Г.Батзаяа: “Цаг, Давтамжийн алба” байгуулагдаад 35 жилийн нүүрийг үзэж байна
Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын цаг, давтамжийн эталон дэлхийн жишигт хүрлээ, дэлхийн цагийг гаргадаг боллоо гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан. Тэгвэл энэ талаар Стандартчилал Хэмжил Зүйн Газрын Цаг, давтамжийн эталоны лабораторын мэргэжилтэн Г.Батзаяатай уулзаж тодрууллаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргъе!
-Баярлалаа. Нийт уншигчиддаа ч гэсэн энэ өдрийн мэндийг хүръе.

-Цаг, давтамжийн эталон гэж юу вэ? Энэ нь Монгол улсын нийгэм эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?
-Юуны өмнө цагийн талаар товч ойлголт өгөх нь зүйтэй байх. Цаг гэдэг бол улсын тусгаар тогтнолын нэгэн баталгаа бөгөөд улс орон болгон өөрсдийн гэсэн цаг тоололтой байх нь зайлшгүй чухал юм. Энэ ч утгаараа өнөөгийн улс орнууд цаг тооллынхоо мөрдөлтөд маш их анхаарал хандуулж, энэ чиглэлээр олон эрдэмтэд ажиллаж байдаг. Цаг хугацаа гэдэг нь давтагдах хөдөлгөөнөөс үүсдэг бөгөөд давтамжтай шууд хамааралтай хэмжигдэхүүн ба бид цагийг нар, сар болон дэлхийн хөдөлгөөнийг ажиглан тооцдог. Цаг, давтамжийн эталон гэдэг нь давтамжийн маш нарийн бүтэцтэй төхөөрөмж бөгөөд Монгол улсад Цезийн атомын цагийг ашиглаж байгаа. Энэ нь Цезийн атомын нэгдэл дээр тулгуурлан давтамжийн хэт нарийн үеийг бий болгох бөгөөд цагийн нэгж секундыг гаргахын тулдатомын хэт нарийн төвшний хооронд шилжилт болоход үүсэх цацрагийн долгионы 9’192’631’770 үетэй тэнцүү хугацааг авч тооцдог.

Хугацааны ийм нарийн хэмжилт нь техник технологийн өнөөгийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа Монгол улсын хувьд агаарын тээвэр, төмөр зам, арилжааны компаниуд, цахилгаан түгээлт, мэдээлэл технологийн өргөн хүрээг хамарч үйлчилэх, тэдэнд шаардлагатай нарийн хэмжлийн стандарт утгаар хангах ач холбогдолтой юм. Жишээ нь гэхэд байршил тогтоогч GPS төхөөрөмж нь цагийн наносекундын нарийвчлалтай хэмжилт хийх бөгөөд хүлээн авагчаас илгээсэн дохионы хиймэл дагуулд хүрэх хугацааг тооцон уртраг өргөрөгийн байршлыг метрын зөрүүтэйгээр мэдээллэдэг.

-Лабораторынхоо талаар танилцуулаач?
-Тэгэхээр манай лаборатори анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 270 дугаар тогтоолоор батлагдан ашиглалтад орсон улсын анхны эталон лаборатори бөгөөд Орос, Монголын хамтарсан мэргэжилтнүүд хамтран 1 ширхэг цезий атомын цаг, 5 ширхэг рүбид атомын цаг, 1 кристал давтамжийн үүсгүүр болон цаг, давтамжийн лабораторын шаардлага хангахуйц иж бүрэн систем тоног төхөөрөмжтэйгээр “Цаг, Давтамжийн алба” үүсгэн байгуулагдаж ажилласаар өдгөө 35 жилийн нүүрийг үзээд байгаа билээ. Манай эталон лаборатори нь улсын хэмжээнд цагийн нэгж секундыг болон үндэсний цагийн хуваарийг гаргах, хадгалах, хэрэглэгчдэд дамжуулах, цагийн дохиог хиймэл дагуулаас хүлээн авах 24 цагийн байнгын ажиллагаатай, мөн тухайн хэмжлийн төрлөөр хяналт шалгалт явуулах, Монгол улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж ажилладаг ба олон улсын зохицуулсан цагийг гаргахад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

-Монгол Улсын цагийн лабораторын өнөөгийн түвшин ямар байгаа вэ? Ер нь олон улстай харьцуулахад цаг, давтамжийн хөгжил хэр байгаа бол?
-Би түрүүн дурдсан манай лаборатори анх 1976 онд байгуулагдаад 30 гаруй жил техникийн бүрэн шинэчилэл хийгдээгүй ажиллаж байсанбөгөөдЗасгийн Газрын болоод Стандартчилал, хэмжил зүйн газрын идэвхи санаачлагын ачаар шинэ төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эталон тоног төхөөрөмжийн баазыг олон улсын түвшинд хүргэсэн. Өнөөдөр бид өөрийн эталон лабораторид “SI” хэмжлийн нэгжийн секундын тодорхололтыг үнэн зөв гаргах техникийн бүрэн боломжтой болсноор барахгүй олон улсын зохицуулсан цаг UTC-г гаргахад оролцогч байгуллага болтлоо хөгжсөн байна.

