Үр хүүхэд бол гэр бүлийн аз жаргал
 
Нийслэлийн нэгэн дүүрэгт хамар хашаанд амьдардаг айлын хоёр жаал өдөржин хамтдаа тоглож өдөр хоногийг өнгөрөөнө.
Хоёр хүүгийн хувьд үе тэнгийнх бөгөөд нас чацуу бие тэнцүү хоёр. Удахгүй сургуулийн сурагчид болно гэж хөөрцөглөж байгаа ч сургууль байхгүй. Хаана суралцуулахаа гэрийнхэн нь мэдэхгүй байгаа гэнэ. Хоёр хүүг Тэмка, Буд гэдэг бөгөөд цэцэрлэгт ч яваагүй хоёр аж. Ухаан орсон цагаасаа л найзалсан хоёрыг нэгнийх нь гэрт үлдээчихээд ар гэрийнхэн нь ажил төрөлдөө явдаг гэнэ.

Тэмка айлын ганц хүүхэд гэсэндээ эрх танхи, энхрий нэгэн. Тэрбээр хайраар дутаж үзээгүй өсч байгаа. Гагцхүү харьяа бус гэсэн шалтгаанаар цэцэрлэг байхгүй сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Хэдий  ар гэр нь хангалуун амьдралтай биш ч эцэг эхийн хайраар дүүрэн өсч байгаа хүү юм.

Харин Буд хүүгийнх ам бүл олуулаа, аав ээж нь ажил хийдэг ч олдог хэдэн төгрөг нь амьдралд хүрэлцэхгүйгээс болж байнга стресстэй хэрүүл тэмцэлтэй байдаг айл. Гэрт нь хэрүүл битгий хэл хиншүү ч тогтохын эцэсгүй хэцүү айл гэж саахалтынхан нь ярьдаг юм билээ.

Тиймээс Буд хүү юм л болвол хажуу талынхаа Тэмка найзындаа орох дуртай, тэдний өнжиж хоолыг нь хороож, боорцогноос нь хуваалцдаг нэгэн гэнэ.

Үе үе аав ээждээ зодуулж, нүд нь бүлцийсэн орж ирдэг. Найз нь аргадаж тэгээд хоёулаа тоглодог. Ааш авираа үр хүүхдэдээ гаргадаг муухай аав ээж хоёр гэсэн ойлголттой. Хайр халамжаар дутуухан хүү. 

Харин Тэмкагийн аав ээж хоёр бол зөв бодол, зөв төлөвшилтэй хүмүүс. Айл гэрийн азжаргал үр хүүхдээс үндэс эхтэй хэмээн боддог бөгөөд баяр жаргал хослуулсан бяцхан хүүгээ хайраар дутаадаггүй аж.

Тэдний боддог бодол нь “Хүүхэд бол гэр бүлийн азжаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгаж үе” юм гэж ярина.

Тиймээс ч Будын ээжтэй хааяа нэг зав гаргаж хуучлахдаа “Үр хүүхдүүдээ битгий ад үзэж загнаж, зодож занчиж бай. Амьдралд аав ээждээ ирэх гэж ирсэн үрс. Бурхан хэрэгтэй хүнээ явуулахаас хэрэггүй хүнийг илгээдэггүй юм гэнэ лээ. Үр хүүхдүүд өсч том болно. Удахгүй бид ач тусыг нь хүртэнэ дээ. Ухаантай байгаарай. Буд хүүгийн хувьд нүд нь их гунигтай, ходоод нь дандаа өлөн цөлмүүн байдаг шигээ. Хүүхдээсээ юу ч битгий харамла. Биднийг жаргаах гэж ирсэн жаахан зүрхтнүүд шүү дээ” гэж байнга хэлдэг гэнэ.

Нээрээ л үр хүүхэд гэдэг айл гэрийн баяр баясал, азжаргал юм шүү дээ.

Сэвлэгэн даахьтай үрээ үнэрлэн суугаа аав, ээж хоёр, өдөр өдрөөр өсөн төлжиж, өнгө зүс орон яваа нялх балчир үр хүүхдээрээ бахархан баярлаж, өнөр айлын жаргал эдэлж байх нь  юутай сайхан гэж санана. Хүүхэд бол ариухан сайхан ертөнц, цав цагаан цаас. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, булцайсан царай, болцойсон божгор бор гар...үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ.
Хүүхдээ хараад ээж, аав уярна, баясна.  Сэтгэл санаанд хургасан муу муухай бүхэн алга болно. Алжаал ядаргаа ч арилах шиг болно. Хүмүүс ярьдаг шүү дээ “Өдөржин стресстэй ажиллаж ирчихээд үр хүүхдийнхээ инээд дуунд л ядаргаа тайлагдах юм. Эд нарыгаа харж баярлах, үнсэж өхөөрдөхөөс илүү жаргал алга” гэж ярьдаг. Энэ бол үнэн.
Үртэй хүн жаргаж, үндэстэй мод нахиална гэдэг үнэн үг бий.

