Цахим орчинд хувийн мэдээллээ алдахаас сэргийлээрэй

ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Уг ажлын хүрээнд цахим орчиноор дамжуулан Секс сүрдүүлэг хийх, садар самууныг сурталчилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой олон ажлууд хийгдэж буй юм. Тиймээс иргэд, олон нийтэд цахим орчин дахь секс сүрдүүлэг, энэ төрлийн гэмт хэргийн талаар дараах товч ойлголтыг хүргэж байна.

Секс сүрдүүлэг гэдэг нь гэмт этгээд нь бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар нэвтрэн олж авах эсхүл өмнө нь харилцаатай байх үедээ хадгалах зэргээр мэдээллийг авч бусдад биет бус байдлаар заналхийлэн, сүрдүүлэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардахыг хэлдэг.

Энэ төрлийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Тэр дундаа олон улсад энэ төрлийн гэмт хэргийн нийт хохирогчийн 71 хувь нь насанд хүрээгүй хүүхэд, залуус байдаг аж. Мөн судалгаагаар секс сүрдүүлгийн гэмт хэргийн шүүхээр шийдэгдэн яллагдсан гэмт этгээтүүд нь бүгд эрэгтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг аж. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаграм зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ. Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 хувь нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

Хамгийн гол нь хэн ч дуртай хүнийхээ дүрд хувирах боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс та бүхэн цахим орчинд танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх. Таны интернэт орчинд хийж байгаа бүх зүйл бусдад нээлттэй болох боломжтой гэдгийг санаарай. Хувийн мэдээллээ бусдад олон нийтийн сүлжээ, шуудангаар явуулахгүй байх. Компьютерийн аюулгүй байдлыг албан ёсны вирусны програм, firewall, үйлдлийн систем зэргийг суулган хангах. Ашиглаагүй байгаа тохиолдолд компьютер хэрэгсэл, төхөөрөмж, веб камер зэргийг унтрааж байх /Хакер болон хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй этгээдүүд алсаас удирдан хэрэглэх аюултай/.

Цахим орчинд анхаарах шаардлагатай алхамууд:
 

  • Хувь хүний болон байгууллагын интернэт сүлжээнд холбогдсон бүх компьютерт лицензтэй үйлдлийн систем, вирусны хамгаалалтын систем зэргийг суулгах.
  • Танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх.
  • Таньдаг байсан ч давхар утсаар болон өөрийн биеэр асууж шалгаж байх.
  • Хувийн мэдээллээ бусадад олон нийтийн сүлжээ, шуудангаар бусад руу явуулахгүй байх /найз залуу, бүсгүй, ээж, аав гэх мэт/.
  • Цахим орчинд бусдаар дамжин танд хүрэх гэсэн гэмт этгээдүүд олон бий гэдгийг ойлгох.
  • Хувийн мэдээллээ алдсанаар та секс сүрдүүлэгийн, цахим луйварын гэмт хэргүүдэд өртөх боломжтой болж байгааг анхаарч ойлгох хэрэгтэй юм.


Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.