В.Путин, П.Порошенко нар Украинд цус урсгахыг зогсоохоор зөвшилцлөө
Белорусийн Минск хотноо мягмар гарагийн орой болсон Орос-Украин-ОСБЕ-гийн /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/ уулзалтаар ОХУ, Украины Ерөнхийлөгч нар Украинд цус урсгахыг зогсоох яриа хэлэлцээ хийхээр зөвшилцсөн талаар “Telegraph” агентлаг мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нар хоёр цаг орчим ганцаарчлан уулзлаа. Энэ нь хоёр орны төрийн тэргүүний хувьд анх удаа нүүр тулсан уулзалт болсон төдийгүй Украины зүүн нутагт гал зогсоох төлөвлөгөөг ойрын үед боловсруулахаар зөвшилцсөн байна. ОХУ, Белорусь, Казахстан, Украины Ерөнхийлөгчөөс гадна Европын Холбооны төлөөлөгчид уулзал­тад оролцсон юм.

В.Путин, П.Порошенко нар ганцаарчлан уул­захын өмнө Европын Хол­бооны гадаад хэрэг, аюулгүй байд­лын дээд төлөөлөгч Кэтрин Эштонтэй ярилцжээ. Уулзалт болсон өдөр ОХУ-ын 10 цэрэг Украинд олзлогдсон мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татсан. В.Путин энэ талаар “Батлан хамгаалах яамнаас надад рапорт өгөөгүй байна. Гэхдээ миний сонссон эхний мэдээлэл бол цэргүүд хил хамгаалж яваад Украины нутаг дэвсгэрт орсон байж магадгүй” гэсэн аж.

Түүнээс гадна тэрбээр Украинд гал зогсоох нь ОХУ-ын шууд оролцох ажил биш учраас Киев голлох үүрэгтэйг хэлжээ. Гэвч Украины зүүн хэсэгт болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд оролцогчдыг Москва дэмжин зэвсэгжүүлж байгаа хэмээн Киев болон баруун үзэж байгаа юм. В.Путин уулзалтын дараа сэтгүүлчдэд “П.Порошенкотой уулзах үедээ Украинд гал зогсоох нөхцөлийг тодорхой ярилцаж амжаагүй. Киев, Донецк, Луганскийн хооронд гал зогсоох талаар яриа хэлэлцээ хийх үү гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Гэхдээ энх тайван байдлыг бий болгох процесс эхлэх юм бол Орос улс өөрийн зүгээс боломжит бүх зүйлийг хийнэ. Энэ ажлыг аль болох хурдан хугацаанд эхлэх хэрэгтэй” гэж хэлсэн талаар РИА Новости мэдээллээ. П.Порошенко “Уулзалтад оролцсон төрийн тэргүүнүүд Украинд энх тайван байдал тогтоохыг дэмжлээ. В.Путин энэ уулзалтыг эерэг үр дүнтэй болсон гэж дүгнэсэн” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ. К.Эштон энэхүү уулзалтыг үр дүнд хүрсэн гэж хэлсэн байна. Тэрбээр “Украинд гал зогсоох яриа хэлэлцээг эхлэх, хилийн хяналт тогтоох, олон улсын хэм хэмжээнд нийц­сэн хүмүүн­лэгийн тусламж хүргэхийг бид санал болгож байна” гэж тэмдэглэлээ. В.Путин, П.Порошенко нар уулзах нь Украины хямралыг зохицуулах аятайхан боломж гэдгийг ч К.Эштон өмнө нь онцолж байсан юм.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.