Оюутнуудын сургаар түрээсийн байрны үнэ нэмэгджээ
Шинэ хичээлийн жил эхлэхэд 10 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Жил бүрийн намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд олон асуудлууд урган гарч нэг хэсэгтээ л шуугилддаг. Тэдний нэг бол оюутнуудын байрны асуудал юм.

Өнөөдрийн байдлаар Монголд 150 гаруй мянган оюутан 96 их дээд сургуульд суралцаж байна. Тэдний тал хувь нь орон нутгийн оюутнууд юм. Харин манай их дээд сургуулиуд хувийн ч бай хувьсгалын ч бай дотуур байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүй нь ийнхүү асуудал үүсгэдэг. 

Улаанбаатар хотын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн 45 дотуур байр бий. Тэгэхээр оюутны байр бүх оюутанд хүрэлцэх нь бүү хэл орон нутгаас ирж байгаа залуусыг ч бүрэн багтаахгүй. Тэдгээр байруудад 15 мянган оюутныг хүлээж авах хүчин чадалтай.

Иймд нэгэнт л сургууль соёлын мөр хөөхөөр их хөлийн газрыг бараадсан оюутнууд найз нөхдөөрөө нийлж айлын хажуу өрөө, нийтийн байр, орон сууцны 0 давхарын өрөө зэргийг түрээсэлж бүтэн жил амьдардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдгээр байрны үнэ хөлс нь ихээхэн нэмэгдсэн билээ.

Энэ жилийн хувьд ч мөн адил өнөөх үнэ нь нэмэгджээ. Учир нь ам.долларын ханшын өсөлттэй холбоотойгоор юм юмны үнэ өсөж байна. Иймд байрны түрээсийн үнэ ч дагаад ийнхүү өсчээ. 

Гэр хороололд байх нийтийн байрнууд 100-150 мянга байсан бол 200 мянга болж даруй 50 мянгаар нэмэгджээ. Харин хотын төвийн орон сууцнуудын хажуу өрөө 180-250 мянга байсан бол одоогоор зарим газруудад 300 мянган төгрөг болсон байна. Мөн түүнчлэн нэг өрөө байр түрээслүүлэхэд өмнөх жилүүдэд 400 мянган төгрөг байсан бол өдгөө 450-500 мянга болтлоо өсчээ.

Оюутнуудын энэхүү эрэлтийг далимдуулж зарим нэгэн овжин байрны багш нар эцэг эхээс нь ганц нэг хонь авч өөр сургуулийн хүүхдүүдийг оруулдаг бизнес ч явагддаг нь нууц биш.

Оюутнуудын хувьд сургуультайгаа ойрхон, хөлсний байруудыг бодвол төлбөр хямд учраас дотуур байранд орохыг чухалчилдаг. Тэгвэл оюутны дотуур байрны тухайд 450-850 мянган төгрөг байна. 

Б.Од
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.