Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад 20 тэрбум шаардлагатай
УИХ-ын Төсвийн байн­гын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байн­гын хорооны гишүүд “Цэцэр­лэгийн хүртээмж, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, барилга байгууламж”-ийн талаар мэдээлэл сонсож хол­богдох албаныхантай тул­­гамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Хуралдаанд УИХ-ын ги­шүүн, Төсвийн байнгын хо­рооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын ги­шүүн Ц.Оюунбаатар, С.Ган­баатар, Г.Уянга, З.Баян­сэлэнгэ, Ж.Батзандан, Д.Сумъяабазар нар болон хол­­богдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож санал бодлоо со­лилцсон юм.

Уулзалтын эхэнд Нийс­лэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийс­лэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар танил­цуулав.

Нийслэлд 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 цэцэрлэг, тө­рийн бус өмчийн 250 цэцэр­лэгт нийт 75579 хүүхэд хамрагдаж, 2-5 насны хүүх­дийн 72.3 хувийг хам­руулсан нь өмнөх онтой харьцуулахад 4.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг тэрээр онцолсон.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31683 ор бүхий 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаасаа даруй 1,87 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа аж.

Энэ онд гурван цэцэр­лэгийн барилга ашиглалтанд орж, 27 цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэлжээ. Мөн тендер нь зарлагдсан 32 цэцэрлэгийн барилга бай­гаа бөгөөд энэ тоог нэ­мэгдүүлж 150 хүүхдийн хү­чин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлага тулгараад байгааг дуулгав.

Нийслэлийн боловс­ролын газрын дарга Ц.Отгон­ба­гана газар чөлөөлөлтийн ажил удаашралтайгаас шалт­­­гаалж цэцэрлэгийн ба­­рилга ба­рих ажил он дамнах, зо­хих ёсны хугацаандаа ашиг­лалтад орохгүй байгаа талаар онц­лоод, цэцэрлэгийн хүр­тээмжийг нэмэгдүүлэх та­ван санал гаргаж буйгаа танил­цуулсан юм.

Үүнд нэгдүгээрт, цэцэр­лэгийн хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэ­мэгдүүлж ингэхдээ 50 ху­вийг эцэг эхчүүд хариуцдаг байх шийдвэр гаргах хэ­рэг­тэй байгаа талаар дурьдаад, энэ талаар судалгаа явуулс­ныг эцэг эхчүүдийн 80 хувь дэмжсэн байна.

Хоёрдугаарт, өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан тө­рийн бус өмчийн нийт цэцэр­лэгийн 43 хувь нь хүчин чадлаа бүрэн ашиглаж ча­даагүй гэнэ. Энэ нь нийт 71 цэцэрлэгийн 2552 ор сул байна гэсэн үг аж.

Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд байгаа энэ сул орыг ашиг­лаж тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдийг төл­бөргүйгээр хамруулснаар ху­вийн цэцэрлэгүүд бү­рэн хүчин чадлаараа ажил­лахаас гадна цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 3150-аар нэмэгдэх гэнэ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.