Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, УИХ-ын гишүүн асангуудыг шүүсэн долоо хоног
Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн, Засгийн газраас хэд хэдэн дорвитой шийдвэр гаргасан өдрүүд байв. Долоо хоногийн хамгийн эхний өдөр буюу даваа гаригт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаагаа зарласан бол өнгөрсөн лхагва гаригт төрийн албан хаагчдын цалинг нэмж буйгаа Засгийн газраас мэдээллээ.

Эдгээр үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ 19 сая төгрөгөөр торгуулж, харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал хойшлов. Мөн яамдуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулав.

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж буй үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


 
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлал хийлээ
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар тус улсын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцсан. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан.

Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан билээ.
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд 1-ээс доошгүй удаа шинэчлэх ёстой гэсэн хуулийн дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 1904, өдрийн 15200, сарын 320.000 төгрөг болгож шинэчлэн баталсан.

Энэ нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхлэх юм. Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 80.000 иргэн байдаг аж. Мөн Засгийн газраас ОУВС-тай тохиролцсоны дагуу төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлэв.

Ингэхдээ судалгаа үндэслэж, сувилагч нарын шатлалыг 1-2-оор нэмэгдүүлж, цалинг 20-30 хувиар, бага ангийн болон цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичээл заадаг багш нарын шатлалыг 1-ээр нэмж, цалинг 14 хувиар нэмэхээр болсон байна.

Мөн соёл урлагийн салбарын ажилчдын цалинг 8 хувиар нэмэхийн зэрэгцээ ангилал зэрэглэлийг 7 болгож байгаа аж. Ингэснээр тэдний цалин есдүгээр сарын 1-нээс 14-32 хувиар нэмэгдэх боломжтой юм байна. Нийт 145.000 төрийн албан хаагчдын цалинг нэмж, 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоог Сангийн яамнаас гаргажээ. 
 
Яамдууд шалгалтад тэнцсэнгүй

ЗГХЭГ-аас сахилга батыг сайжруулах үүднээс 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-ын байранд шалгалт хийсэн. Шалгалтыг ТТХГ, ЗГХЭГ-аас хамтран явуулсан байна. Гэтэл ЭХЯ, ЭМЯ, УУХҮЯ иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй байжээ.

Мөн БОАЖ, ХНХ зэрэг яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр авч ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилон ажилуулж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн гадаад дотоодын өндөр зардалтай олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн аж. 

Харин ТТХГ-аас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг эзэмшигчдээр нь ажлын байрнаас нь гаргуулсан байна.
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ 19 сая төгрөгөөр торгуулав


УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүв.
 
Улмаар шүүхээс З.Баянсэлэнгийг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. 

Харин УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ “Би 19 сая төгрөг төлөхгүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр учир эцсийнх биш. Анхан шатны шүүх эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй л гэж намайг хорихгүйгээр торгууль оногдуулсан нь миний талд ашигтай болсон мэт өнөөдөр хүмүүсийн амны “бай” болж байх шиг байна. Би хоригдохоос айхгүй. Шударга бус зүйлийн төлөө би айхгүй байна” гэдгээ илэрхийлээд байгаа билээ. 
 
 
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал дахин хойшлов
 
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч дахин хойшилсон.

Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй тул хойшлуулж өгнө үү гэсэн байна.

Харин шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхийг хангаж, хүсэлтийг хүлээн авснаар ирэх сарын 12-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулсан юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-26 11:30:12
    Тэтгэвэр хэзээ нэмэх вэ
    202.9.43.90
    Мэдэгдсэн Хариулах