“Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөртэй хамтарснаар нүүдлийн соёл иргэншлээ хадгалан хөгжүүлэх ач холбогдолтой”

“ОХУ, СИБИРИЙН БҮС НУТАГ, МОНГОЛ, КАЗАХСТАН, БОЛГАР, БЕЛАРУСЬ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал өнөөдөр /09.20/ боллоо.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжил, түүний дотор хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд улам бүр сөрөг нөлөө үзүүлэх болсон. Энэ цаг үед, хөрш зэргэлдээ, ижил, төстэй уур амьсгалын нөхцөлд оршдог улс орнуудын ХАА-н толгойлох шинжлэх ухааны байгуулагуудын төлөөлөл нэг дор цугларч, салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга зам, байгальд ээлтэй, ногоон, дэвшилтэт технологийг нутагшуулах, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын талаар ярилцаж, тохиролцохоор цуглараад байгаа юм.

Тус хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Монгол улсын ХАА-н үйлдвэрлэлийн үндсэн салбар болох МАА, Газар тариалангийн хувьд аль аль нь уур амьсгалын өөрчлөлтөд туйлын эмзэг бөгөөд эрсдэл өндөртэй хуурай сэрүүн бүсэд орших тул төр засгийн онцгой анхаарал дэмжлэг дор байх ёстой салбар юм.  Энэ оны зургадугаар сард Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Даян дэлхийн тогтвортой МАА хөтөлбөрийн Талуудын 8 дахь чуулга уулзалтыг манай улсад зохион байгууллаа. Улсын эдийн засагт нүүдлийн МАА томоохон байр суурьтай манай орны хувьд Даян  дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөртэй хамтран ажиллах нь Нүүдлийн соёл иргэншлээ хадгалан хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, бэлчээрийг зохистой ашиглах, ХАА-н үйлдвэрлэлд шилдэг технологи, инноваци нэвтрүүлэх олон талын ач холбогдолтой гэж бид үзэж байна.  

Энэ удаагийн хурлаар МАА тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, дэлхийн дулаарлын нөлөөллийг бууруулах ХАА-н үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи боловсруулах, нутагшуулах, бүс нутгийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг нухацтай хэлэлцэж, асуудлын шийдэл гарцыг тодорхойлно гэж найдаж байна” гэлээ.

Уг олон улсын бага хурал анх ОХУ-ын ХАА-н шинжлэх ухааны академийн Сибирийн салбар,  Монгол улсын ХАА-н шинжлэх ухааны академийн санаачилгаар 1997 оноос зохион байгуулагдаж эхэлжээ. Өнөөдрийн 21 дэх удаагийн чуулга уулзалтад Казахстан, Болгар, Беларусь, БНХАУ зэрэг орны ХАА-н шинжлэх ухааны толгойлох байгууллагууд нэгдэн оролцож байна.   Дээрх орнуудын  эрдэм шинжилгээний 11 байгуулагыг төлөөлсөн гадаадын 20 гаруй судлаачид, Монгол улсын ХАА-н толгойлох эрдэм шинжилгээний  байгууллага ХАА-н ШУА, ХААИС-ийн эрдэмтэд, судлаачид оролцож, судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээ хурлын үеэр танилцууллаа.

Аливаа улс орны хөгжлийн зангилаа асуудлыг цаг алдалгүй оновчтой,  үр дүнтэй шийдвэрлэхэд шинэ мэдлэг, инноваци, дэвшилтэд технологи  онцгой үүрэгтэй бөгөөд даяарчлагдаж буй өнөө үед асуудлыг нэг улс орны хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой. Уг олон улсын бага хурал хөрш зэргэлдээ орших 5 улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

Эх сурвалж: ШУА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.