Ногоо хэрхэн даршлах вэ

Нарлаг зуны улирал дуусаж, налгар намар айлчлан ирж байна. Гэхдээ энэ жилийн хувьд тийм ч налгар намар болохгүй бололтой. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ирхэх ес, аравдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орно хэмээн малчид, тариаланчдад сэрэмжлүүлээд байгаа билээ. Гэсэн хэдий ч өвлөөс урьтаж амтат ногоогоо нөөцлөх гэж байна уу? Тэгвэл танд дараах бяцхан зөвлөгөө, тусламжийг хүргэе.
 



Цагаан лууван, шар манжин, хулуу, огурцы, жижиг халуун чинжүү, байцаа, лууван, помидор гэх мэтчилэн олон төрлийн ногоог дарж, хүнсэндээ хэрэглэх боломжтой. Бүгдийг нь нэг л төрлийн уусмал бэлтгэж дарна.
 

Дарах ногоогоо бэлтгэх:
 
  • Лууван (хальслаад сайтар угаагаад хүссэн хэлбэр хэмжээгээр хэрчих, жижиг үрийн лууванг шууд угаагаад хальслалгүй бүтнээр нь дарж болно)
  • Шар манжин (хальслаад сайтар угаагаадхүссэн хэлбэр хэмжээгээр хэрчих)
  • Байцаа (гаднах давхаргыг нь бүрэн хуулж аваад хүссэн хэлбэр хэмжээгээр хэрчих)
  • Хулуу (хальслаад доторх үрийг нь гүйцэт ухаж аваад огурцырхүү хэмжээтэй болгож урт хэрчвэл зохимжтой байдаг)
  • Цагаан лууван (хальслаад хүссэн хэлбэр хэмжээгээр хэрчинэ) Нэг зүйл анхааруулхад цагаан лууванг дарснаас хойш 4 сарын дотор хэрэглэж дуусвал зүгээр байдаг. Учир нь 4-өөс дээш сар хадгалахад ногоон гоньд, бөөрөнхий хар перец, лаврын навчны өнгө шингээд өнгө үзэмжээ алдаж гашуувтар болдог юм билээ.
  • Жижиг чинжүү (гэмтээж цоололгүй сайтар угаана)
  • Огурцы (сайтар угаагаад хүйтэн усанд 3-6 цаг амраана) гэх мэтчилэн бэлтгээрэй.

Варены шилнүүдээ тагтай нь маш сайн угааж ариутгах ёстой. Угаасан шилээ олон дахин цэвэр усаар зайлах хэрэгтэй. Дараа нь шилээ доош нь харуулж жигнэж ариутгана. 10-15 минут байхад хангалттай. Таглаагаа ч мөн адил 5-8 минут жигнэж ариутгаарай.

Ариутгасан шилэндээ ногоон гоньд, бөөрөнхий хар перец, лаврын навч саримс хийгээд дээр нь ногоонуудаа чигжиж хийнэ. Урт ногоог босоогоор нь хийвэл зохимжтой. Шилэндээ ногоогоо хийж бэлтгэсний дараа уусмалаа бэлдэнэ. Энэ хооронд жигнэх савандаа усаа хийгээд буцалгаж байгаарай.

Уусмал бэлтгэх орц:

-Давс 200 гр
-Сахар 150 гр
-70%-ийн уксус 70-80 мл
-Буцалсан халуун ус 5 литр.

Тайлбар:

Дээр заасан бүгдийг яг таг жинлэж граммлаж бэлдэх хэрэгтэй. Барагцаагаар огт хийхгүй гэсэн үг. Их ногоо дарах бол давс сахараа жижиг уутанд олныг граммлаад бэлдчих хэрэгтэй. Шилэндээ дарах гэж буй ногоогоо хийж бэлдсэний дараа усаа буцалгаад яг 5 литрийг нарийн хэмжиж нэг томхон саванд хийгээд дээр нь уксус, давс, сахараа хийж уустал нь хутгаад уг уусмалаараа бүх шилнүүдээ дүүргээд шууд жигнээрэй. 2-3 ширмэн дээр зэрэг жигнэвэл их зүгээр байдаг шүү. Нэгхэн ширмэн дээр бол хүлээгдээд уусмал маань хэт хөрөх талтай. Шилний том жижгээс шалтгаалаад жигнэх хугацаа өөр өөр байна.
 
  • 2,5-3 литрийн шилтэйг 20-25 минут
  • 1,25-2 литрийн шилтэйг 12-15 минут
  • 0,5-1 литрийн шилтэйг 8-10 минут гэх мэтчилэн.

Уусмалаа халуунаар нь хийгээд жигнэх тул үүнээс илүү хугацаагаар жигнэх шаардлаггүй. Жигнэж гаргаж ирмэгцээ шууд таглаад доош нь харуулж тавиад аль болох хурдан хөргөх тусмаа дарсан ногоо маань зөөлрөхгүй гоё дарагдах болно. Таглаа нь зөв эсэхийг доош харуулхад асгарахгүй байгаа эсэхийг шалгаарай. Жигнэж таглаад доош харуулснаа хооронд нь наалгүй бололцооныхоо хэрээр хол тавьж хөргөхийг хичээгээрэй. Бүлээн болсон хойно нь ойрхон нийлүүлээд тавьчихаж болно. Гүйцэт хөрөөд хүйтэн болсон үед нь дээш нь харуулаад харанхуй сэрүүн газар хадгалаарай. Удаан хадгалах тусмаа л амт нь час хийгээд улам л сайхан болдог.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine