Голын захаар амарч зугаалж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж усанд осолдох тохиолдол гарсаар байна
Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар болон нийслэлд үүссэн гамшиг ямар хэмжээнд хүрсэн талаар мэдээлэл хийв.

10 гаруй хоног үргэлжилэн орсон бороо Нийслэлчүүдийг шалгаад авсан билээ. Үерт автсан боогдсон, урссан гэх дуудлага НОБГ-т их иржээ.

Ингээд өнгөрсөн зургаан сарын хугацаанд гамшиг осол хэр байсан талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Мягмардорж нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ.

Нийт дуудлагын 1,609 буюу 87.2%-ийг объектын гал түймэр, 235 буюу 12.7%-ийг эрэн хайх, аврах ажиллагаа, 1 буюу 0.5%-ийг ой, хээрийн түймрийн дуудлага тус тус эзэлж байна.
 
Мөн өнгөрсөн 6, 7 дугаар сард аюулт үзэгдэл, техникийн болон ахуйн ослын нийт 399 удаагийн дуудлага бүртгэгдсэнээс объектын гал түймрийн 315, эрэн хайх, аврах ажиллагааны 83, ой, хээрийн түймрийн 1 удаагийн дуудлага тус тус гарчээ.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймрийн дуудлага 19.8 хувиар буурч, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 62.7 хувиар өсч, нийт аюулт үзэгдэл, техникийн болон ахуйн холбогдолтой ослын тоо 10.7 хувиар буурсан байна.

Дээрх хугацаанд НОБГ бүртгэгдсэн эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаас үер усны холбогдолтой 37, зам тээврийн ослын 8, ахуйн ослын 16, барилгын холбогдолтой 4, бусад 18 удаагийн дуудлагаар тус тус ажиллажээ. Эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагад 17 хүн амь эрсдэж, 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ажилласан байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд гал түймэрт өртөн 5 хүн нас барж, гал түймрээс 107 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1.4 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалжээ.

24 цагаар хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна

Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн 8 дүүрэгт хяналтын цэгүүдийг ажиллуулж байна.

Тодруулбал, Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод энэ сарын 14-нээс ирэх наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилгоожуулан 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.

Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна. Энэхүү камерийг ажиллуулснаар орон нутгаас малын гоц халдварт өвчинтэй мах, мал оруулж ирэх боломжгүй болох юм байна.
 
Завьт эргүүл, морин эргүүлийнхэн олон хүний амь нас аварчээ

Жил бүр зуны гурван сард завьт эргүүл гаргаж гол усны эргүүл хийлгэдэг уламжлалтай билээ. Энэ жил зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Онцгой байдлын албаны алба хаагчид Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтарч завьт эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх санамж хуудас 5,842 тарааж, сэрэмжлүүлэг яриаг 11,730 иргэнд хийж, голын эрэг дагуу байрласан 3,575 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажиллажээ.

Завьт эргүүлийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэн хоёр хүүхдийн хамтаар гол гатлах гэж байсныг аюулгүй зөөвөрлөсөн, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн иргэнийг гол гатлах гэж байгаад хөл алдаж живж байхад нь аварч аюулгүй болгосон.

Тодруулбал, энэ сарын 14-нд Завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрхийн гүүрний дээд талд Туул голын салаа дотор 5 настай эрэгтэй хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байсныг олж аавтай нь утсаар холбогдож хүлээлгэн өгч Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэдтэй анхаарал тавих талаар мэдээлэл өгч, хүлээлгэн өгчээ.
 
Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 4 дүгээр гудамжны дэргэд бага насны хүүхэд устай нүх рүү ороод алга болсон гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ажиллан тус гудамжны дэргэд үерийн, ус зайлуулах хоолойд 6 настай хүүхэд ороод гацсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн (хагас осголтын байдалтай байсан болно) Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн. 
 
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангаас зүүн тийш Маршлын гүүр явах замд Туул голын эрэг дээр хүүхэд алга болсон дуудлагаар очиход 8 настай эрэгтэй усанд хөл алдаж урсаж байсан талаарх мэдээллийг хөндлөнгийн гэрчээс авч цагийн байдлыг үнэлэн усанд эрэн хайх аврах ажиллагааг яаралтай зохион байгуулан шумбалт хийн аварч, яаралтай тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
 
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын модон гүүрнээс дээш 500 метр зайд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон иргэн А /27 настай эмэгтэй/, Э /25 настай эрэгтэй/, Э/31 настай эрэгтэй/ нарын гурван иргэнийг гол руу унаж, голын салаа дотор байсныг аврах завь ашиглан татан гаргаж амь насыг нь аварчээ.
 
Ийнхүү иргэд голын эрэг дагуу амарч зугаалж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтлоо согтож, улмаар усанд сэрүүцэх гэж ороод хөл алдаж живэх, амиа алдах зэрэг эрсдлийг гаргаад байна. Тиймээс иргэн та өөрийнхөө амь насанд хариуцлагатай байхыг бага насны хүүхдээ хараа хяналтгүй хамгаалалтгүй орхихгүй байхыг анхааруулсаар байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-27 00:22:54
    зүгээр л орхи архиа гудраад жаргалтай үхэх нь үхэг.
  • Зочин 2018-07-26 09:23:49
    Баар савандаа архиа гудрахгүй үхлээ эрээд гол дээр очиж уух юм даа.
  • Согтуурал-Нийгэм 2018-07-26 08:36:51
    Яасан ч их архи уудаг юм бэ дээ, монголчууд минь!!! Нийгэм стресстэй байгаа учраас нэг хэсэг нь уудаг байх. Шалтгаантай тэмцэх хэрэгтэй!!