Н.Төгсбат: Шал сайн угааж сурах ч хүртэл эрдэм юм шүү дээ
Нямжавын Төгсбат гэдэг залуу АНУ-д домог шиг амьдардаг тухай тэнд байгаа Монголчууд ам уралдан ярьдаг. Учир нь тэр Монгол хүний ухаан, тэвчээрээс эхлээд уйгагүй зүтгэвэл бид ямар амжилтанд хүрч болох вэ гэдгийн бодит жишээ болсон нэгэн ажээ. Нэлээд удаан хайсны эцэст эх орондоо түр амрахаар ирэх үед нь уулзаж "Баасан гаригийн зочин"-оор урьсан юм.

-Амьдралын төлөө сонирхолтой, бас адал явдалтай зам тулсны эцэст АНУ-д домог шиг амьдарч яваа гэж тэнд байгаа Монголчуудаас сонссон. Тэнд амьдраад хэр удаж байгаа билээ?

-Есөн жил болох гэж байна. Эхнэр бид хоёр охинтойгоо АНУ-ын Чикагод амьдардаг. Наадмын өмнөхөн эх орондоо амрахаар ирсэн. Удахгүй буцна.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ. Амьдралын гараагаа хэзээ, хаанааас эхлэв?

-Би хуульч мэргэжилтэй, одоо бол олон янзын мэргэжилтэй, бас хийж чадахгүй зүйл ч үгүй. Москвагийн Цэргийн дээд сургуулийг 1991 онд таван монгол залуу төгссөний нэг нь би байгаа юм. Уг нь арван хүн төгсөх байсан ч тав нь янз бүрийн шалтгаанаар хасагдсан. Тэр үед цэргийн сургуулийнхныг хойноос хүн ирж шалгаж авдаг байсан юм. Ирээд мэргэжлээрээ ажиллах сонирхол байгаагүй. Тэр үед цэргийн дарга нарын хүүхдүүд л гайгүй ажил алба хашдаг байсан. Одоо ч тэр хэвээр байгаа юм билээ. Намайг ирэхэд Ховд руу мөрдөн байцаагчаар явуулах гэж байсан. Аав, ээж минь ч яв гэж ятгалаа. Би явахгүй гэж зүтгэсээр түүндээ хүрсэн.
 
-Армиас гарчихсан, ажилгүй дээр нь ардчиллын эхэн картын барааны хүнд үеийг яаж давав, яаж гэр бүлтэй болов?
 
-Нэг удаа найзтайгаа таартал эхнэрээсээ салсан гээд сэтгэл санаа гундуу явна. Тэр нөхрийг ангийнхаа найзтай танилцууллаа. Тэр хоёр сэтгэл нийлж суухаар боллоо. Түүний эхнэрийнх нь найз бүсгүйтэй би танилцаж эхнэрээ болгосон. Өөрөөр хэлбэл, би ангийнхаа хүүхнийг нөхөртэй болгож, тэр намайг эхнэртэй болгосон юм. Манай эхнэрийнх тэр үед Бага тойрууд, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард байлаа. Тэднийд очиход автобусанд сууж зовохгүй, явган гүйгээд л оччихно. Ингэж би эхнэртэй болсон. Тэгэлгүй Баянхошууны эцэст гэртэй охин руу чигээрээ яваад байсан бол миний амьдрал ч, манай хүүхдүүдийн амьдрал ч огт өөр замаар явах байж гэж одоо бодогддог юм.
 
-Эхнэртэйгээ танилцаад шууд л хуримаа хийж гэрлэсэн үү?
 
-Баахан хөгл сөн. Үерхэж байтал манай хүн “Чи яваад л байх юм. Ямар зорилготой юм бэ. Аав, ээжтэй уулзаж, танайх бэр гуйдаггүй юм уу” гэлээ. Тэгэхээр нь би нэг өдөр гэрт нь шууд орлоо. Ээж нь “Нэг залуу бий гэсэн, чи мөн үү” гэж байна. Тэгээд “Манай охиныг аваад амьдраад явж чадах юм уу. Чи чинь сургууль төгссөн ч ажилгүй юм байна шүү дээ” гэж байна. Би “Хоёр гуйлгачин болох байх аа. Би бэр гуйя” гэчихсэн чинь “Хаашаа янзын яриа хөөрөөтэй  хүүхэд вэ” гэж зэмлэсэн. Ингэж би өөрөө өөртөө эхнэр гуйж байлаа. Гэхдээ би тэр үед их тэнэг байж, бэрийг өөрөө гуйгаад болчихдог гэж боддог байсан юм даг.
 
