Залуу монгол судлаачдын зуны сургуульд 11 орны 30 судлаач суралцана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 4-нд болох гэж байна. Энэ оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Япон, ХБНГУ, Унгар, Лаос, БНАСУ, БНСУ, Турк зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. 

Энэ удаагийн сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх бол Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС, МУБИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төвийн нэрт монгол судлаач эрдэмтдийн лекцийг сонсоно.
Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулах, хэл соёлын амьд харилцаан дунд сургалт зохион байгуулахад оршиж буй. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж үзэж байна. Тодруулбал, монгол судлаачид Монгол Улс ба монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг дэлхий нийтэд түгээж, манай улсыг бусад улс оронтой холбох чухал гүүр болдог юм.
Нэмж мэдээлэхэд, монгол судлалын чиглэлээр суралцах хүсэлтэй гаднын оюутан залуусыг Монгол Улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг салбар яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 23-нд 10.00 цагт БСШУСЯ-ны 401 тоот танхимд болох тул хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
 

БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.