Ц.Цогзолмаа сайд АШУҮИС-ийн шинэ цогцолборын ажилтай танилцлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх  дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй энэхүү эмнэлэг, сургалтын цогцолбор 2020 он гэхэд бүрэн ашиглалтад орох юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нар өнөөдөр уг эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцаж, Японы талын гүйцэтгэгч компани “Конта констракшн”-ын удирдлагатай уулзаж, санал бодлыг нь сонсов. Эмнэлэг, сургууль, номын сан, оюутны дотуур байр бүхий иж бүрэн цогцолбороос эхний ээлжинд эмнэлэг, сургуулийн барилгууд баригдаж байгаа аж.

Энд баригдах эмнэлгийн амбулаториор өдөрт 600, жилд 180 гаруй мянган хүн үйлчлүүлж, 4300 орчим хүн  хэвтэн эмчлүүлэх бөгөөд ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэх хүчин чадалтай юм байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай улсын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус болж байгаагаараа онцлог юм.

 


 

Ц.Цогзолмаа: Цогцолборын дөрвөн барилгын гүйцэтгэгч шалгарсан. Тэд удахгүй ажилдаа орно.


Эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцсаных нь дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
 


-Эмнэлэг, сургалтын цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа. Барилгын ажлын явц ямар байна вэ?        

-Энэүү эмнэлэг, сургалтын цогцолборыг барьж байгуулах төсөл эхлээд гурван жил болж байна. 104 хүний ортой амбулаторитой, бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж өвчнийг нь эмчлэн анагаах хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, вакуумжуулсан иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, мөн хамгийн их эрэлттэй байдаг IMRI аппараттай япон стандарттай эмнэлгийг бид ашиглалтад оруулан хүлээж авахад бага хугацаа үлдээд байна. Барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах нэг хэрэг. Хамгийн гол нь өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал. Энэ талаар “Жайка” байгууллага дэмжлэг үзүүлж энэ эмнэлэгт суурилуулах орчин үеийн өндөр шийдэлтэй техник тоног төхөөрөмдээр ажиллах эмч нарыг бэлтгэх талаар судалгаа хийж байна. Ямар мэргэжлийн эмч нарыг ямар хугацаагаар сургаж дадлагажуулах вэ гэх мэт асуудлыг одоо ярьж байна. Ингээд  2019 он гарангуут эмч нарыг сургах ажлыг эхэлнэ.

-Эмнэлэг, сургалтын цогцолборын барилгуудын заримыг нь Монголын тал барих юм билээ. Эдгээр барилгын ажлууд хэзээ эхлэх вэ?

-Эмнэлэг, номын сан, сургууль, оюутны байр гээд кампус маягаар цогцоороо төлөвлөгдсөн. Монгол Улсын Засгийн газрын хүлээж байгаа үүргийн дагуу дөрвөн барилгын тендер зарлагдаад  14 хоногийн өмнө гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан. Тэд одоо ажилдаа орно. Тэгэхээр өнөөөр бидний танилцаж байгаа энэ барилгын ажлуудтай хамт дээрх дөрвөн барилгын ажлын бүтээн байгуулалт хийгдээд явна. Анх удаа иж бүрэн төлөвлөгдсөн кампус баригдсанаар оюутнуудын сурах орчин  сайжирна. Тэр тусмаа эмч хүн гэдэг хүний амь насыг хариуцдаг хариуцлагаатай мэргэжил. Энэ цогцолбор ашиглалтад орсноор өндөр мэдлэгтэй, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж гарах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн түвшнээс шат ахисан үр дүнг энэ цогцолбороосоо хүлээж байгаа. Тиймээс үйл ажиллагааны түвшинд, барилга байгууламж, техник технологийн түвшинд цогцоор нь шийдэж байж нааштай үр дүн гарна.

Эмнэлэг, сургалтын цогцолбор ашиглалтад орсноор иргэдийн хувьд гадаадын улс орнуудад өндөр төлбөртэйгөөр эмчилгээ хийлгэдэг байдал багасч тэр их мөнгөний урсгал Монголдоо үлдэнэ. Тиймээс энэхүү эмнэлгийн цогцолборыг хурдан ашиглалтад ороосой гэсэн хүлээлт олон нийтэд байгаа.

-Цогцолборын барилгын хөрөнгө оруулалт “Жайка” байгууллагын зүгээс гацаж, бүтээн байгуулалтын ажил удааширч байна гэсэн мэдээлэл цацагдсан. Тийм асуудал үүссэн юм уу?

-Ямар нэг байдлаар гацаж удааширсан зүйл байхгүй. Ялангуяа Японы Засгийн газрын зүгээс санхүүжилт буцсан, хүлээгдсэн асуудал гараагүй. Монгол Улсын Засгийн газраас үлдсэн барилгуудын хөрөнгө оруулалтын асуудлыг энэ оноос эхлээд гурван жилийн хугацаанд шийдээд явна. 2018 онд л гэхэд 15 тэрбум төгрөг төлөвлөсөн. 
 



Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 12-р хорооны иргэн 2018-08-14 08:12:28
    хотын томоохон ногоон байгууламж байсан Батоникийн цэцэрлэгийг устган байж газрыг нь булаан авч хийж байгаа ажил даа..Батзандан гишүүн энэ ажлыг эхлүүлсэн.
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-13 13:19:23
    монголын талын дервен барилга баригдаж дуусахыг хулээснээс монгол улс хятадын харьяанд орох хугацаа арай наана байх болов уу даа
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах