“Таван толгой” сэргэх үү
Чалкогоос зээлж, халамжийн мөнгөнд тараасан 350 сая ам.доллар төлөгдөж байгаа гэх ч хоёр ч Засгийн газар дамжаад ч төлөгдөж дуусаагүй хэвээр байна. Энэ нь товчхондоо эдийн засгийн байдалтай холбоотой юм байх. Одоо “Эрдэнэс таван толгой”-д 110 сая ам долларын өр үлдсэн гэж байгаа ч уурхайн олборлолт, экспорт итгэл төрүүлэхгүй хэвээр байна. Учир нь Зүүн цанхын экспорт зогсолтын байдалтай. Баруун цанхынх нь экспорт хийж байгаа ч ашиг муу гэх.

Гэхдээ өрийг  нүүрсээр дарахад асуудал их.  Хэрэв их хэмжээний нүүрс хямд үнээр зах зээлд нийлүүлбэл, манайхан өөрсдийн өндөр үнээр зарж байгаа нүүрсийг борлуулж чадахгүйд хүрэх гэнэ. Ингэснээр зээл дарах асуудал ч удааширна.  Энэ нь зөвхөн “Эрдэнэс –Таван Толгой” ХК-ийн хувьд ч биш, Монгол Улсын нийт нүүрсний  экспортод сөргөөр нөлөөлөх юм.  Хятадын Чалко компанид төлөх өрийг энэ ондоо, бүр өнгөрсөн зургадугаар сарын дотор багтаан барагдуулна гэж байсан ч одоо ч төлж дуусаагүй. Үүний шалтгаан нь зах зээлийн байдал тааламжгүй байгаагаас өр төлөлтийг байнга хойшлуулж байгаатай холбоотой юм.

Тэгэхээр нүүрсний зах зээлд эрэлт нийлүүлэлтийн баланс алдагдаж, нийлүүлэлт ихэссэн явдал нь зах зээлийн үнийг унахад хүргэж байгаа бөгөөд энэ баланс буцаж тэнцвэржих хүртэл Таван толгойн ирээдүй хийгээд, Чалкогийн өрийг дарах асуудал таагүй хэвээр байх талтайг шинжээчид анхааруулж байна. Гэхдээ тэнцвэржих хугацааг ирэх жилийн дундаас байх болов уу гэсэн таамаг байна.  Тэр үеэс эхлэн тус компани илүү ашигтай ажиллаж эхлэх боломжтой ажээ.

Эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа нүүрсний зах зээлийн таагүй байдал нүүрлээд байгаа өнөө үед “Эрдэнэс- Тавантолгой” ХК ашигтай ажиллах нь юу юунаас чухал. Иймээс тус компаниас зардлыг хэрхэн бууруулах вэ, борлуулж буй үнийг яаж өндрөөр тогтоох вэ гэдэгт гол анхааралаа хандуулахаас гадна шинэхэн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байна.

Монгол улс 2008 онд “Олон улсын метан хийн хамтын ажиллагааны” байгууллагад гишүүнээр элссэн. Энэ хүрээнд 2010 онд налайхын уурхайгаас метан хий олборлох ТЭЗҮ болон Нарийнсухайтын уурхайгаас метан хий олборлож 8,5 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг боловсруулсан байдаг. Налайхын уурхайн метан хийн нөөц нь 100 сая м3 бол Нарийнсухайтын ордын хувьд 700 сая м3 орчим гэж тогтоосон байдаг.  
 
Энэчлэн тус компани нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулах төсллийн ажлаа эхлүүлээд байгаа аж. Энэ хүрээнд Солонгос улсын төрийн өмчит “Кo Gas Corporation” компанитай хамтран Таван толгойн уурхайн талбайд туршилтын үйлдвэр байгуулах 788 метр гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлтийг саяхан хийжээ. 2015 оны хоёрдугаар сард туршилтын үйлдвэрийн угсралтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн байна.  Метан хий хэд хэдэн онцлогтой. Илчлэг чанар нь нүүрснээс 2,5 дахин их, нүүрс шатааж гаргадаг зардлаас хоёр дахин хямд үнээр метан хийг ашиглаж боломжтй, байгальд үзүүлэх хортой нөлөө бага. Улаанбаатарын утааг арилгахад метан хийн талаар хэрэгжүүлэх энэ төсөл ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаа бөгөөд гэр хорооллын нэг хороог сонгон туршилтын журмаар төслөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн жилийн хийн хэрэглээний арван хувийг метан хий эзэлдэг гэсэн судалгаа байдаг. БНХАУ-д гэхэд нэг хотын хэрэглээг тэр чигт нь метан хийгээр хангаж байгаа жишээ байна. Иймээс нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх санамж бичиг байгуулжээ. Ингэснээр  нүүрсний метан хийг ахуйн хэрэгцээнд хэргэлэх цаашид түүхний нүүрсний хэрэглээ буурч, гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг ч бууруулах боломж юм.

Ийнхүү улс орны эдийн засгийн гол салбар болсон нүүрсний экспортын ихэнх бүрдүүлдэг "Эрдэнэс таван толгой"-н түүхий нүүрсээ гадагш заахаас илүүтэй боловсруулж, арай өөр аргаар ажиллаж эхлэх нь.

У.Ганаа
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.