Сүүлд аавдаа өөрөө бэр гуйсан тухайгаа хэлж инээлгэсэн. Дараахан нь аав, ээж хоёр тэднийд очиж ярилцаад бид хоёрыг нийлүүлэхээр болсон. Гэхдээ тэр ярианаас хойш нэг их удаагүй эхнэрийн аав, ээж хоёрыг Улаан-Үд яваад ирэхэд манай аав бурхан болчихсон байсан. Ингээд эхнэр бид хоёр айл боллоо. Тэдний эгч тухайн үед Таван шарын конторт нягтлан байсан. Ажилчдын 00-ийн өрөө гэдэгт эгч нь түр сууж байгаад байранд орж байсан юм. Бидний амьдрал тэр өрөөнөөс эхэлсэн. Өрөө нь жижиг “монель” гэдэг жижиг телевиз, “харьков” нэртэй бяцхан хөргөгчтэй ер нь бүх юм нь жижигхэн. Эхнэрээ “Тэмүүжин менч” оёдлын компанид ажиллаж байсныг нь болиуллаа. Өөрөө ах дүүстэйгээ орос пальтоны материал /драп/ оруулж ирж, манай хүн хувцас хийдэг. Тэр үеийн өргөн мөртэй, шкаф шиг пальтог бүгдийг оёсон доо. Манай эргэн тойрныхон бүгд тийм пальтотой болчихсон байсан. Тэгж байтал эхнэр жирэмсэн болж юм оёж чадахаа байлаа, би наймаанд явж ганц нэг юм зарна. Хүүхэд гарах үед бидний цуглуусан мөнгө байранд хүрэлцдэггүй. Хадмынх нэг өроөгөө суллаж, биднийг оруулсан. Тэр үеэс дорвитой юм хийхгүй бол болохгүй нь гэж бодогдсон.
 
-Тэгээд юу сэдэв?
 
-Дүү маань Солонгост ажиллахаар явчихсан байсан юм. Юу болж байгаа нь бүрхэг, утсаар ч ярьдаггүй. Нэг удаа ярихаар нь зовлонгоо хэлтэл, хүрээд ир гэсэн. Ингээд 1996 онд том охиноо таван сартай байхад Солонгос руу явлаа. Эмэгтэй хүний том лакан түрийвчинд мөнгөө хийчихсэн. Гаалийн ажилтнууд шоолж инээлдэж байж билээ. Солонгост очоод машины тоног төхөөрөмж хийдэг хуванцрын үйлдвэрт ажилд орсноор капитализмтай танилцсан даа. Нэг шуудайтай юм ухахад л гар цэврүүтээд ажил нь ч их хүнд. Тэнд бээлий өмсөх ёстой гэдгээс эхлэн олон юм сурсан. Тэнд байхдаа ширээ сандлын үйлдвэр, синтфоны үйлдвэр гэхчлэн 5-6 үйлдвэрт ажилласан. Жаахан туршлагажаад эхнэрээ татсан. Солонгост би 1.6 жил, эхнэр нэг жил болсон. Тэр үед буюу 1998 онд дэлхийн эдийн засгийн хямрал тохиож, компанийн захирал бидний цалинг хаслаа.
 
Тэрийг нь бид мэдэхгүй юм чинь ажил хаялт зарлаад ажилгүй боллоо, Солонгост. Хоёулаа ажиллаад гайгүй мөнгө хураасан тул Монголдоо ирээд зургаан сая төгрөгөөр хоёр өрөө байр авч байлаа, 120-д. Машингүй ч гэсэн байрныхаа хажууд бас нэг гарааш худалдаж авлаа. Тэгээд мөнгөгүй болсон тул амьдрал бас хэцүүдлээ. Тэгэхээр нь намар баахан мах худалдаж авч гараашдаа хийгээд цасаар хучлаа. Гялгар уутаар бүтээж, агаарыг нь тоос сорогчоор соруулан вакумжууллаа. Зөөлнийг нь бодож, залуу шүдлэн үхрийн мах авахаа мартсангүй.
 
