“Бурхан Халдун уулыг хадгалж хамгаалах шаардлага тулгарч байна”
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Отани их сургууль хамтран зохион байгуулж буй “Дэлхийн өв соёл:Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн судалгаа, хадгалалт хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд болж байна.

Тус хурлыг Япон сангийн шинжлэх ухааныг дэмжих Японы нийгэмлэгийн дэмжлэгээр Монгол Улсад суугаа ЭСЯ, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Монголын Үндэсний номын сан, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй юм.

Хуралд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2015 онд бүртгэгдсэн Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь түүх, археологи, соёлын өв, хэл шинжлэл, угсаатны зүйн судалгаа болон хадгалалт хамгаалалтын менежментийн талаар Монгол, ОХУ, Япон, БНХАУ-ын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлж байна.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “Бурхан Халдун Монголын эрдэмтдийн судалгаанд” сэдэвт илтгэл тавив.

Тэрбээр илтгэлдээ, Бурхан Халдун хэмээх газрын нэрийг тусгайлан судалсан нь ховор хэдий ч монголын судлаачдын бүтээл нь ихэнхдээ үгийн гарал, утга талаас нь судалсан бөгөөд харин уг нэрийн үүсэх болсон шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал, хүн ардын оюуны орон зайн төсөөлөл, хандах хадлага талаас нь судалсан нь бага тул  уг судалгааг гүнзгийрүүлэн угсаа-хэл шинжлэл, түүх, нийгэм-соёлын хүн судлалын үүднээс шинэ онол, арга зүйн үндэслэлийг удирдлага болгон судлах шаардлагатайг харуулж байна. Бурхан Халдун болон түүний түүний ойр орчмын газар усны болон түүхэн үйл явдалтай холбоотой домог нэлээд байдаг боловч бидэнд олдсон баримтаас үзэхэд эдгээрийг тэмдэглэн олны хүртээл болгон хэвлүүлснээс бус ямар нэгэн түүх, хэл шинжлэл, угсаатны зүйн судалгаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа түүхэн домгуудын үндсийг эх сурвалжаар баримтжуулж, түүхэн зүйн үүднээс судлах шаардлагатай” гэв.



“Байгаль соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан ярихдаа, “Уул ус тахих соёл, зан үйл нь хүн, байгаль, сансар, огторгуйн хүйн холбоог бөхөлж, хамгаалж ирсэн монголчуудын соёлын гайхамшигт өв юм. Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлснээр хүн төрөлхтний хамтын өв болсон ариун дагшин газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалж, хамгаалж монголын төдийгүй хүн төрөлхтний хойч үед өвлөн уламжилж үлдээх үүргийг Монголын Засгийн газар, ард түмэн хүлээсэн. Тиймээс үүргийн дагуу хамгаалалтын захиргаа байгуулах, соёлын өвийг судалж бүртгэлжүүлж сан байгуулах, жуулчдын ая тухтай аялах орчин бүрдүүлэх, Бурхан халдун уулын үнэ цэнийг олон түмэнд сурталчлах шаардлагатай. Мөн ойр орчмоор иргэд хог новш тарих, газар хөрсийг нь гэмтээх асуудал ихээр гарч байна. Тиймээс бүх нийтээрээ хамтарч цэгцлэх цаг болсон” гэв.

Хурал үргэлжилж байна.

Эх сурвалж: ШУА
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.