Айл гэрийн ноён нуруу болсон аав нарт баярын мэнд хүргэе
Өнөөдөр наймдугаар сарын 08. Энэ өдөр гэгээн сайхан азжаргал, баяр баяслын өдөр.  Яагаад гэвэл аавуудын баярын өдөр тохиож байна. Эцэг хүний бүртгэл дээр байдаг өмч хөрөнгө бол үр хүүхэд гэж ярьдаг. Ээжээсээ төрсөн ч эцгээрээ овоглодог нь жам хойно. Тиймээс өнөөдөр эрх чөлөөгөө эдэлж, эцэг нэрээ тунхаглаж байгаа хүн бүрийн баярлах бахдах өдөр гэж ойлгож болно.
 
Энэхүү баярыг Монгол Улс 2005 оны наймдугаар сарын 8-аас эхэлж аавуудын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос анх санаачлан зохион байгуулж ирсэн түүхтэй.
 
Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь таван хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав байжээ.

Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ерөнхийдөө дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм байна.

Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн. Ингээд айл гэрийн ноён нуруу, эх орны минь түшиг тулгуур болсон бахархалт сайхан аавууддаа “Аавуудын баярын өдөр”-ийн мэндийг хүргэе. Эцэг уул нурдаггүй, эхийн сэтгэл ээддэггүй болохоор энхрий үрс нь элэг бүтэн жаргалтай явдаг бизээ.

Үүх түүхийн тухайд дурсвал
 

Сонора Смарт (нөхөрт гарсны дараа Додд овогтой болжээ) бүсгүй ээж нь нас барсны дараа өөрийг нь болон бас таван дүүг нь аав Уильям Жексон Смарт өсгөж, өндийлгөснийг Ээжийн өдөрт зориулсан сүмийн мөргөлийн үеэр эргэн санажээ.

Сонора өөрийнх нь хувьд аав нь ямар онцгой хүн байсан, түүнийг хэрхэн хайрлаж, үнэлдэгийг эцэгтээ мэдүүлэхийг хүссэн байна. Юу гэвэл түүний аав эцэг хүний бүхий л үүргээ биелүүлэхийн тулд өөрийгөө гаргуунд нь орхиж, охиндоо хамгийн эрэлхэг, хувиа хичээдэггүй, хамгийн хайртай хүн нь байжээ.

Сонора шинэ баяр бий болгох саналыг нутгийн эрх баригчдад тавьж, тэд саналыг нь дэмжиж, Уильям Смартын төрсөн өдөр буюу зургаадугаар сарын 5-нд энэ баярыг тэмдэглэх байсан ч, баярт бэлтгэх хугацаа бага байсан учир зургаадугаар сарын 19-нд тэмдэглэхээр болжээ.

Удалгүй энэ өдөр муж улсын бусад хотод ч дэлгэрсэн байна. Тийнхүү аавуудын өдөр эцэгтээ охиных нь барьсан хайр сэтгэл, талархлын илэрхийлэл болжээ.

Сарнай нь Аавуудын өдрийн цэцэг бөгөөд аав нь амьд сэрүүн байгаа бол улаан, насан өөд болсон бол цагаан цэцэг барьдаг байна. Зургаадугаар сарын гурав дахь ням гарагт аавын өдрийг Их Британи, Голланд, Франц, Хятад, Япон болон бусад орон тэмдэглэх болжээ.

Харин олон орон эцгийгээ хүндэтгэх өөрийн үндэсний өдрийг бий болгосон нь сонин бөгөөд тодруулвал Германчууд Христийн тэнгэрт хальсан өдөр, Австраличууд есдүгээр сарын эхний ням гараг, Италичууд гуравдугаар сарын 19-нд аавын өдрийг тэмдэглэдэг байна.

Харин манай Монголд 2003 онд Монголын эрэгтэйчүүдийн холбоог байгуулжээ. Тус байгууллага нь эрэгтэйчүүдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

Эрчүүдийн эрүүл мэнд, ёс суртахуун гээд тэдний өмнө тулгараад байгаа бүхий л асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн байна. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хир хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болох юм.

Тиймээс аав, хүүхдийн хамгийн ойрхон байх жилд ганцхан тохиох өдрөөр аавдаа зориулж хэлж амжаагүй чин сэтгэлийнхээ үгээ хэлэхээ мартуузай. Айл гэрийн ноён нуруу болсон аав нартаа амьдралын сайн сайхныг хүсье ээ. Баяраа сайхан тэмдэглээрэй.

Өөдөө тэмүүлэн өндийж,босч зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь ээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-08-08 10:14:44
    Иргэний төлөөлөл гэгч Чи аавгүй хүн үү, эсхүл ааваа тоодоггүй хүн үү... Эцгийгээ ганц өдөр ч болтугай баяруулаад үзээрэй...тэгээд сайн бод, өөр дээрээ жишээ ав ...
  • Irgediin tuluulul 2018-08-08 02:35:36
    manaikh l dutaj de umnuh bayraa yaya gj baij