Хүмүүс хадгалсан махаа зарж дууссаны дараа нэлээн сүүлд үнэ өссөн үед гаргаж зараад гайгүй ашиг олж байлаа. Махны бизнес хэцүү болохоор дараа нь аялал жуулчлалын компанид цэвэрлэгч, засварчин, тогооч хийлээ. Орост төгссөн, халтар хултар хэлтэй болохоор боломжийн байсан. Сүүлд  найзууд маань ажилд ор гэлээ. Гэтэл Солонгост нэг өдөрт авдаг цалин Монголын сарын цалинтай дүйцэж байгаа юм. Тэгэхээр яах ч аргагүй цалингаа голно. Хүмүүс цаг сайхан болж байна, Монгол хөгжиж байна гэж яривч би гадагшаа гарч юм үзэж, нүд тайлсан хүний хувьд болоогүй гэдгийг мэдрээд байсан. Тиймээс гадагшаа гарч ажиллах л хэрэгтэй гэж бодож явсан. Ингээд Израиль явуулах зарын дагуу бүртгүүлж 30 гаруй хүний хамт Москвад очоод дампуурлаа. Биднийг зуучилсан хүмүүс залилаад зугтсан. Аргаа барсан гар хоосон би Москвад сургууль дээрээ очиж хоол идэж, дотуур байранд нь долоо хонож байлаа.
 
-Тэгээд Монголдоо буцаж ирсэн үү?
 
-Хоосон гуяа ганзаглаад Улаанбаатарт ирсэн. Ирээд маш хэцүү зүйлтэй нүүр тулсан. Тэр бол найз нөхдөөс эхлээд “Нөгөөх чинь шатчихаж гэнэ” гээд нүүр буруулж, дуугарах ярих хүн олдохгүй болсон. Би Швед, Япон, Солонгос гээд гадагш нь хүн зуучилдаг бүх газарт хандсан. Гадагшаа явах бодол толгойноос гардаггүй. Нэг өдөр гэртээ телевиз үзэж суутал америк лам гарч түүний яриаг монгол лам орчуулж байна. Таньдаг хүн шиг харагдахаар нь лавшруулаад хартал манай дүүгийн найзын найз мөн байна. Тэр залуугийн багын найзуудыг олж аваад уулзууллаа. Дараа нь тэднээр дамжуулан өөрөө уулзлаа. Ингээд Америкийн шашны байгууллагаас урилга гаргуулж лам залуу дүүгэйгээ, намайг аваад АНУ-ыг зорилоо. Би хэлгүй юм чинь, ачаа барааг нь зөөх туслах ажилчин нэрээр гарсан. Ингэхдээ АНУ-д тосч авах хүнээ бэлдээгүй байсан. Өөр гарцгүй тул би таван хүний утас олж аваад гарсан даа. Америкийн шашны байгууллага бол нөгөө хоёрыг тосч аваад явна. Би ганцаараа үлдэх нь тодорхой. Тэгж ярьж тохирсон болохоор өөр аргагүй.
 
-Америкт анх тэгж хөл тавьж. Түүнээс цааш юу болов. Яаж ажил олов?
 
-Надад таван хүний утасны дугаар байсны эхнийх рүү ярилаа. Намайг тосохоор нэг хүнтэй хамт ирсэн нь манай байрны таньдаг ах байж таарсан. Тэгэхээр нь эхний нөхрийг орхиж, нэг байранд байсан таньдаг ахаа бараадлаа. Надад 700 ам.долларын цалинтай хятад хоолны газрын угаагчийн ажил олж өгч чадах гэнэ. Гэхдээ нэг хүний байранд 500 ам.доллар төлж суух юм байна. Тэгэхээр боломжгүй санагдлаа. Мөнгө ч хурааж чадахгүй нь. Өөр хувилбар асуулаа. Тэр нь харуудын хороололд гурван монгол оюутантай хамт амьдрах 400 ам.долларын байр байна. Жоом гүйсэн, жорлон, ванн нь тос хиртэй холилдсон Монголд ч харж байгаагүй муухай газар юм. Харин ажил нь 1200 ам.долларын цалинтай, онгоцны буудалд цэцэг зарах юм байна. Хэцүү юм нь онгоцны буудал учраас хяналт шалгалт их, тэр нь хараар ажиллаж байгаа хүнд асуудалтай. Байр, ажил нь таалагдаагүй учраас Монголоос ирэхээс өмнө олж авсан нөгөө утасны дугаарууд руу залгая гэж бодлоо.
 
JIoc Анжелос руу залгатал бүтэлтэй юм болсонгүй. Заавал нийгмийн хамгааллын бүртгэлийн дугаар хэрэгтэй гэнэ. Гэтэл тэр нь оюутан, ажиллах визтэй хүнд хамаатайгаас биш над шиг жуулчны визтэй хүнд хамаагүй юм билээ. Тэгээд ойлголцсонгүй. Дараа нь Денвер рүү залгалаа. Хоккейчин гэдэг шал угаагчийн ажил санал болгож байна. Тэр нь сарын 1400 ам.долларын цалинтай, гэхдээ ажилд зуучилсанд 1000 ам. долларын шагнал төлөх ёстой гэнэ. Тэгэхээр нь болилоо. Хамгийн сүүлд багын найз, архинд орсон гэж ад үзэгдсэн нэг найзынхаа эмэгтэй дүү рүү залгалаа. Тэр угсыг би намайг таниа ч уу, үгүй ч үү гээд ойшоогоогүй юм. Гэтэл танихаар барахгүй, ахыгаа надаас сураглаж, та хүрээд ир. Манайд сарын 400 ам.доллараар бай. Хоолны мөнгөнд санаа бүү зов. Би таныг хоолоно гэлээ. Давхиад очлоо. АНУ-д очиход тосч авсан ах маань ачаанаас саллаа гэсэн шиг баяртай гэгч нь хүргэж өглөө. Ингэж би Чикагод анх хөл тавьсан.
 
-Одоо таны гэр бүлээрээ амьдарч байгаа хот биз дээ. Чикагод анх очсон нь тэр үү. Анхны ажил ямар газар байв?
 
-Эхэндээ айлд хоол идээд нөхрийг нь пицца зарахаар явахад замын хань, зугаа болж яваад хийсэн юмгүй хэсэг байсан. Сүүлдээ уурлалаа, би чамд туслах болох гэж ирсэн бибш, Монголд эхнэр хүүхэд  хэцүүдлээ, би энд мөнгө олохгүй яах билээ гэлээ. Эхнэр нь ч ахыг ажилд оруулахгүй, яасан дүүрсэн юм бэ гэж нөхөртөө уурлалаа. Нэг өглөө нөгөөх маань нэг дэлгүүрийн хажууд буулгачихаад, “Наанаасаа ажил олоорой” яваад өглөө. Ажил хайсан солонгос, мексик олон хүн байна. Тэнд надтай нийлээд дөрвөн монгол ажил хайлаа. Машинтай хүмүүс ирж, ажилчид авч яваад л байна. Биднийг тоодоггүй. Гэтэл бид ажлын хувцасгүй, нэг л их ганган савхин хүрэмтэй залуус.
 
Сүүлд ажлын хувцастай нэг монгол залуу ирж биднийг шоолж баахан инээгээд дараа нь зааварчилгаа өгч ажлын хувцасны дэлгүүр зааж өгч замчиллаа. Нэг өдөр тэнд солонгосууд ирж барилгын ажилчин авлаа, би Солонгост ажиллаж байсан болохоор хэл мэднэ. Ингээд ажилд сонгогдлоо. Барилгын дотоод заслын ажил хийж, өдөрт 100 ам.доллар авдаг юм байна. Гэхдээ ажлын дөргүй учраас жаахан голсон ч хэлтэй байгааг олзуурхаж долоо хоног ажиллуулсан. Америкт очсон хэрнээ би солонгосуудтай харилцаж, тэдэнтэй гар нийлж явлаа. Тэр үед АНУ-д вакум цонхны эрин эхэлж, бүх айл цонхоо сольж байсан юм.
 
Би цагийн ажлаас байнгын ажилд шилжин вакум цонхны компанид ажилд орсон. Ажиллах явцад Америкт байгаа солонгос хүмүүсийн утсыг авч, танилцаж, дээвэр хийдэг польшуудтай нөхөрлөж явсан. Ажлын хувьд будаг, замаскаас эхлэн барилгын бүх ажлыг хийсэн. Сүүлд том машины жолооч болж, бас настай хүн асрах ажил руу шилжсэн. Ингэхдээ би нэг дороо байнга байсангүй. Тэр нь ч дэмий. Байнга цалингаа ахиулж ажиилах боломжоо сайжруулж явсан.
 
-Гэр бүлээ хэзээ аваачив?
 
