Вин Дизель: “Галзуу хурд-7” бол Полын хүсэл байсан юм
Холливудын нэрт жүжигчин Вин Дизельтэй ярилцлага хийхээр сэтгүүлч Уильям Кинг “Disney” студийг зорьсон байна. Жүжигчин хамгийн сүүлд “Guardians of the Galaxy” кинонд Грут нэртэй модны дүрийг бүтээсэн юм. Вин Дизель зураг авалтад эхнэр П.Хименес болон Хания, Винсент охидынхоо хамт очдог бөгөөд дөрөв, зургаан настай охидоо ирээдүйд жүжигчин болж магадгүй гэж бодож буйгаа ярьжээ.

-Та ярилцлага өгөхөөр гэр бүлийн­хэнтэйгээ хамт иржээ. Ажлынхаа зав­сар­лагаар эхнэр хүүхэдтэйгээ зу­гаалж яваа гэж ойлгож болох уу?

-Ажил, хувийн амьд­ралаа зааг­ладаг хүмүүсийн нэг нь би биш ээ. Хамтран ажиллагсадтайгаа найзалж, гэр бүлээ студи, зураг авалтын талбайд авч ирэх дуртай.

Түүнээс гадна хүүх­дүүд минь ирээдүйд жү­жигчин болохыг хүсэх юм бол энэ мэргэжлийг дотоод талаас нь хараасай гэж боддог юм. Хэрвээ хүсэхгүй юм бол хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэнэ. Охидын маань нэг нь жүжигчин болох юм шиг санагдаад байгаа.

-Хүүхдүүд тань Грут модны дүрд тоглосныг яаж хүлээж авч байна вэ?

-Бид хэд хоногийн өмнө хамтдаа “Guardians of the Galaxy” киног үзсэн юм. Тэд гэртээ хариад “Би бол Грут” гээд янз бүрийн өнгөөр хэлж үзээд, дуулж байхыг хараад охидод минь таалагджээ гэж бодсон. Хийж байгаа ажлыг минь хүүхдүүд үзээд үнэхээр хөөрөн баярлахыг харна гэдэг гайхалтай мэдрэмж. Гэвч охид минь миний тоглосон зарим киног үзэхгүй байсан нь дээр. Тэд өсч том болоод миний ажлыг үнэлэхээ больж болох л юм. Гэхдээ намайг шүтэн биширдэг хүмүүс бий. Жишээ нь, “Facebook” олон нийтийн сүлжээ 82 сая бичигчтэй надад мөнгө төлөх байх. /Инээв./

-Вин, та тэр олон би­чигчийнхээ зөвлөгөө, са­налыг уншдаг уу?

-Уншилгүй яах вэ. Энэ чинь миний хийж байгаа ажлыг хамгийн бодитоор үнэлж байгаа хэрэг. Уран бүтээлч хүнд эргэх холбоо гэдэг үр дүнтэй төдийгүй бүр амин чухал гэж боддог. Үзэгчдийн онлайн санал хүсэлтийн дүнд “Галзуу хурд-6” киноны дүрийг сон­­госон.

Ер нь шүтэн биш­рэгчдийнхээ хүссэн дү­рийг бүтээхийг хичээдэг юм. Тэд намайг тоглохыг хүссэн болохоор “Riddick”, “Галзуу хурд” /The Fast and the Furious/ кинонд тоглосон. “Галзуу хурд” цув­ралд хамт тоглосон найз Пол Уолкерийг нас барсны дараа уран бүтээлээ хэсэг завсарласан. Одоо үзэгчдийн хүсэлтээр “Hannibal” кинонд тоглож байна.

-Уран бүтээлдээ эргэн ирэх эрч хүчийг хаанаас авав?

-Гэр бүлийнхэн минь өгсөн. Полыг ослоор амиа алдсаны дараа би яах уч­раа олохгүй байсан. Ээж минь намайг тэврээд “Хүү минь чамайг дэлхий ний­тээрээ харж байна. Тэс­вэрлэх хэ­­рэгтэй” гэсэн. Удаан ху­га­­цаанд интернэт ашиг­лаагүй, олны дунд ороогүй. Надад маш хүнд хэцүү цагт “Guardians of the Galaxy” кинонд тоглох санал тавьсан. Грутын дүр надад бараг л эмчилгээ болсон. Дотны найзаа алдана гэдэг хэцүү, уй гунигийг даван туулахад бүр хэцүү. Гэхдээ бид “Галзуу хурд-7” киног үргэлжлүүлэх болсонд баяр­тай байгаа. Энэ кино бол Полын хүсэл байсан юм. Зураг авалт бараг дууссан. Ирэх жилийн хавраас нээл­тээ хийнэ.

-Сонирхоод асуухад яв­даг, ярьдаг модны дүрд тоглох ямар санагдаж байсан бэ?

-Энэ тийм ч амар бай­гаагүй. Би байгалийн элчийн дүрийг бүтээхдээ ер­дөө гурван үг хэлэх ёстой байсан. /Инээв./ Нүүрний ямар ч хувирал, хөдөлгөөн байх­­гүйгээр шүү дээ.

Харин миний үйл хөдлөлийг заа­варласан зохиол нь 50 хуу­дастай бөгөөд “Би бол Грут” гэдэг үгийг сэтгэлийн янз бүрийн хөдлөлөөр хэлэх байсан. Студид дү­рийнхээ дууг оруулахдаа дөр­­вөн өдрийн турш гурван үгийг давтан хэлэхдээ уйдаа­гүй. Заримдаа бүр хөг­жил­тэй үе ч байлаа.

-Таны карьерыг ха­рахад А.Швар­ценеггер, С.Сталлоне нарын адил гараагаа эхэлсэн санагддаг. Тэд ч мөн кино урлагт хөл тавьсан боди­билдингийн тамирчид. Та зориуд тэд­нийг дууриасан уу, эсвэл тэгж таарсан юм уу?

-Бодибилдингээр хичээл­лэхээс өмнө кинонд тог­лохыг хүсдэг байсан. Миний аав /хойд эцэг/ театрын най­­руулагч, жүжигчин бо­лохоор үргэлж л “Жижигхэн дүр, олны танил бус жү­жигчин гэж байдаггүй юм” гэж хэлнэ, намайг Нью-Йоркийн театрын гудамж руу дагуулж явна. Тэнд л би жүжигчний мэргэжлээр өвчилсөн. Тийм болохоор хүүхдүүдээ зураг авалтын талбайд дагуулж очдог болсон байх.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.