Хотын МАН ба хот тойрсон улс төр

Яг үнэндээ Хотын МАН даргагүй бүтэн жил явчихсан байгаа юм. Ц.Сандуй ажлаа өгөхдөө Хотын МАН-ын хорооны тэргүүлэгчдийг хуралдуулаад Хотын дарга Су.Батболдод үүрэг гүйцэтгүүлэхээр тамгаа өгсөн байдаг. Учир нь Хотын МАН-ын даргыг Бага хурлаас нь тодруулдаг МАН-ын дүрэм бий. Тиймээс энэ хооронд Су.Батболд даргын үүргийг гүйцэтгэж Хотын МАН-ын албыг залгуулж ирсэн юм.

Ийн удтал хуралдаагүй Хотын МАН-ын Бага хурал өнгөрсөн хавар товлогдож байлаа. Тэгээд хойшилсон. Таг чиг байж байгаад саяхан зарлагдсан. Түүнийхээ дагуу маргааш болох гэж байна.

Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй гурван хүн байгаа тухай бид өмнө нь бичсэн. Нэг нь “…Өрсөлдөнө” гээд мэдэгдсэн. Нөгөө хоёр нь өрсөлдөх нь тодорхой гэж хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлж байгаа.

Өмнө нь Хотын МАН-ын Бага хурал, Хотын МАН-ын даргын сонгууль чимээ аниргүй болдог байлаа. Хамгийн сүүлд 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдаж, сонгуулийн дараа долдугаар сард Хотын МАН-ын Бага хурал болж, Ц.Сандуй дарга болж байв. Тэгэхэд мань эр бараг ганцаараа нэр дэвшээд, бараг бүгдийн саналаар ялж байлаа. Ялагдсан намын Хотын хороог авах зоригтой аавын хүү ховор байсан байх л даа. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлгүй, ялагдсан намын даргын суудал тийм л үнэтэй байсан гэсэн үг.

Харин энэ удаагийн Хотын МАН-ын энэ удаагийн Бага хурал тун чиг дуулиан шуугиантай болж байна. Нэр дэвшигчид нь бүгд том артай Ерөөсөө л МАН доторх томоохон бүлэглэл, фракцууд тэр чигээрээ үзэлцэж байна. Өнгөрсөн жил, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахнаас УИХ-ын төвшинд хоёр хуваагдаж байсан бол энэ удаа намаа бүрэн хамарсан нь үргэлжилж буй үйл явдлуудаас харагдаж байна.

Хамгийн хачирхалтай нь МАН-ын генсек хүртлээ оролцчихсон Хотын МАН-ын даргын сонгууль ямар нэг үзэл баримтлал, дэг жаяггүй, зүгээр л дүрэмгүй тулалдаж байгаа юм.

Нэр дэвшиж байгаа хэн нь ч “…Хэрэв би Хотын МАН-ын дарга болвол ингэж, тэгж ажиллана” ярьсангүй. Одоо ярих ч хугацаа үлдсэнгүй.

Бас МАН дотроос “…Энэ нэр дэвшигч сайн, тэр нь болохгүй” гээд ярьчих зоригтой улстөрч гарч ирсэнгүй. Бүгд л далдуур, нууцаар “ажиллагаа” зохион байгуулж, бие биеэ харлуулах арга хэрэглэж байна. Энэ бол улс төрд сайн зүйл биш. Өнөөдөр Хотын МАН-ын дарга гэж ганцхан суудлын төлөө мэт боловч маргааш улсын бүх сонгуулийг ингэж дүрэмгүй болгоно гэсэн үг.

Гэхдээ энэ бас шинэ юм огт биш. Одоо л улайраад хамаг байдгаа ил дэлгээд байгаагаас биш эрх баригчид иймэрхүү аргыг далдуур хэрэглээд л ирсэн гэдэг юм. Энэ үнэний ортой.

Ийм агаар, агуулгатай Бага хурал угтсан ажиллагаа бас л бохир байна. Уржигдар оройноос эхлээд хэн нэгэн нэр дэвшигчийнх нь бүлэглэлээс Дүүргүүдийн МАН-ын дарга, Хотын МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг голдуу сонгож, мөнгө тараасан явдал гарав.

Цахим сүлжээний мэдээлэл, Хотын МАН, Цагдаагийн байгууллагын мэдээллээс үүнийг харж болно.

Зарим эх сурвалжийн мэдээллээр, энэ удаагийн Хотын МАН-ын Бага хурал МАН дахь нэг том бүлэглэлийн явах уу, үлдэх үү гэдгийг шийднэ гээд байна. Тиймээс нэг хэсэг нь тэднийгээ явуулах гэж, нөгөөдүүл нь үлдэх гэсэн тэмцэл өрнөж байна гэсэн үг.

Эдгээрээс харвал МАН дахь энэ тулаанд оролцогчид жил гаруйхны дараа болох сонгуулийг ч мартсан байна. Уг нь энэ сонгууль 2020 онд МАН ялах уу, ялагдах уу гэдгийг шийднэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь УИХ-ын сонгуулийн 28 тойрог хотод байдаг. Хот бол ямар ч сонгуулийн хувьд  “Төв цэг” байж ирсэн. Гэвч дээр хэлснээр энэ сонгуулийг харж, МАН-аа бодсон хүн лав ховор байна.

Тиймээс энэ Бага хурлын 300 гаруй төлөөлөгч л намаа 2020 онд хэрхэхийг, бас 2021 онд болох 100 жилийн ойгоо эрх барьж угтах уу, гудамжинд тэмдэглэх үү гэдгийг шийдэх болж байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-20 08:26:40
    Миеэ-н үнэнч хүн СуБатболдоос салж байж л 2020 онд МАН хотод ялалт байгуулна шүү, Хотын иргэд 60 тэрбумаас салмаар байна үнэнээсээ
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-20 05:15:01
    Одоо улс төрийн хийрхэлээ болимоор байнаа?! Энэ эх адаггүй өрсөлдөөн сөргөлдөөнд чинь ядарч туйлдаж гүйцлээ?! С.Батболд дарга сайн ажилж байна. Эрхийг нь олгое?...
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах