Бид сайн, донжийг нь олсон уран бүтээл гаргаж чадвал сонсогчдыг татаж чадна
Энэ удаагийн дугаартаа Монголд хип хоп урсгалыг хөгжүүлэхэд гар бие оролцож, тулгын чулууг тавилцаж явсан "Энхтайван" хамтлагийнхантай ярилцлаа. Хэдийгээр тэд удаан хугацаанд уран бүтээлээ завсарласан боловч эргэн нэгдэхээр болжээ.

-"Энх тайван" хамтлаг маш удаан хугацаанд чимээгүй байгаад эргэн шинэ уран бүтээлийнхээ ажилд ороод байгаа тухай сайхан мэдээг сонслоо. Хип хоп хамтлагуудын анхдагчдын нэг болж явсан тэр үеэ дурсаач?

-Э.Очирхуяг:
Манай хамтлаг 1999 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байлаа. Багаасаа нэг нэгнээ мэддэг, нэг байрны найзууд санаа нийлсэн нь тэр л дээ. Өмнө нь хамт бүжиглэдэг байлаа. Ер нь тухайн үеийн хип хоп хамтлагууд бүгд л бүжиглэж гараагаа эхэлсэн дээ.

-Танай хэд хэдэн дуу хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж байсан санагдана?

-Б.Хүчбаяр:
Хамгийн анх "Тэд", "Хүн биш буг" гээд дуунууд гаргаж байлаа. Араас нь "Талийгаачийн дурсгалд" гэж дуугаа гаргасан. С.Зориг, О.Дашбалбар агсан нарт зориулсан дуу л даа. Тэр үеийн хит дууны жагсаалтыг ч тэргүүлж байлаа.

Тэгээд "Хайрын сэтгэл" дуугаа гаргасан. Тэр үеэс л хип хопд сонирхогч залууст "Энх тайван" гэж хамтлаг байдаг юм шүү гэдэг нь танигдаж эхэлсэн байх. "Нандин хайр", "Нэг байрны найзууд", "Уучлалт" зэрэг дуунууд маань ч их амжилттай явж байсан. "Нэг байрны найзууд" нэртэй тоглолтоо ч хийж байлаа.


-Тэгээд яагаад энэ олон жил уран бүтээлээсээ хөндийрчихөв өө?

-Э.Очирхуяг:
2003 оноос хамтлагийн гишүүд тус тусын амьдрал, сургууль соёлоо хөөцгөөсөн л дөө. Зарим маань гадагшаа явлаа. Ингээд л хамтлаг унтаа байдалтай болсон доо.

-Тухайн үед "Дайн ба энх", "Эрх чөлөө" гэх зэрэг хамтлагууд байлаа. Танай хамтлаг ч "Энх тайван" нэртэй. Тэр үед иймэрхүү утгатай нэр өгөх нь мода байсан юм уу?

-Г.Хашчулуун:
Үгүй ээ /инээв/. Манай хамтлагийн гурван гишүүний нэр "Энх"-ээр эхэлсэн байдаг юм. Дээр нь Улс тунхагласны баяраар байгуулагдсан. Ярилцаж байгаад л "Энх тайван" гэдэг нэрээ өгсөн дөө.

-Эргээд уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаа гэлээ. Шинэ уран бүтээлүүд хэзээнээс үзэгчдийн хүртээл болж эхлэх бол?

-Э.Очирхуяг:
"Дижитал" хамтлагийн 15 жилийн ойн тоглолтонд оролцох урилга аваад дуртай зөвшөөрсөн. Яг энэ саналыг авахаас өмнөхөн бид шинэ уран бүтээлийн тухай ярьцгааж байсан юм. Эхэлсэн байсан зүйлийнхээ үр дүнг гүйцээж харах гэсэндээ л тэр шүү дээ.

Үүнийхээ эхлэл болгоод зарим хуучин дуунуудаа шинэчлэн бичүүлэх, шинэ уран бүтээл дээрээ ажиллах зэргээр ажиллаж байна. Шинэ, хуучин уран бүтээлээ нэгтгээд цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Хамгийн түрүүнд "Хайрын сэтгэл" дуугаа шинэчлэн дууллаа. Хөгжмийн дуугаралтыг сайжруулах тал дээр шинэчилж байгаа болохоос биш утга санаа, найруулгыг өөрчлөхийг хүссэнгүи. Т ун удахгүй уг дууны клип үзэгчдийн хүртээл болно. Тухайн үед залуус сонсдог байсан зарим нэг дуунуудаа одоогийн залууст хүргэе гэдэг үүднээс л шинэчилж байгаа юм.

