Дурсамж дүүрэн 9 дүгээр сарын 1-ний баярын мэндийг хүргэе
Өөрөөсөө том цүнхтэй ганган жаалууд гартаа цэцэг барьчихсан ээжийгээ дагуулан цэцэрлэг, сургуулийн зүг хөөр баяртайгаар алхана. Тиймээ өнөөдөр 9 дүгээр сарын 01-ний өдөр.  Ичсэн сэтгэлээ нуухдаа “яагаад заавал цэцэг авч очих ёстой юм бэ” хэмээн ээждээ уурлаж байсан бага насны минь дурсамж гэнэт сэдэрсэн өдөр.

Үхэрчин хүүгийн сайртай гар цэцэг барихад ичмээр байсан л даа. Гэхдээ л цүнхнийхээ ард нууж явсаар ангийнхаа багшид өгөх тэр үед түүнийг ганцаараа цэцэггүй зогсож байсныг хараад баярлаж байснаа мартдаггүй юм.

9 дүгээр сарын 1 болгонд бүхий л зүйлс шинэ байдаг учраас дурсамж бүр минь цэвэрхэн, тодхон үлджээ.  Гуравхан сарын дотор өндөр болчихсон ангийн найзаа тэвэрч, гуравдугаар салааны хамгийн арын суудал дээр ааруул хувааж идэх. Завсарлагаанаар үймүүлдэг жаалууд хайрын зурвас шиддэг болсон байх гээд энэ өдрийн дурсамж бүрийг тодоос тодоор санаж байна.

Цонхоор тусах нарны гэрэл будаг нь гүйцэт хатаагүй шал, шинэ гуталнууд, ангийн охины үсний даруулга дээр ойж нүд гялбуулах. Бэхэн толбогүй дэвтэрүүд эхний хуудсаа нээж 9 дүгээр сарын 1 гэж бичдэг байсныг ч санаж байна.

Тэгвэл өнөөдөр цүнхээ дийлэхгүй эдгээр ганган жаалууд энэ дурсамжийг бүтээхээр сургуулийн зүг алхаж байна.  Тэднийг олон 9 дүгээр сарын 1 шив шинээрээ хүлээж байна.  Дүү нартаа, ачит багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.   

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine