МУГЖ Ж.Оюундарь: Би өөрийгөө улаан, цагаан өнгөөр төсөөлдөг
"Миний амьдрал, уран бүтээл театрын улаан байшинтай холбоотой" хэмээдэг МУГЖ Ж.Оюундарь уран бүтээлдээ тун үнэнч нэгэн. Аавынхаа авьяас мэргэжлийн өвлөсөн тэрээр их театрын тайзнаа олон дүр амилуулсан байдаг. Түүнийг "Буруугүй буруутан" жүжгийнхээ бэлтгэл сургуулилтанд ороод байхад нь уулзаж ярилцлаа.

-Мөдхөн театрын тайзнаа тавигдах гэж буй "Буруугүй буруутан" жүжигт ямар дүр бүтээж байна вэ. Зөвхөн таны тоглож буй хэсгээс л гэхэд хүний тавилан гэж юу байдаг тухай харагдаж байна?

-Долоон найруулагчийн жүжгийн сүүлийн хоёр жүжиг нь үлдчихсэн байсан. Түүний нэг болох "Буруугүй буруутан" жүжгийнхээ бэлтгэл сургуулилтанд ороод байж байна. Хүний хувь тавилан зурсан зураг төөрөг гэдэг бичигдсэн байдаг.

Түүнийг хүн яаж ч өөрчлөх гээд өөрчилж болдоггүй гэдэг санааг энэ жүжгээрээ харуулж байгаа юм. Энэ жүжигт МУГЖ Б.Жаргалсайхан, түүний эхнэр МУГЖ Г.Урнаа, СТА Б.Нармандах, Дэмидбаатар гээд олон сайхан жүжигчид оролцож байна.

Бид жүжгээ тавдугаар сард тоглох төлөвлөгөөтэй байсан ч тайзны боломжгүйгээс болоод хойшлоод байсан юм. Харин одоо мөдхөн нээлтээ хийх гэж байгаа.

-Эргээд харахад бахархмаар бас баярламаар олон дүр байдаг байхдаа?

-Кинон дээр засах зүйлүүд нэлээд гардаг. Харин жүжгэн дээр би өөрийгөө урдаас хардаг болохоор сайн мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч тоглоход сайхан жүжгүүд байдаг.

Түүнээс дурдвал Оршуулагдаагүй үрэгдэгсдийн Луйзи гэж эмэгтэй, "Аянгын бороо" жүжгийн Сифан, "Худалч эхнэр" жүжгийн Кеть, "Харц хатан" жүжгийн Хандармаа, "Дурлахыг хориглоно" жүжгийн лесби хүүхэн гээд нэрлээд байвал олон байна. Эдгээр жүжгүүдээ харахаар нэг дүр бүтээсэн юм шиг тийм сайхан мэдрэмж төрдөг.

-Жүжигчин хүн өөрийгөө үргэлж хурцалж ирлэж байдаг болохоор нэг тийм л дүрд тоглох юмсан гэж өөрийн эрхгүй хорхойсдог дүр байдаг л байх даа?

-Угаасаа зохиол уншихад гоё дүр сэтгэлд буудаг шүү дээ. Тэндээс л энэ дүрд тоглох юмсан гэсэн хүсэл төрдөг. Гэвч найруулагч дүрийг хуваарилж өгдөг учраас хязгаартай байдаг. Гэхдээ л тоглох юмсан гэсэн дүрүүд байна аа байна. Оногдсон дүрүүдээсээ гадна оногдоогүй тэр бүү хэл эрэгтэй хүний ч дүр байна.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Урлагийн хүмүүсийн сэтгэл бас царай төрх нь дандаа залуугаараа байдаг. Таны хувьд гоо сайхнаа үргэлж хадгалж байдаг нууц тань юу вэ?

-Манай театрт ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ сайхан сэтгэлтэй. Энэ сайхан эрч хүч энерги нь бидэнд ирдэг байх. Үүнээс гадна уран бүтээл хийсний дараа үзэгчдийн хүндлэл, алга ташилт бидэнд маш сайхан таашаал өгдөг. Энэ бүхнээс хамаарч сайхан байдаг болов уу гэж боддог юм.

-Таны нэрийн өмнө аж Жамсранжав гэсэн тодотгол үргэлж дагалдаж байдаг. Гэсэн ч та өөрийн гэсэн онцлогтой бас чадварлаг уран бүтээлч шүү дээ?

-Аль аль нь л байгаа л даа. Жамсранжавын Оюундарь гэж хэн бэ. Бас Оюундарь гэж ямар жүжигчин бэ гэдгийг үзэгчид мэдэж байгаа. Мэдээж сайхан ааваараа үргэлж бахархаж явдаг.

-Таныг гэр бүлтэй болоод хувийн амьдралдаа анхаараад уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлах байх гэж бодож байсан. Гэтэл та удалгүй ажилдаа орсон?

-Тийм ээ, хүүхдээ төрүүлээд 20 хонов уу, үгүй л юy л ажил руугаа яарсан. Учир нь тэр үед Н.Наранбаатар найруулагч инээдмийн баярт зориулсан шинэ жүжигтээ намайг урьж, тоглуулахаар болсон юм.

Гэвч гурав хоног сургуулилт хийх гэж оролдоод чадсангүй. Нялх хүүхдээ орхиод ажиллана гэдэг ёстой худлаа юм билээ. Хөх чинэрээд юун бэлтгэл хийх манатай байсан болохоор "Баярлалаа, эгч нь үнэхээр амжихгүй нь" гээд гол дүрээс татгалзаж, тоглолтынх нь бусад хэсэгт оролцсон. Энэ мэтээр амьдралынхаа асуудлыг хүртэл орхиж боломгүй, манай мэргэжил үнэхээр хэцүү шүү.

Cap гаруй хугацаанд тайзан дээр гарахгүй байвал мэргэжлээсээ холдох гээд байгаа юм шиг. Ингэж бэлтгэл сургуулилт тасарч болдоггүй учраас нялх биетэй байхдаа хүртэл уран бүтээлээ орхиогүй. Угаасаа амьдрал тэр чигээрээ үүрэг хариуцлага учраас түүнийг залж явах ухаан хэрэгтэй.

-Тэгвэл хань тань таны уран бүтээлийг өмнө нь хэр мэддэг байсан бол?

-"Ромьёо Жульетта"-г үздэг байсан гээд ярьдаг юм. Учир нь би "Жульетта"-гийн найз охин нь болж тоглодог байсан юм. Гэхдээ одоо бид тусдаа амьдарч байгаа учраас энэ талаар яримааргүй байна.

-Сүүлийн үеийн залуус амьдралаа их төлөвлөдөг болж. Харин та өмнө нь төлөвлөдөг байв уу?

-Амьдралын ерөнхий төлөвлөгөө байлгүй яахав. Өдөр тутам болон cap, жилээр хийх ажлуудаа төлөвлөнө. Хажуугаар нь өөр бусад асуудлаа зохицуулах гэх мэт нарийн төлөвлөгөө эмэгтэй хүн бүрт байдаг биз. Гэхдээ хаашаа харж, хэнтэй ярьж, юу ууж идэхээ төлөвлөнө гэвэл амьдрал утгагүй болно.

-Та үргэлж инээж бас бүхий л хүмүүстэй адил тэгш харьцдаг. Олны танил хүний хувьд энэ зан тань таныг улам чимдэг юм шиг санагддаг. Танд ер нь гуниглах үе гардаг болов уу?

-Ганцаараа байхдаа л гуниглаж мэднэ. Гэхдээ уйтгар гунигийг хүсэх юм биш. Ялангуяа одоо надад гуниглах зүйл өчүүхэн ч алга. Би их өөдрөг сэтгэлтэй хүн.

-Тэгвэл өөдрөг бүсгүйн хайрын тухай бодлоос хуваалцвал ямар байна?

-Хайргүйгээр амьдралыг төсөөлж боломгүй. Хүнд үргэлж эрч хүч өгдөг учраас бүр амттай хоолноос ч илүү сайхан (инээв). Дурлана гэдэг чинь заавал хүнд дурлахыг хэлдэггүй юм. Дуу, шүлэг гэх мэт янз бүрийн зүйлд байнга дурлаж байх хэрэгтэй.

Тэр бүхнээс сайхан энергийг авч, амьдралдаа эрч хүчтэй хандаж чадвал уйдах ч завгүй явна гэсэн үг. Гэхдээ хэн нэгэнд дурлах бүр ч гоё шүү.

-10 жилийн сурагч бас оюутан насанд их дурсамжтай мөч тохиодог. Таны хувьд?

-Арван жилд байхдаа авч байсан захиа минь их дурсамжтай санагддаг. Тухайн үед бүрэг ичимхий байсныг ч хэлэх үү. Нүүрээ дарж аальгүйтээд л, захиа өгөхөөр өөдөөс нь чулуудаж байх жишээтэй. Бас болоогүй ээ, номноос шүлэг их хуулж бичнэ.

Хайр, амьдрал гээд ямар ч зүйлийг онолоор төсөөлөх шаардлагагүй гэж би боддог. Тухайн үедээ л болж өнгөрөх зүйлийг хэн ч мэдэхгүй. Амьдрал ч гэсэн тайлагдашгүй ертөнц шүү дээ.

-Тэгвэл таны дотоод ертөнцийг өнгөөр төсөөлбөл та ямар өнгө сонгох бол?

-Улаан, цагаан. Яагаад ч юм бэ, би өөрийгөө ийм өнгөөр л төсөөлдөг юм. Аливаа зүйлд өөрийнхөөрөө хандаж, хэн нэгнийг хуурч гомдоохгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй гэж боддог учраас сэтгэл санаагаа цав цагаанаар төсөөлнө. Харин улаан нь миний эрч хүч, өөдрөг сэтгэл, амьдралын тэмүүлэл гэж боддог.

Нийслэл таймс
Д.Нэргүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mart 2014-08-30 17:03:54
    ooriigoo tsagaan,ulaan ongoor todorhoilson bna.Harhad saaral ongotei l bna.Torood 20 honood teatart garsan gen shuu don gej tiim baih,huuhdee bie bodohgui yu,
  • Золоо 2014-08-30 07:31:45
    Амжилт хүсье. Мундаг жүжигчин, сайн хүний үр.