-Шинэ хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн талаар товч сонирхуулахгүй юу?
-Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Чех улсын Стандарт, хэмжил зүйн хүрээлэн болон Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран Монгол улсад “Цаг, давтамжийн эталоны нарийвчлалыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 2013 онд Монгол Улсад Цаг, давтамжийн эталоны нарийвчлалын түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд Цезий атомын эталон цаг, давхар сувагтай GPS хүлээн авагч тэргүүтэйнийт 149 мянган ам.долларын үнэ бүхий эталон тоног төхөөрөмжүүдийг нийлүүлээд зогсохгүй хэрэглэгчидэд зориулан хамтарсан сургалт, семинар зохион байгуулж ажилласан.

-Төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарсан бэ?
-Төсөл хэрэгжиж дууссанаар Цаг, давтамжийн эталоны нарийвчлалын түвшинг 10 дахин нэмэгдүүлж эталоны тогтолцоог боловсронгуй болгож, үндэсний цагийн хуваарь UTC(MASM) –ийг Олон улсын цагийн хуваариас  наносекундээс ихгүй зөрүүтэй гаргаж хадгалан, үндэсний цагийн хуваарь, цаг тоолол, цагийн нарийн дохио, давтамжийн эталон утгыг компьютерийн сүлжээ, радио, телевиз, харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн ба улсын хэмжээнд цагийн хэмжлийн нэгдмэл байдал хангагдан, хэмжлийн төрлөөр төрөөс явуулах техникийн  хяналт, зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдсэнээр зогсохгүй Дэлхийн цагийг гаргадаг Олон улсын зохицуулсан цаг (UTC) –ийг гаргахад Монгол Улсын цаг, давтамжийн эталон лаборатори өөрийн хувь нэмрээ оруулж эхэлсэн бөгөөд олон улсын 76 дахь эталон лаборатори(TAI) болж бүртгүүлсэн байгаа.

-UTC цагийн талаар тайлбарлахгүй юу?
-UTC гэдэг нь олон улсын зохицуулсан цаг гэсэн утгатай, энэ нь иргэний зориулалттай цаг бөгөөд 24 цагийн стандартыг баримталдаг улс орон болгонд мөрдлөг болгон ашигладаг. UTC-г дэлхийн уртрагийн 0 цэгээс +12 болон -12 хүртэл цагийн бүсүүдэд хуваан хэрэглэдэг ба Монгол улс UTC +7, +8, +9дүгээр бүсүүдийг хамран оршдог бөгөөд Улаанбаатар хот нь +8 дугаар бүсийн цагийг баримталдаг учир Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгууд нь Улаанбаатарын цагаас хасах нэг цаг(-1)-ийн зөрүүтэй, Дорнод, Сүхбаатар аймгууд нь Улаанбаатарын цагаас нэмэх нэг цаг(+1)-ийн зөрүүтэй байхаар тогтоосон байдаг.  
UTC цагийг зүгээр нэг байгууллагаас гаргадаггүй бөгөөд үүнийг Дэлхий дахинаа байрлах Цаг, давтамжийн лабораториудын атомын эталон цагуудын гаргаж байгаа цагийн хуваарыг үндэслэж Францын BIPM-гэж байгууллагад нэгтгэж гаргадаг. Мөн дэлхийн эргэлтийг ажигласны үндсэн дээрээс ойролцоогоор 2 жил тутамд UTC залруулан +1 үсрэлтийн секунд нэмдэг байна.

-Үсрэлтийн секунд гэж юу вэ?
-Энэ нь Дэлхийн тэнхлэгээ эргэлтийг болон эталон цагийн системийг ажиглагч байгуллага IERS-аас гаргадаг +1 секунд юм. Энэ байгууллага дэлхийн тэнхлэг эргэлтийг UTC-ийн цагийн хуваартай харьцуулан ажигладаг бөгөөд бүтэн жил хагасын хугацаанд 0,9 секундын зөрүүтэй болох болгонд +1 секундыг UTC-дээр автомаатаар нэмж залруулга хийдэг юм. Анх 1972 онд хийж байсан бөгөөд одоогын байдлаар +25 секундыг нэмсэн байдаг.

-Ярилцга өгсөнд танд баярлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.