Түүнээс биш шинэ уран бүтээлүүд түлхүү гарна. Мөн хип хоп хамтлаг, дуучдын хамтран дуулж байгаа "Аз жаргал" нэртэй дуунд манай хамтлаг оролцсон. Мөн л удахгүй цацагдаж эхлэх.байх. Их л олон зүйлийг хийхээр зорилго тавьчихаад ажиллаж байна даа.

-Шинээр гарах цомогт хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж оролцох уу. Эсвэл одоо байгаа бүрэлдэхүүнээрээ уран бүтээл хийгээд явах уу. Нөгөө гишүүн маань хаана байгаа вэ?

-Б.Хүчбаяр:
Одоо хамтлагт үндсэн байсан Г.Хашчулуун, Б.Хүчбаяр, н.Очирхуяг гэсэн гурван гишүүнтэйгээ байна. Нөгөө гишүүн Энхбаяр маань "Монгол даатгал" компанид ажилладаг.

-Хэсэг хугацаанд уран бүтээл хийлгүй завсарлалаа. Энэ хугацаанд урлагаа их санав уу. Бараг 10 гаруй жилийн өмнө дуулж байсан "Хайрын сэтгэл" дуугаа шинэчлэн дуулж байх үед ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Э.Очирхуяг:
Өнгөрсөн хугацаанд бид урлаг гэдэг зүйлээс хөндийрсөн байлаа. Бараг л ор тас мартсан гэхэд болно. Хамгийн сүүлд 2005 онд "Ice top" хамтлагийн "Хайраа надаас асуу" тоглолтын тайзан дээр гарсан санагдаж байна.

Тэрнээс хойш гээд бодохоор нэлээд төсөөрсөн байна /инээв/. Их л бэлтгэл, шаргуу хөдөлмөр хэрэгтэй л дээ. Түүний үндсэн дээр сайн уран бүтээл гаргах ёстой. Яахав нэгэн бодлын цоо шинээр эхэлж байгаа биш болохоор гайгүй байна.

-Г.Хашчулуун: Нэлээд төсөөрсөн байна. Бичлэгт ороход ч их сонин мэдрэмж төрж байна.

-Тухайн үеийн "Мон Та Реп", "Энхтайван", "Эрх чөлөө", "Дайн ба энх" гэх зэрэг хамтлагуудыг сонсдог байсан залуус өнөөдөр 30 гаруй насныхан болжээ. Шинэ үеийн хип хоп сонирхогч залуус эдгээр хамтлагуудыг төдийлөн сайн мэдэхгүй. Яг энэ үед эргээд уран бүтээлдээ ороход хүлээж авах болов уу гэсэн түгшүүр байна уу?

-Э.Очирхуяг: Нэг их айх зүйл алга. Одоо бол харьцангуй юм хөгжсөн үе шүү дээ. Биднийг анх эхэлж байх үед ийм байгаагүй. Өмнө нь бид FM болгоны хаалга татаад "Манай дууг цацаад өгөөч" гээд л явдаг байлаа шүү дээ.

Гэтэл өнөөдөр огт ондоо ертөнц бий болсон байна. Хоолой бичүүлэх, дуугаа цацахаас авахуулаад л. Бид өөрсдөө л сайн, донжийг нь олсон уран бүтээл гаргаж чадвал шинэ, хуучин гэлтгүй сонсогчдыг татаж чадах байх.

-"Энх тайван" хамтлаг old school стилиэр дуулдаг байсан шүү дээ. Одоо шинээр хийж байгаа уран бүтээлүүд ямар нэг стиль, жанрт баригдах уу?

-Б.Хүчбаяр: Тэгж стиль жанрт баригдаж "хайрцаглагдах"-ыг хүсэхгүй байна. Чадах бүх л зүйлээ хүмүүст үзүүлмээр байна. Тэгэхийн тулд нэг стильд баригдах шаардлагагүй.

-10 жилийн дараа гарах анхны тайз нь "Дижитал" хамтлагийн 15 жилийн ойн тоглолт байх нь ээ?

-Г.Хашчулуун: Тиймээ. Их догдолж, хүлээж байна. Тайзан дээр гарахад мэдэрдэг сайхан мэдрэмжийг авна гэж бодохоор сайхан байна.

Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.