Жимсний чанамал хийх жор

Түүсэн, худалдан авсан жимсээрээ чанамал хийхээр зэхэж буй гэрийн эзэгтэй нартаа зориулан хэрхэн жимснийчанамал хийх аргаас сонирхуулъя. Чанамал бол жимс, жимсгэнийг чихэрлэг шүүсэнд ханатал чанаж бэлт­гэдэг өндөр чанартай бү­тээг­дэ­х­үүн. Чанамал бэлтгэх ажил­лагаа нь жимсээ  бэлдэх, шүүслэгээ чанах, үр жимсээ шүүс­лэгэнд хийх, чанах, хэм­жиж савлах гэсэн ажиллагаа­наас бүрддэг. Юуны өмнө жимс, жимсгэний иддэггүй хэсгүүдийг авч, сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Ямар жимсээр чанамал хийж бай­гаагаас хамааран чихэрлэг шүүсийг янз бүрийн концентрацтай бэлтгэдэг.

Чанамал бэлтгэх явцад жимс, жимсгэний бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд олон удаа чанах эсвэл халуун чихэрлэг шүүслэгт хийж байл­гаад тусгаарлаж дахин шүүс­лэгийг чанаж хийх да­раал­сан ажиллагааг явуулна. Ингэс­нээр бүрэн бүтэн байд­лаа хад­галж, хорчийхгүй­гээс гадна чихрийн нэвчилт жигд явагдана.

Чаналт дууссаныг дараах шинж тэмдгүүдээр мэдэж болно. Хөөс нь чанаж байгаа савны төв рүү бөөгнөрөх, жимс, жимсгэнүүд тунгалаг, хагас тунгалаг болох, гадар­гууд хөвөхөө больж шүүслэ­гэнд жигд хуваарилагдах, чанамалын температур ча­нал­тын төгсгөлд 104 хэмд хүрэх, өөрөөр хэлбэл  чихэр­лэг шүүслэгийн өтгөрөлт 65-67 хувь болсонтой тэнцвэл чаналт дууссан гэсэн үг. Өөр нэг арга бий. Чанамалаасаа амны халбагаар хутгаж аваад хөргөсний дараа хумсны толионд дусаахад амархан гоожиж урсах ёстой.  Болсон чанамалыг халуунаар нь ха­лаа­сан хуурай шилэн саванд хэмжиж хийгээд таглагчаар таглаж агаарт хөргөнө. Мөн болсон чанамалыг халуунаар нь халаасан хуурай шилэн саванд хийж, бэлтгэсэн хуу­рай тагаар сулхан таглаад 70 хэмийн халуун устай хоолны саван дотор тавьж, 90 хэмийн температурт ариутгана. Ин­гэх­дээ 0,5 литрийн баг­таамж­тай шилэн саванд хийсэн бол 10 минут, нэг литрийнх бол 14 минут ариутгах ёстой. Ариут­гах устай савны усны хэмжээ нь жимстэй шилний амсраас гурван см доош байх хэрэгтэй бөгөөд тагийг нь тавина.

Гүзээлзгэний чанамал

Шинэхэн түүсэн гүзээлзгэ­нийг хэмжээгээр нь ялгаж гэмт­сэн, гүйцэд боловсроогүй эс­вэл хэт боловсорсон жим­сийг түүж хаяна. Ялгасан жим­сээ шүүрэнд хийж, хувинтай усанд гурван удаа булхуулан угааж гоожуулна. Цомир­логийн навчнаас салгаад саванд хийгээд дээрээс нь халуун чихрийн шүүс /Нэг кг элсэн чихэр 300 мл усаар бэлт­гэсэн/ нэмж дөрвөн цагийн турш дарсны дараа зөө­лөн галаар гурван удаа ча­нана. Эхний чаналт 30 минут, хоёр цагийн дараа дахин 30 минут чанаж хоёр цаг байл­гаад гурав дахь чаналтаар бэлэн болгоно.

Аньсны чанамал

Аньсыг угааж цэвэрлэж бэлтгээд нэг литр усанд 2,3 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүсийг 1,8 кг аньстай саванд хийж хоёр  удаа чанана. Эхний удаа 20 минут зөөлөн буцалгаж хөр­гөөд 10 цаг байлгана. Хоёр дахь чаналтаар гүйцэд бол­гоно. Ариутгаж хатаасан ши­лэн савыг халаагаад чанама­лыг шууд савлаж битүү таг­лана. Тасалгааны темпера­турт савны тагийг доош харуулан тавьж хөргөнө.

Үхрийн нүдний чанамал

Цоморлогийн навч, шилбэ­нээс салгаж угаагаад 2-3 ми­нут буцалсан усанд дүрж усыг гоожуулна. Чанах саванд хийсэн нэг кг жимсэн дээр 325 мл усанд 1,2 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 3-4 цаг байл­гасны дараа зөөлөн га­лаар бэлэн болтол чанана. Ха­луун чанамалыг халаасан, хуурай шилэн саванд хийж таглаад хөргөнө.

Чацарганы чанамал

Чацарганаар чанамал хийхдээ бусад жимсний адил хийх боловч хүчиллэгийг нь саармагжуулахын тулд нэг кг нухаш тутамд 10-17 гр бикар­бонат натри хольж өгдөг.

