Өнгөцхөн шийдвэр бүү гарга

-Сэтгэлзүйч зөвлөж байна-


Хүний хань ижил болж өрх гэр тусгаарлана гэдэг нь лангуунаас таалагдсан бараагаа яаран авахтай адил зүйл биш юм.

Эхнэр нөхөр болох нь “Үзэл бодол, зан ааш, итгэл бишрэлийн ялгаа биднийг салгах хүртэл” бус харин “Үхэл биднийг салгах хүртэл” гэсэн онцгой нэгэн гэрээний дагуу холбогдож байна гэсэн үг юм. Тиймээс бид гэр бүл болох шийдвэрийг олон талаас нь нухацтай бодож шийдвэр гаргах ёстой билээ.
 

Гэр бүл болоход хүргэдэг өнгөц хүчин зүйлс:
 

  1. .Хэт сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжээ даган шийдвэр гаргах
  2. Бэлгийн дур хүслийн улмаас харилцаанд орж холбогдох
  3. Нийгэм гэр бүлийн дарамт шахалтаас болж гэрлэх
  4. Санхүүгийн хүндрэлээс гарах
  5. Төрж өссөн гэр бүлийнхээ таагүй уур амьсгал, хүнд нөхцөл байдлаас зугтах
  6. Тухайн хүн сэтгэл зүйн хангагдаагүй хэрэгцээ хангахын үүднээс гэрлэх.


1. Мэдрэмж болгон үнэн байдаггүй.


“Хайранд нүд сохор” гэдэг үг байдаг. Хэрвээ хүн дан ганц мэдрэмжээрээ удирдуулан, мэдрэмжин дээрээ тулгуурлан шийдвэр гаргавал дараа нь бодит байдалтай тулгарах үедээ нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийж, тухайн хүнээ байгаагаар нь хүлээн авч чадахаа больдог. Улмаар нөгөө романтик цаг мөч нь хаашаа ч юм алга болсныг нь гайхаж “Чамайг ийм хүн гэж бодсонгүй” , “ Чи миний мэдэрч мөрөөдөж байснаас шал өөр хүн байж”, “ Би чамд хууртагдсан байна.” гэх мэт гомдол, гутралд хүлэгддэг.

Мэдрэмжиндээ автаж буруу шийдвэр гаргаснаасаа болж өөрийгөө хохирогч мэт харж, бусдыг буруутган үзэн ядаж уналтанд ордог.

Ийм байдалд орохгүйн тулд та гэрлэж, бэлгийн харилцаанд орохоосоо өмнө өөрөөсөө “ Би энэ хүний хажууд насан туршдаа, тэрээр ядуу тарчигч бай, өвчтөй, тахир дутуу болсон ч, царай зүсээ алдаж, биеийн хэлбэр галбир алдагдсан ч хамт байж хайрлаж чадахуу? “ гэж асууж үзээрэй.

Ингэх нь таны сэтгэлийн хөөрлийг дарж бодит байдалд жаахан ч гэсэн хандуулах болно.

Гэр бүлийн амьдралд хэдий чинээ хариуцлагатай хандаж бэлтгэнэ, төдий чинээ бага зовох болно.

Ямар хүчин зүйл, шалтгаанаас болоод хэн нэгэнтэй амьдралаа холбох гээд байна вэ? гэдгээ маш нухацтай бодож, сэтгэл хөөрлөөр бус оюун ухаан, бодол сэтгэлээ дайчлан тунгаагаарай.

Үерхэж байхдаа тухайн хүнээ бодитойгоор буюу байгаагаар нь харж дүгнэх, таньж мэдэх боломжуудыг эрж хайж болно.
Жишээ нь: хамтдаа ямар нэгэн спорт, соёл урлаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, дотоод сэтгэл, зан чанаруудыг нь илчилсэн асуулт тавьж ярилцах болон мөн та 2-т зөвлөж чадахуйц туршлагатай хүн дээр очиж зөвлөгөө авах, сургалтантанд суух гэх мэт.