-Тэнд нэг жил ажиллад эхнэрээ татсан. Нөгөө лам маань 5-6 хүн АНУ руу гаргасны дотор манай эхнэр багтсан. Эхнэрийгээ АНУ-д очиход би вакум цонхны үйлдвэрийн эзний эхнэрийн ресторанд туслах тогоочоор оруулахаар ярьчихсан байсан юм. Удалгүй тэр газар нь дампуурсан. Тэгээд еврей айлд гэрийн үйлчлэгч болсон. Тэднийх олон хүн авч яаж ажиллаж байгааг камераар хардаг байж. Манай эхнэр шалны модоор биш гараараа угааж байгаа нь таалагдаж ажилд авсан юм билээ. Тэр айлд эхнэр маань 13 цаг ажилладаг, ажил нь ч  хүнд байсан. Бас еврейчүүд шашины  ёс нь төвөгтэй. Удалгүй өөр айл руу шилжсэн нь залуухан гэр бүл байсан. Тэднийх зургаан цаг ажиллуулдаг, манай хүн ч ажлаа сайн хийдэг байсан. Яваандаа ажлын цаг, цалин нь нэмэгдэж тэр айлд долоон жил ажилласан.
 
Эхнэрийнхээ цалинг нэмүүлэх, ажлыг сайжруулах бүх зүйл надтай их холбоотой байсан. Хамгийн гол нь би жил бүр цалин нэмэх ойлголтыг тэдэнд өгч чадсан. Ер нь Америкт эхнэрүүд нь хийх юмгүй дэлгүүр хэсдэг, нөхрүүд нь ажил, амьдралын бүх ачааг үүрдэг. Тэгэхээр эхнэр нь ажилгүй байх тусам манай эхнэр ажилтай, орлоготой байгаа юм, тэгэхээр тэрэнд нь баярлахаас яахав. Харин сүүлд би настай өвөөг асрах ажилд орж, байр мөнгө, хоолны мөнгө төлөх асуудалгүй болж, эхнэр айлд гэрийн үйлчлэгч хийж тэндээ байрласнаар богино хугацаанд гайгүй мөнгө хийсэн. Эхнэр хоёр өдөр амрахдаа миний асарч байгаа өвөөгийнд ирдэг, өвөөгийн олон өрөөтэй хаус бараг л манай гэр шиг болсон. Эцэст нь би Америкт сайхан амвдрахын тулд хууль ёсоор амьдрах эрхтэй болъё гэж  өмгөөлөгч хөлсөлж мөнгө төлсөн. Одоогоос таван жилийн өмнө тийм эрхтэй болж эхнэр найм, би есөн жил хоёр охинтойгоо уулзаагүй байсны эцэст гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Одоо том охин коллежоо төгсч тзтгэлгээр суралцах эрхээ авсан бол бага охин есдүгээр ангиа төгсч байна. Эхнэр маань сайн оёдолчин, одоо АНУ-д хуримын хувцасны хоёр ч агентлагт гэрээгээр ажилладаг.
 
-Эх орондоо түр ч гэсэн ирснийх монголчууддаа, төр засагтаа хандаж юу хэлэх вэ?
 
-Юуны өмнө бид үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгож, эх орондоо хэрэгтэй хүн болгож өсгөмөөр байна. Түүний тулд наашаа,  цаашаа чөлөөтэй явж баймаар байдаг. Гэтэл манай улсад хууль алга. Ганц АНУ-д ч биш, олон улс оронд монголчууд янз бүрийн байдлаар ажиллаж, амьдарч байна. Тэднийг Монгол Улс ашиглаж чаддаггүй. Эцэг, эх нь хууль бусаар тэңд амьдардаг бол хүүхдүүд нь иргэншилтэй болчихдог. Тэгэхээр хоёр иргэншлийн асуудлыг шийдэж өгөөсэй. Тэр хүмүүс эх орондоо ирж ихийг бүтээнэ. АНУ- д өндөр боловсрол эзэмшсэн, төлөвшсөн, ядаж авлига гэгчийг үл зөвшөөрөх ийм л хүүхэд залуус шүү дээ.
 
Залуустаа хандаж хэлэхэд, манайхан хэтэрхий залхуу болсон байна. Зөвхөн мэдээллээр юу ч сурахгүй. Цахим ертөнцөөр аялж, утсаа оролдоод юу ч сурахгүй. Гэрээ цэвэрлэж, аяга тавгаа угаахаас эхлээд юу ч сурсан тэр бол эрдэм. Уншиж мэдсэнээ амьдрал дээр турш гэдгийг л хэлмээр байна.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-29 07:04:37
    гандан буурдаггүй 2-тоо эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе сайхан санагдлаа
    112.72.13.218
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-29 03:26:02
    Mundag daichin ulsuud bna aa.
    130.195.102.61
    Мэдэгдсэн Хариулах