Тошлойн чанамал

Шинэхэн түүсэн дутуу болцтой тошлойг шилбэ, сахал, үрнээс нь цэвэрлэж хүйтэн усанд 20-30 минут байлгаад түүнийгээ шүүж найруулах сав руугаа хийнэ. Дээр нь элсэн чихрийн уусгаж бэлтгэсэн халуун шүүс нэмж 2-3 цаг болсны дараа зөөлөн гал дээр бэлэн болтол нь бу­цалгана. Бэлэн болсон чана­мал дээрээ бага зэрэг вани­лин нэмж хутгаад түү­ний­гээ ог­цом хөргөнө. Үүний тулд хадгалах шилэн савуудаа савлаж сэрүүн газарт тавина. Тошлойн чанамал хийхэд тошлой нэг кг, элсэн чихэр 1,5 кг, ус 200 мл орно. Мөн дээрх хэмжээгээр элсэн чихэр, усыг хольж элсэн чихрийн халуун шүүс бэлтгэнэ.

Нэрсний чанамал

Хагараагүй жимсийг буцалсан хүйтэн усаар зайлж цэвэрлэсний дараа чанах саванд хийсэн нэг кг жимсэн дээрээ 200 мл усанд 1,5 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгасны дараа зөөлөн гал дээр чанаж бэлэн болгоод бусад чанамалын нэгэн адил аргаар савлаж хадгална. Нэрс их хэмжээтэй ургадаг газарт нэрсний чанамалыг сэрүүн байранд паалантай том саванд хийж тагийг нь сайтар таглан хадгалж болно.

Алимны чанамал

Хальс, үрнээс нь цэвэрлэ­сэн алимыг 15-20 мм зузаан­тай хэсэг болгон хэрчээд буцалмал усанд 3-5 минут угааж цэвэрлээд дараа нь хүйтэн ус хийж хөргөнө. Хөрсний дараа уснаас гарган тавьж дээр нь элсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгана. Ингэж байлгахад элсэн чихэр алиманд шин­гэнэ. Дараа нь зөөлөн гал дээр бэлэн болтол нь чанана. Чанах явцад чанамалын дээд хэсэгт алимны өнгөтэй тунга­лаг хөөсөн бөмбөлөгүүд үүсч эхлэнгүүт чаналтыг зогсоож хадгалах савуудад савлан хөргөж хадгална. Алимны төрөл, сортоос хамаарч чана­малд орох элсэн чихрийн хэмжээ өөрчлөгдөх боловч ерөнхийдөө нэг кг жимс, нэг кг элсэн чихэр, 100 мл ус орно.

Шар луувангийн чанамал

Шинэхэн хураасан шар луувангаа угааж цэвэрлээд, хэсэгчлэн хэрчиж халуун усанд хийж 5-8 минут чанана. Усыг гоожуулсны дараа элсэн чихрийн халуун шүүс нэмж 4-5 цаг байлгаад зөөлөн гал дээр тавьж болтол нь буцал­гаад амт оруулах зорилгоор ванилин эсвэл нимбэгний хүчил нэмж сайтар хутгаад савлаж хөргөнө. Энэхүү чанамалыг хаврын цагт чацарганы шүүстэй хутгаж хүүхэд, эхчүүд, өндөр настанд өгөхөд витамины дутагдлыг хялбархан нөхөж чадна. Шар луувангийн чанамал хийхэд нэг  кг шар лууван, 1,5 кг элсэн чихэр, нэг литр  ус орно.

Тарвасны чанамал

Шинэхэн хураасан дутуу болсон тарвасны гадна талын хатуу хальсыг хутгаар огтлон хуулж цэвэрлэсний дараа жижиглэн хэрчинэ. Гал дээр зөө­лөн болтол нь чанаж дээр нь элсэн чихрийн шүүс нэмж хий­гээд хутгана. Хутгах явц­даа гал дээр байлган бага зэрэг бу­цалгаад бэлэн болсны да­раа нимбэгний хүчил юм уу ванилин нэмж савлан хөр­гөнө. Тарвасны чанамал хий­хэд нэг кг цэвэрлэсэн тарвас, 1,5 кг элсэн чихэр, 400 мл ус орно.

Амтат гуаны чанамал

Бүрэн боловсорч гүйцээ­гүй амтат гуаг дундуур нь хэрчин хоёр хэсэгт хуваагаад үр, хальсыг нь цэвэрлээд жижиг дөрвөлжин хэсгүүд болгон хуваана. Дээр нь элсэн чихрийнхээ хагасыг цацаад хөргөгчинд 2-2,5 цаг байлгас­ны дараа үлдсэн элсэн чихэр, усыг хольж бэлтгэсэн чих­рийн­хээ шүүсийг нэмж 6-8 цаг байлгана. Дараа нь чихрийн­хээ шүүсийг ялган авч буцал­гаад амтат гуаны хэрчсэн хэсэг рүү хийж хутгаад зөөлөн гал дээр бэлэн болтол нь чанана. Гал дээрээс авахын өмнө нимбэг , эсхүл ванилины шүүс хийж амт оруулаад сав­лана. чанамал хийхэд цэвэр­лэ­сэн амтат гуа 1 кг, элсэн чихэр 1,5 кг, ус 400 мл орно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.