2. Бэлгийн түр зуурын хүслээс болж харилцаанд орсноор гэр бүл болох

Бэлгийн харилцаа нь зөвхөн гэр бүл буюу эхнэр нөхөр гэсэн ариун тойрогт л байхдаа эв нэгдэл, амьдын жаргал, жинхэнэ таашаалыг авчрах бөгөөд үгүй болбоос сүйтгэгч гал лугаа адил амьдралын чинь бүхийл өдрүүдийг галдан шатааж, гашуудал, харамсал, ичгүүр авчирдаг гэдгийг мартаж болохгүй. Хүн төрөлхтөн ухамсар болон биеээ хянан захирах чадвартай байдгаараа амьтдаас ялгардаг.

3. Нийгэм, гэр бүлийн дарамт шахалт

Өнөөгийн нийгэм заримдаа бидэнд гэрлэлтийн талаар буруу итгэл үнэмшил суулгадаг. Жишээ нь: Эртхэн хүнтэй суухгүй бол “Борлогдохгүй бараа”, “Нас нь өнгөрчихлөө, тиймээс хүүхэд төрүүлэх ямар ч чадварүй болно”, “Залуудаа л хүнтэй суухгүй бол зожиг, хэт хашир болно”, “Хүн физиологийн хэрэгцээгээ заавал хангаж байх ёстой”, “Одоо хүртэл эр эмийн харилцаанд орж үзээүй нь туршлагагүй, гутамшиг”, “Заавал хүнтэй суух албагүй зүгээр л хамтран амьдрах нь илүү ашигтай”, “Нөхөргүй ч хожим гараас хөтлөх, хөлөө хучуулах хүүхэдтэй болсон нь дээр”, “надад хайргүй ч би хайртай хүнийхээ хүүхдийг тээнэ”, “Онгон байх нь том хүн болоогүйн шинж”, “Зандан эр хүн эр хүн биш” гэх мэт буруу итгэл үнэмшил дарамтаас болж ухамсарлан шийдвэр гаргалгүй гэр бүл болдог. Арабын ертөнцөд эмэгтэй хүн оршин байгаагийн утга учир бол зөвхөн хүний эхнэр болж хүүхэд төрүүлэх гэсэн өрөөсгөл ойлголт байдаг.

Тиймээс тэднийг сурч боловсорч, бэлгийн бойжилтын нас нь гүйцээгүй шахам байхад хүчээр хүнтэй суулган богтолдог.
Дээр үед нийгэмд эмэгтэй хүний өөрийн шийдвэр, хайр дурлалыг огт харгалзахгүйгээр ээж, аав нь өмнөөс нь шийдэж хүнтэй суулгах, богтлох, төрөөгүй байхад нь сүй тавих зэрэг дарамт шахалтууд байсан.

Зарим эцэг эхчүүд хөрөнгө чинээтэй, боловсролтой айлын хүүхэдтэй өөрийн хүүхдээ хүчээр суулгах хандлагатай байдаг. Зарим нь эцэг эхийнхээ захиасыг хөсөрдүүлэхгүй гэж бодохдоо тэдний сэтгэлд таалагдсан, зааж өгсөн хүнтэй нь суудаг.

4. Санхүүгийн хүндрэлээс гарах арга зам бол гэрлэлт биш!

Өнөөгийн нийгэмд байр, сургалтын төлбөр, амьдралын өртөг тэнгэрт хадсанаас болж ажлийн хөлс хаанаа ч хүрэхгүй хоёр идэж, хоосон хонохгүй, бараг л нийтээрээ санхүүгийн гачаалд нэрвэгдэж байна.

Зарим хүмүүс энэ байдлаас гарахын тулд гэрлэлтийг ашиглах болсон. Хэн нэгэн санхүүгийн чадвартай, ирээдүйтэй хүнтэй суувал бүх асуудал шийдэгдэнэ гэж өнгөцхөн дүгнээд хайргүй ч байсан харийн мөнгөтөй хүнтэй суугаад ард үлдсэн гэр бүлээ өөд нь татна гээд явж байна.

5. Төрж өссөн гэр бүлийнхээ таагүй уур амсгал, хүнд нөхцөл байдлаас зугтах!

Зарим залуус өсөж төрсөн гэр бүлдээ хэнээр ч халамжлуулан хайрлуулдаггүйгээс болж, эсвэл гэр бүл нь байнгын хэрүүл зодоон, архидалт, таагүй, хүйтэн хөндий уур амьсгалтай, дарамттай байдгаас гэр бүлээсээ зугтан холдохын тулд гэрлэдэг.

