В.В.Путины айлчлалын өмнө...
БНХАУ-ын тэргүүн Си Жин Пин манай оронд чамгүй олон бараа бологчдоо дагуулан ирж, нэг бус өдөр тухлан цөөнгүй баримт бичигт гарын үсэг зуран одсоноос хойш хэдхэн хонож байна. Үүнтэй зэрэгцээд манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд ирнэ, хоёр орны харилцааны хэтийн бодлогыг тодорхойлох цөөнгүй гэрээ хэлэлцээр хийгдэх гэж байгаа тухай ярих болсон. Манай олон түмэн эевэргүү уламжлалт харьцаатай байсан хойд хөршийн тэргүүний энэ удаагийн айлчлалаас их зүйл хүлээж байгаа болоод ч тэвчээр нь алдраад элдэв үг ч сонсогдох болжээ. Тийм бүрэлдэхүүнтэй, тэднээс тэдэнд айлчлах тухай албан ёсны мэдээ одоо хүртэл гараагүй байгаа болохоор ойлгомоор ч юм шиг.

Ерөнхийлөгч В.Путины санаачлагаар 2013 оны арванхоёрдугаар сард шинээр зохион байгуулагдсан “Россия сегодня” хэмээх мэдээллийн агентлагийн урилгаар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “News agency”, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан С.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Москвад ажиллаад ирлээ. Энэ хугацаанд бид ОХУ-ын “Россия сегодня” агентлагийн Олон улсын төсөл боловсруулах төвийн тэргүүн В.Пушков, ажилтан И.Харсеева, Бүс нутгийн хөгжлийн яамны сайд И.Слюняев, сайдын зөвлөх Е.Михина, ОХУ-ын ГХЯ-ны Ази хариуцсан I департаментийн захирал А.Кулик, ОХУ-ын Засгийн газрын дэргэд Байгалийн чанд дахь хязгаарын байнгын төлөөлөгчийн орлогч Н.Ильин, хэлтсийн дарга А.Борисенко, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгч Г.Г.Петров, Бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал А.Старков, Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Монгол судлалын секторын эрхлэгч, ШУ-ны доктор В.В.Грайворонский, монгол судлаач, ШУ-ны доктор М.И.Гольман, Оросын цэргийн түүхийн нийгэмлэгийн ШУ хариуцсан гүйцэтгэх захиралын орлогч М.Мягков, олон улсын хамтын ажиллагаа аялал, спорт хариуцсан департаментийн тэргүүн С.Григорьев нартай уулзлаа.

Биднийг очих үеэр ОХУ-ын тэргүүн манай оронд ирээд гарын үсэг зурах бичиг баримтыг нарийвчлан тохирохоор манай улсын төлөөлөгчид Москвад ажиллаж байгаа тухай ярьж байсныг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Бүс нутгийн хөгжлийн яамны сайд И.Слюняев болон “Россия сегодня” агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн тэргүүн В.Пушков нарын хэлж байгаагаар хорь гаруй бичиг баримт боловсрогдож байгаа бөгөөд одоогоор нарийн тохиролцоонд хүрээгүй учраас тэр бүр ярьж болохгүй байгаа гэнэ. Түүнчлэн ОХУ-ын хил орчмын газар нутагт өрнөж байгаа, олон улсыг хамарсан дайны байдал, Европ тивийг тэр чигээр нь түгшээж байгаа ирэх өвлийн дулаан, эрчим хүчний хангамж гээд олон хурц асуудлын шийдлийн гол тоглогч ОХУ болоод байгаа учраас Ерөнхийлөгч Путин тун завгүй байгааг манай уншигчид харж байна. Бас их ажил хэрэгч хүн болохоор нарийн тогтоогүй бол ирэх цаг хугацаагаа яаран зарлахыг илүүд үздэггүй нэгэн бололтой.

Юутай ч манайд айлчлах нь тодорхой, үүнтэй холбогдуулан манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Бүс нутгийн хөгжлийн яамнаас нэгтгэн гаргасан мэдээллээс товчлон хүргэе. Тус мэдээлэлд:

Орос-Монголын өнөөгийн харилцаа олон жилийн түүх, уламжлал, нөхөрсөг хөршүүдийн харилцаанд суурилсан олон талын чиглэлтэй, хэтийн хамтын ажиллагаанд чиглэсэн байдгаараа онцлог... Манай хоёр орны харилцаанд бүс нутгийн хийгээд хил орчмын харилцаа голлох байр суурь эзлэдэг. Үүнийг нотлож байгаа зүйл бол ОХУ-ын засаг захиргааны 60 гаруй бүс нутаг Монгол Улсын аймаг, хоттой худалдаа-эдийн засгийн байнгын харилцаатай байгаа явдал мөн.

Харин сүүлийн үеийн статистик мэдээгээр манай хоёр орны хоорондын бараа эргэлтийн хэмжээ буурах шинжтэй байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал 2013 оны 1-6 сард бараа эргэлтийн хэмжээ 860,4 сая ам. доллар байсан бол 2014 оны мөн хугацаанд бараа эргэлтийн хэмжээ 747,4 сая ам.доллар болж буураад байна. Бараа эргэлтийн өсөлтийн хэмжээ 13 хувь илүүгээр буурсан дүн гарч байна. Мөн хугацаанд импортын хэмжээ (манайхаас оруулж байгаа барааны үнийн дүн. Н.П.) 20,2-оос 16,7 сая ам.доллар болтлоо буураад байна.

ОХУ-ын БН Башкортостан Улс, БН Марий Эл улс, Коми Улс, БН Чуваш Улс, Владимир, Иванов, Курск, Новгород, Орлов, Смоленск, Ставрополь, Ульяновск, Омск муж зэрэг нэлээд газар нутгийнхны Монгол улстай хийж байгаа худалдааны эргэлт дан ганц экспортын шинжтэй байна.

Монгол Улстай 2013 онд хийсэн гадаад худалдааны эргэлтийг авч үзвэл Москва хамгийн их буюу 138,76 сая ам.доллараар тэргүүлж байна. Харин Москва хотын эдийн засагт 2013 оны эхний есдүгээр сард оруулсан хөрөнгө оруулалт 0,464 сая ам.доллар байгаа тооцоо гараад байна. Мөн хугацаанд Москвагийн нэр дээр Монгол Улсад оруулсан хөрөнгийн хэмжээ 2,48 сая ам.доллар байна.

2013 оны эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээгээр Москвагийн дараа БН Башкортостан Улс-88,1 сая, Кемеров муж-50,2 сая, БН Буриад Улс-42,4 сая, Пермийн хязгаар-25,09 сая, Новосибирск-20,6 сая ам.доллар болж байна.

Монголоос ОХУ-ын зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн 2013 оны сүүлийн байдлаар хүнсний бүтээгдэхүүн, давс, хүхэр, шохой, цемент, чулуу, эрдэс түүхий эд, ноолуур, бүдүүн хийгээд нарийн ширхэгт ноос, нэхмэл болон бөс даавуу, адууны дэл сүүл, хүнсний ногоо, хүнс тэжээлийн зарим ургамал зэрэг бүтээгдэхүүн голлох байр суурь эзлэж байна.

ОХУ хийгээд Монгол Улсын бүс нутгийн болон хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаанд голлох байр суурь эзлэж байгаа үндсэн чиглэлд аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, ашигт малтмалыг хайх, олборлох, зам тээвэр, эрчим хүч орж байна... хэмээн тэмдэглэсэн байна. Эндээс үзвэл хоёр улсын засгийн газар хоорондын хэмжээнд авч үзэн шийдмээр эдийн засгийн хамтын ажиллагаа хоцрогдож байгаа бололтой. Тэр тусмаа бидэнтэй Гадаад хэргийн яам болон Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр уулзах үеэр “Манай хоёр орны бараа эргэлтийн баланс тэнцвэртэй бус байгааг” харамсан хэлж байлаа. Манай хоёр орны хоорондын бараа эргэлтийг авч үзвэл манай улс ОХУ руу 30 хувийн экспорт хийж, 70 хувийн импорт авч байгаа нь зохистой биш гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.

Цаашдаа энэ байдлыг засахын тулд хоёр тал хоёулаа хүчин чармайлт гарган зүтгэх ёстой. Үүний тулд бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах суурь нөхцөл болох ачаа тээврийн коридор, өөрөөр хэлбэл автозам, төмөр замын нөхцөл байдлыг сайжруулах, мөн түүнчлэн мах, махан бүтээгдэхүүний хувьд мал эмнэлэг, хүнсний бүтээгдэхүүнд Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс тавьдаг нөхцөл шаардлагад тохируулах хэрэгтэй байгааг онцлов. Мөн энэ ялдамд “тавигдаж буй шаардлага бол нийтлэг зүйл. Тэр тусмаа манай хоёр улс ДХБ-ын гишүүн орнууд учраас биелүүлэх үүрэгтэйн дээр танайд үе үе гарч байгаа малын гоц халдварт өвчин хүн ардын эрүүл мэндэд аюултай гэдэг нь тодорхой. Олон арван сая малтай Монгол Улс малын бүтээгдэхүүнээ зарж борлуулах хэрэгтэй. Манайд ч хэрэгцээ байна. Хааш нь ч зарж борлуулдаг байлаа гэхэд шаардлага ижил л тавигдана...” гэж дахин дахин хэлж байна. Бас дээр нь Худалдаа аж үйлдвэрийн танхимынхны зүгээс онцолж хэлж байсан зүйл БН Буриад Улсын Улаан-Үүд хот дахь мах-консервийн комбинат байсан гэдгийг энд хэлэхгүй өнгөрч болохгүй санагдана.

Энэ үйлдвэрийг монголчууд бид эртнээс сайн мэднэ. Ялангуяа хилийн чанадад сурахаар хөлгийн жолоо татаж байсан олон хүн чухам энэ үйлдвэрийн “тушёнка”-ийг авч явдаг байсан болоод тэр. Энэ үйлдвэр зах зээлийн шуурганд сөхрөн хэсэг зогссон бололтой юм. Харин сүүлийн үед буюу 2008 оноос хөрөнгө оруулалт хийн, техник технологийн шинэчлэлт хийж, 2013 оны байдлаар 680 хүн, сарын 23300 рублийн дундаж цалинтайгаар ажилладаг томоохон үйлдвэр болоод байгаа юм байна. Эдүгээ энэ үйлдвэрт үхэр, адуу, буга, хонины махаар 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа боловч төслийн хүчин чадалдаа хүртэл ажиллаж чадахгүй байгаа гэнэ. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, бизнес эрхлэгчдэд хандан хамтран ажиллах, тэр ч бүү хэл хувьцаа эзэмших замаар зах зээл дээр нэгэн зорилгоор зүтгэх боломж байна шүү хэмээн урьж байгаагаа илэрхийлж байсныг эцэст нь тэмдэглээд энэ удаад өндөрлөе.

Уулзаж учирсан хүмүүс онцлон ярьж, ямар ч цаг үед мартагдах ёсгүй түүхт явдлын талаар олон баримтаар дурсан ярьж байсан шинэ сэргэг зүйлийн талаар үргэлжлүүлэн бичиж Та бүхний оюуны мэлмийд толилуулах болно. Энэ бол тэмдэглэж байгаа японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн дайн тулаан, түүнээс урган гарсан хоёр улсын төдийгүй дэлхийн хэмжээний ач холбогдлын тухай байх болно. Мөн түүнчлэн дэлхийн II дайны үед Монгол Улс, Монголын ард түмэн ЗХУ (тухайн үеийн нэрээр)-ын талд тууштай зогсож, дайны хүндийг хамт хэрхэн үүрэлцсэн тухай сонирхолтой, бүр шинэ ч байж болзошгүй судлагааны баримтаас өгүүлэх болно. Түүхт үйл явдлыг өөрт нийцтэйгээр тайлбарлан ухуулж, болж өнгөрсөн нүгэлт үйл явдлаас өөрсдийгөө сугалж авах гэсэн бусармаг санаархал учраас чимээгүй байж болох гэцгээж байсан нь нэгийг бодож нөгөөг эрэгцүүлэх сэжүүр болмоор санагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Бас манай улсын тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэсэн Халхын голын дайныг тулаан, мөргөлдөөн, үйл явдал гэх зэргээр ач холбогдлыг нь бууруулах хандлагатай байсанд хариу өгч түүхэн бодит үнэлгээ өгөх боломж ч нээгдэж байна.


Зууны мэдээ
Орчуулагч Н.Пүрэвдагва

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2014-09-01 21:06:11
    Оросуудад алдсан нутгаа эргүүлж авъя.
    202.179.15.24
    Мэдэгдсэн Хариулах