Хүүхдийг эрхэмлэн дээдлэх нь олон үеийн төрийн бодлого үүрэг гэж бий. Юуны учир гэвэл:

-Хүүхэд тухайн ард түмний үр, удам угсааг залгамжилна.

-Ахмад үе маань эх орон, төр улсаа хойч үедээ л уламжлан үлдээнэ.

-Эх орон нь мөнхөд бат бэх оршин тогтнож, төр улс нь цэцэглэн хөгжиж байх эсэх нь ээж ааваас эхлээд эх орон, төр түмэн нь сурган хүмүүжүүлснээс л шалтгаална.

-Айлын хэдэн хүүхэд эрүүл саруул боловсролтой ямар нэг ажил мэргэжилтэй, зөв сайн хүмүүжилтэй бол тэр өрхийн амьдрал хэвийн л байдаг.
 
Хүүхэдтэйгээ зөв харьцах нь чухал 

Ийм асуултыг эцэг, эх бүр ямагт өөрсдөдөө тавьж, алдаа оноогоор шинжиж байвал сайн. Яагаад гэвэл эх, эцэг хоёр, эцэг хүүхэд, эх хүүхэд ер нь хүний бусадтай харилцах харилцаанаас хамаг юм шийдэгддэг. Хэн боловч хүнтэй эв аятай харьцаж, үг хэлээ ололцож чаддаг бол алба, амины аливаа ажил бүтэх нь хялбар байна.

Эцэг эхчүүд хүүхдээ миний үр, гал голомт, үр удмыг нь залгамжлагч, манай гэр бүлийн гишүүн хэмээн үзэж, эрхэмлэн хүндэтгэж харилцах учиртай. Ер нь өөрийгөө хүндэтгүүлье, хайрлуулъя гэвэл хүнийг хүндэтгэж, хайрлаж чаддаг байх ёстой. Хүнийг хүндэтгэдэггүй, хайрладаггүй  хүнийг бас л хүндэтгэж хайрладаггүй шүү дээ.

Би л эцэг эх эднийг өсгөж тэжээлээ гэхчилэн санаж, ямагт дээрэлхэх аястай, эсвэл хүүхэд юу мэдэх вэ гэсэн хайхрамжгүй хандлага хүүхдэд сайн нөлөө үзүүлдэггүй юм шүү. Хүүхэдтэйгээ ямагт аятай зөөлөн, зөв харьцаж байх нь хүүхдээ чих зөөлөнтэй, зөв хүмүүжүүлэх гол хэрэглүүр болно.

Гэр бүлийн гишүүдийн харьцаа, уян зөөлөн, нөхөрсөг, бие биенээ хүндэтгэсэн, дөлгөөн намуун, ухаалаг байвал хүүхэд ч мөн дөлгөөн төв төвшин хүн болж төлөвшинө.

Гэр бүлийн гишүүдийн харьцаа хэг ёг гэсэн бие биедээ дээрэнгүй байдалтай хандсан, уурлаж уцаарлацгаасан, хэрүүл маргаан тасардаггүй  бол хүүхэд багаасаа сэтгэлийн хямрал, айдас, гомдол зэвүүцэлтэй байнга тулгарч сэтгэлийн нь тэнцвэр алдагдан мөн л догшин ширүүн харьцаатай хэрүүл маргаанд дуртай хүнийг хүндэтгэх чадваргүй хүн болоход хүргэнэ. Ингэснээр эцэг эх ч, хүүхэд ч хохирно, хэн нь ч хожихгүй.

Эцэг эхийн амьдралд ямар ч зовлон бэрхшээл тохиолдож болно. Тэр бүрийг хэрүүл маргаан, зодоон нүдээнээр шийдвэрлэж чадахгүй. Харин ухаалаг яриа хөөрөө, зориг тэвчээр, хүнлэг сайхан сэтгэл, алсыг харах чадвараар л зовлон бэрхшээлээ нимгэлэн давна.

Та үр хүүхдийнхээ яриаг сонсож, бодлыг нь уншиж, хамгаас дотно хүн нь байгаарай. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.