Гэрлээд үүнээс илүү дээр, аз жаргалтай өөрийн гэсэн гэр бүлтэй болоод асуудал шийдэгдэнэ гэж андуурдаг.

Ийм бодолтой байж байгаад хэрвээ гэрлэлт нь тухайн хүний хийсвэр төсөөлөл, мөрөөдөл мэт зорилгыг нь биелүүлэхгүй бол хүн сэтгэлээр унаж амьдралд хууртагдсан мэт санагдаж гэрлэлтээ нураахад хүргэдэг.

Яагаад гэвэл:
 

  • Бид яг тухайн бодит хүнтэй биш, харин өөрийн бодолд бий болгосон тэр хүнтэй, эсвэл миний бодлоор тэр хүн ямар байх ёстой гэсэн төсөөлөлтэйгөө /ээж шиг маань хоол сайн хийдэг, өглөө эрт босдог, халамжтай эсвэл манай аав шиг ажилтай, хариуцлагатай, уужуу гэх мэт/ гэрэлсэн байдаг.
  • Мөн хүүхэд ахуй насандаа эцэг эхээрээ хариу нэхдэггүй хайраар хайрлуулж байгаагүй, шүүмжлэл, гологдол, хүйтэн хөндий байдлыг амссан хүн өөрийгөө хүлээж авдаггүй байх нь их байдаг.


Ингэж өөрийгөө хүлээн зөвшөөрч чадаагүй хүн мөн ханийгаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэгэнт хүүхэд ахуй насандаа хайр, анхаарал, халамжийн хэрэгцээ хангагдаагүй бол сэтгэлд хоосон орон зай үүсдэг.

Энэ хоосон орон зайг ямар нэгэн зүйлээр бөглөхийг оролддог.

Гэр бүлийн хувьд эхнэр эсвэл нөхрөөрөө тэр хоосон орон зайгаа бөглөх гээд байдаг.

Гэвч тийм хүний зүрх сэтгэлд ёроолгүй хоосон орон зай байдаг нь харамсалтай. Тэр саваа нөгөө хүний хайр халамж, анхаарлаар нөхөхийг хүсдэг боловч сэтгэлийн хань нь хичнээн их хичээлээ ч гэсэн бөглөж чаддаггүй.

Нэг талаас хань ижил чинь тэр бөглөөг бөглөх бөглөө биш нөгөө талаас түүнд ч гэсэн бас хайрлагдах хэрэгцээ байгааг мартаж болохгүй! Тэр орон зай нь таны сэтгэлийн гүн дэх гүн шарх юм. Тиймээс өнгөрснийг мартан урд чинь байгаа цоо шинэ амьдралаа барьж байгуулахын төлөө тэмцээрэй.

Тиймээс энэ талаар Христитгэлт сэтгэл зүйчид болон сүнслэг удирдагчиддаа хандан зөвлөгөө аваарай.

Тэгвэл бидний ургуулан бодсон төсөөллийн ард дахин давтагдашгүй өөрийн гэсэн хувь шинжит зан чанар, онцлогтой бодит хүн байгаа гэдгийг ухааран хүлээн зөвшөөрөх нь маш чухал байдаг.

6. Тухайн хүн сэтгэл зүйн хангагдаагүй хэрэгцээгээ хангахын үүднээс хүнтэй суух

Зарим хүн гэрлэлтийн амьдарлаар дамжуулан өөрийн хүүхэд ахуй насанд хангагдаагүй сэтгэл санааны хэрэгцээг хангах гэж эсвэл өөрийн доогуур үнэлэмжийг нөхөж “Би бол ОК” гэж өөртөө болон амьдралд батлах гэсэн зорилго өөрийн мэдэлгүй далд ухамсартаа тээж явдаг.

Жишээ нь амжилтанд донтсон сэтгэхүй.

Эдгээр шалтгааны улмаас хүнтэй сууж гэр бүл болох нөхцөлд бат бэх гэр бүлийг байгуулж, хоорондоо нэгдэн, дасан зохицох нь амаргүй байдаг тул хэн хэнээс нь бие биенээ хүлээн зөвшөөрхөд, тэвчин өнгөрүүлхэд, зориулалт гаргахад ихээхэн хүч, чармайлт шаардагдах болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.