий болгосон юм.

 

“САЛХИТ ШУВУУ”-Г БҮЖИГЛЭХЭЭР ДАЛАЙН ДАВАЛГАА ТҮРЭЭД ИРЭХ ШИГ БОЛДОГ


 

1988 оны үед Улсын ардын дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзэх тасалбар олддоггүй байж. Төр засгаас урлагаа бодлоготойгоор дэмждэг. Ардын урлаг дэндүү үнэ цэнэтэй байсан тухай гавьяат маань дурссан юм. Хэдийгээр нийгэм өөрчлөгдөж байгаа ч ардын, үндэсний гэсэн энэ л тодотгол, бахархлаа алдалгүй барьж явах нь өнөөгийн Үндэсний урлагийн их театрын бодлого юм. Ш.Одонтуяа Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч байхаасаа л төрийн хүндэтгэлийн тоглолтод ордог байж. Харин чуулгатаа ирээд “Бойтогт” бүжгийг сурч, анхлан бүжиглэсэн нь ахмадуудаас “Шагдарын шар охин чинь овоо юм байна” гэсэн урмын үгийг сонсчээ. Үүнээс хойш аавтай нь мөр зэрэгцэн бүжиглэж байсан ахмад уран бүтээлчид түүнийг “Шагдарын шар охин” хэмээн дуудах болсон түүхтэй. Ш.Одонтуяа гавьяатын бүжиглэсэн ихэнх бүжиг гал цогтой, хурдан хэмнэлтэй бүтээлүүд байдаг. Үүнээс “Салхит шувуу” бүжгийг тэрээр олон жил бүжиглэж, дархалсан билээ. Энэ бүтээл төрөхдөө “Төвөргөөн” нэртэй байж. Анх бүжиг дэглээч Б.Баярбаатар дэглэхээр болж, хөдөлгөөнүүдээ гаргасан ч гадагшаа томилолтоор явчихжээ. Тоглолтын хоног дөхөөд байдаг. Хөгжим нь бэлэн болчихсон. Бүжиг дэглээч нь томилолтоос ирдэггүй. Энэ үед өнөөгийн театрын ерөнхий найруулагч Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүү дэглэхээр болж энэ бүтээл “мэндэлсэн” түүхтэй. Ш.Одонтуяа “Салхит шувуу”-г бүжиглэх бүрдээ өөрийн эрхгүй огшдог Далайн давалгаа түрээд ирсэн мэт гайхалтай мэдрэмж төрдөг гэсэн юм.
 

“МААРЛАН ХУВЦАСТАЙ ОХИН ЯАСАН ГОЁ БҮЖИГЛЭДЭГ ЮМ БЭ”

 

Ш.Одонтуяа гавьяат мэргэжлийн бүжигчин болж, энэ мэргэжлийнхээ үнэ цэнэ, сайхныг мэдрэхийн тулд анх ажилд орохдоо чуулгатай таван жилийн дотор хүүхэд төрүүлэхгүй гэж гэрээ хийжээ. Тиймээс ч нэлээд хожуу төрсөн юм. Өдгөө хоёр охинтой. Түүний хань Монгол Улсын заан О.Одгэрэл билээ. Охид нь урлагт хайртай. Том охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж байна. Охиноо бүжигчин болно гэхэд хайрласандаа өөр мэргэжил сонгохыг зөвлөсөн ч хүсэл, мөрөөдлийг нь хорьж дийлээгүй гэнэ. Энэ л үед өөрийг нь бүжигчин болохыг эсэргүүцэж байсан аавынхаа сэтгэл, тэр их хайрыг ойлгох шиг болжээ. Охин нь яг л ээж шигээ энэ урлагт дурлаж, ирээдүйд театрын бүжигчин болж, ээжийнхээ суудаг байсан ширээн дээр сууж, бүжиглэдэг байсан бүх бүжгийг нь бүжиглэнэ гэж ярьдаг тухай нийтлэлийн баатар маань ярьж сууна. Урлагийн бүсгүй уг нь цагаан морьтой ханхүү мөрөөддөг байсан юм. Гэвч зүлэг ногоон дэвжээндээ сүсэглэн залбирдаг, эр бяр тэгширсэн халхын сайхан залуутай ханьлах хувь тавилан түүнийг хүлээж байж.


 

О.Одгэрэл заан циркийн сургууль төгссөн урлагийн хүн. Анх гэргийнхээ бүжиглэхийг хараад “Маарлан хувцастай охин яасан гоё бүжиглэдэг юм бэ” гэж шохоорхсноор тэдний хайрын түүх эхэлжээ. Тухайн үед Одноо нь Казах үндэстний бүжиг бүжиглэж байсан юм байна. 27 жилийн амьдралыг хамтдаа туулсан хосуудад Үндэсний их баяр наадам гэдэг хамгийн бэлгэ дэмбэрэлтэй баярынх нь нэг байдаг гэнэ. Анх ханийг нь заан цолтон болоход чуулгынхан нь бүгдээрээ суучихсан дэмжиж байжээ. Баяд хотон ардынхаа бүжгийг хийгээд хөлс нь бурзайчихсан чуулгын Батжаргал ах нь тайзнаас буунгуутаа “Одноо нөхөр чинь заан болох гээд байна. Энэ дээлний захыг мушги” гэхээр нь зурагтынхаа өмнө суугаад ахынхаа бүжгийн дээлний захыг мушгиж, нөхрөө заан болгосноо тэрээр мартдаггүй гэсэн. О.Одгэрэл заан өдгөө үндэсний бөхийн багш дасгалжуулагч хийж байна. Энэ жилийн наадамд түүний шавь Н.Батсуурь түрүүлж багшийгаа баярлуулсан юм. Мөн шавь Н.Золбоо нь цол нэмэхэд нөхөр нь өөрийн эрхгүй баярын нулимс унагажээ. Учир нь Н.Золбоо жаахан байхаасаа О.Одгэрэл зааныг дагаж, бэлтгэл хийж “Аав” хэмээн дууддаг байж. Ийм л нэгэн урлаг, спорт хосолсон гэр бүл бидний дунд эгэл даруухан амьдарч байна. Ш.Одонтуяа ханийгаа дагаж бэлтгэлийн байранд очиход үнэртдэг хөлсний үнэр, бөхийн босоо цагаан хийморь, бүжгийн зааландаа ирэхэд уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэсэн сайхан энергийн хүчинд өдий зэрэгтэй яваа хэмээн сүсэглэдэг тухайгаа ярьж байсан юм. Энэ цагийн бүжгийн урлагийн эгнэшгүй авьяастныг ур­лагийн бурхан Янжинлхам үргэлж ивээх болтугай.
 



Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aabiigaa dyyriaj chadsan bol gaihamsig?. 2018-09-24 14:01:06
    tyynii aabiig medeh yum bna!eneegiin pazaanyyd bol yugaan medeh bilee!manai Sagdar bol gaihaltai saihan byjigledeg Hentiid baihaas ehleed bid medne!terbeer aabi...
    148.60.92.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-24 08:44:55
    ёстой мундаг бүсгүй мундаг бүжигчин гал цогтой гайхалтай мэдрэмжтэй анх хараад түүний нөхөр ямар их азтай вэ гэж бодож билээ тоглолтыг нь заавал үзнэ
    150.129.141.127
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2018-09-24 04:58:37
    ХОЁР НАЙЗДАА ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах